Эмгэнэл: ГАНЖУУРЖАВЫН ЛУВСАНДОРЖ

ГАНЖУУРЖАВЫН ЛУВСАНДОРЖ

1938-2019

Эмгэнэл: ГАНЖУУРЖАВЫН ЛУВСАНДОРЖ

 


Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат барилгачин, "ХХ зууны манлай архитектор” Ганжууржавын Лувсандорж 2019 оны долдугаар сарын 31-нд таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Г.Лувсандорж 1938 онд Улаанбаатар хотод Ганжууржавын гурав дахь хүү болон мэндэлсэн. 1956 онд Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1966 онд Чехославак улсад Техникийн их сургуулийг төгсч тухайн үеийн Улсын барилгын зураг төслийн институтийн Орон сууц, иргэний барилгын товчоонд архитектор, хэсэг, групп, бригадын дарга, институтийн ерөнхий архитектор, Барилга, архитектур, техник хяналтын улсын хорооны хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж Монгол Улсын барилгын салбарт тэр дундаа үндэсний уран барилгын хөгжүүлэх үйлст өөрийн бүхий л амьдралаа зориулсан нэгэн билээ.

Монголын архитекторуудын эвлэл, Монголын урчуудын эвлэлийн гишүүн Г.Лувсандорж цуцашгүй хөдөлмөрч чанар, давтагдашгүй өвөрмөц арга барил, ур ухаанаар уран барилгын олон арван гайхамшигт бүтээлийг өвлүүлэн үлдээсэн бөгөөд түүний зургаар барьсан барилгуудаас Хувьсгалын музей /Монголын түүхийн музей/, Лениний музей /Үлэг гүрвэлийн төв музей/, Нийгмийг аюулаас хамгаалах яамны музей, Энхтайван найрамдлын ордон, Анагаах ухааны хүрээлэн, Монголбанкны Эрдэнэсийн сан, Төрийн ордны өргөтгөл зэрэг цөөн хэдийг нэрлэхэд л монголчууд энэ эрхэм хүнийг "ХХ зууны манлай архитектор”-оор өргөмжилсний учрыг түвэггүй ойлгоно.

Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц бүтээлүүдийг туурвихаас гадна 1978-1983 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон, 1988-1990 онд Монголын архитекторуудын эвлэлийг удирдаж байсан нийгмийн зүтгэлтэн, шилдэг зохион байгуулагч төдийгүй залуу архитектор, уран бүтээлчдийн бүхэл бүтэн үеийг сурган хүмүүжүүлсэн гавьяатан байлаа.

Улс орны нүүр царай, хөгжлийн хурдыг илэрхийлэх барилгын уран хийгээд өвөрмөц төрхийг өөрийн мэдлэг оюун, авьяас билгээр цогцлоож амьдралынхаа турш шинийг эрэлхийлж, хийж бүтээхийн оргилсон хүслээр дүүрэн явсан нэрт архитектор Г.Лувсандоржийн Монголын орчин үеийн уран барилгын хөгжилд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндөр үнэлж 1980 онд Төрийн шагнал, 2015 онд Гавьяат барилгачин цол хүртээсэн бөгөөд 1975 онд "Тэргүүний барилгачин” цол, 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.

Талийгаач аав ээжийнхээ сайн үргэлжлэл, хүний сайхан хань, охидынхоо хайртай аав, ах дүүдээ нөмөр түшиг, найз нартаа баяр хөөр, мэдлэг, мэргэжлээрээ залууст үлгэр дууриал болсон ховорхон нэгэн байсан юм.

Түүний бүтээлч, хөдөлмөрч зан, хөгжилтэй шооч төрх, ухаан нэмж урам хөглөсөн сургааль үгс үеийн үед бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэж, бүтээж босгосон бүхнээр нь үүрд бахархан дурсах болно.

Гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөөс нь

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх