С.Чинзориг: “Хүүхэд хамгаалагч” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байна

С.Чинзориг:
 
 үүн Б.Баттөмөр Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн чухал арга хэмжээ нь олон нийтийг соён гэгээрүүлэх явдал бөгөөд энэ нь хүмүүсийн хандлага, зан авир, биеэ авч явах байдал, үнэлэмжид нөлөөлнө гээд боловсролын бүх шатны байгууллагууд, олон нийтийн клуб, соёлын арга хэмжээ, сүм хийд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргүүлж, ойлгуулж байж хүүхдийн эсрэг гэмт хэргийг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бүрдүүлж чадна гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, 2016 онд өмнөх оноос 11.4 хувиар өссөнөөс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд 78.2 хувь болж 6 хувиар өссөн, Онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр "Хүчиндэх” нийт 176 гэмт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 95.6 хувь нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн мэдээллийг сонсголын үеэр өгсөн. Тэрбээр ийм гэмт хэрэгт ялын бодлого өөр өөрөөр шийдэгдэж буйг дурдаад хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг тэмдэглэж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүчингийн гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх олон улсын практик, цаашид авах арга хэмжээний талаар саналаа илэрхийлсэн юм.

Ерөнхий хяналтын сонсголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, бууруулах арга зам, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр”, "Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх сургалт, судалгаа, мэдээллийн бие даасан  төв”-ийг байгуулан ажиллуулж байгаа аж.

Мөн хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий 32 албан хаагчийг бэлтгэж, 2 жилийн хугацаатай Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгон, ажиллуулж эхэлжээ.

Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч 16 даатгалын компаниудад санаачлага өрнүүлсний үр дүнд Санхүүгийн зохицуулах хороонд Хүүхдийн даатгал нэртэй даатгалын бүтээгдэхүүн Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн гэлээ.

Түүнчлэн Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад ахмад настны оролцоог хангаж,  194 хүүхэд хамгаалагчийг нийслэлийн 152 хороо, 21 аймагт ажиллуулж, "Хүүхэд хамгаалагч” төслийг Цагдаагийн ерөнхий газартай хамтран үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгааг сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдсан.

Анхан шатанд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах хүний нөөц дутмаг байна. Орон нутгийн төсвийн хүрээнд нийслэлийн хороод, зарим аймгийн сумдад хөгжлийн нийгмийн ажилтныг ажиллуулж байгаа ч энэ нь хүн амын хэт төвлөрсөн хот суурин газарт 1 хүн хүрэлцэхгүй байгааг сайд онцлоод судалгаагаар наад зах нь 135 нийгмийн ажилтныг нэмэх тооцоо байгааг дуулгасан.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, "Ерөнхий боловсролын сургуульд "Хүүхэд хамгааллын бодлого"-той болсон. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, түүнчлэн "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам", "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”-ын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуульд нийгэм, сэтгэлзүйн хувьд хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх асуудлыг дээрх батлагдсан дүрэм, журмуудад тодорхой тусгасан хэдий ч хүүхдийн тусламжийн 108 утсанд багшийн ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэй холбоотой дуудлага нилээд хувийг эзэлж байгаа нь хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 395,253 суралцагчаас тэднийг эрсдэлд учруулж болох хүчин зүйл, шалтгааныг тодруулах судалгааг зохион байгуулж, нийгмийн орчин, сургуулийн орчин, гэр бүлийн орчинд суралцагчдад олонх тохиолддог эрсдэлт хүчин зүйлийг тодорхойллоо.

Судалгаанаас харахад эцэг эх нь ажилгүй, орлого багатай байдаг, гэр бүлийн тогтворгүй байдал, гэр нь хөдөө, эцэг эх нь гадаадад хөдөлмөр эрхэлдэг байдал, ар гэрийн хяналт сул зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болж байгааг харж болохоор байна. Иймд хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, тэдэнд учирч болох хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны төлөвлөлт гарган ажиллахад багш, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаа чухал байна. Бид эцэг эх, асран хамгаалагчидтай ажиллах арга барилаа өөрчлөх, эцэг, эхийн хурлыг хийдэг уламжлал болсон зохион байгуулалтын ажлаа ч эргэн харах хэрэгтэй болжээ” хэмээсэн.

Тиймээс "Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл"-ийг 2019 онд баталж, үлгэрчилсэн чиглэлд ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг нийт захирлуудад үүрэг болгосон байна.

Түүнчлэн Ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл,  Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт А.Баярцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, "Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” Төрийн бус байгууллагын захирал Б.Жавзанхүү нар мэдээлэл хийсэн бөгөөд сонсголд оролцогчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол сонсголд оролцон үнэтэй санал гаргасан оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлээд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэгт холбогдох саналуудаа ирэх зургадугаар сарын 10-ны дотор албан ёсоор бичгээр ирүүлэхийг хүссэн.

Эцэст нь сонсгол даргалагч оролцогчоос ирүүлсэн саналыг уншиж танилцуулсны эцэст Ерөнхий хяналтын сонсгол өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх