Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн Монгол” Олон Улсын Байгууллага хамтран коронавирус "Ковид-19”-ийн цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Чатбокс үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Чатбокс үйлчилгээ нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус үйлчилгээнд нийт 258 хүүхэд холбогдож нийгэм сэтгэл зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ. Түүнчлэн нийт хандаж үйлчилгээ авсан хүүхдүүдийн 27-той нь эргэн холбогдсон бол 18 хүүхдэд хоёроос дээш сэтгэл зүйч хамтран зөвлөгөө өгсөн байна. Үйлчилгээнд хамрагдсан 258 хүүхдийн насны ангиллын хувьд найм нь 8-11, 10 нь 12-15, 41 нь 16-18 насныхан байжээ.
Мөн үйлчилгээ авсан хүүхдүүдээс "Шийдвэрлэхэд хүндрэлтэй ямар асуудал тулгамддаг вэ?” гэсэн асуулт асуухад
- Зөндөө асуудал байна
- Харилцаа
- Найз нөхөд, аав ээждээ хэлж чаддагүй асуудлаа ярилцмаар байна.
- Түргэн ааш занг засах
- Хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах
- Мэргэжил сонголт , өөртөө итгэлгүй байдал
- Ээжтэйгээ харилцах харилцаа
- Жин хасах
- Хайр дурлал
- Хүүхэд хүмүүжлийн асуудлаар
- Өөртэйгээ байнга зөрчилддөг
- Цахим дарамт гэжээ.
Дашрамд мэдээлэхэд, Чатбокс үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нийт 5 байгууллагын 20 сэтгэл зүйч материал ирүүлснээс "Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, "Хэрэглээний сэтгэл судлал”-ын хүрээлэн, "Хос багана” сэтгэл зүйн төвүүдийн 8 сэтгэл зүйчийг сонгон Чатбоксоор дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх ур чадвар олгох 3 өдрийн сургалтад хамруулж, сэтгэл зүйч тус бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.