Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэр хэвийн горимд шилжлээ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 13 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй өнөөдрийн нөхцөлд түүний 23 хувийг зөвхөн уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Тиймээс Га-шуунсухайтын боомтыг Хятадын талтай харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нээснээр нүүрс, зэсийн баяжмалын экспорт эхэлсэн байна. Манай улсын дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан урд хөрш нэг сарын турш хилээ хаагаад байсан юм. Хилийг нээсэн эхний өдөр нүүрс тээврийн 100, зэсийн хүдрийн тээвэрлэлт хийх 120 жолоочийг "COVID-19” вирус илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдсаны дараа нэвтрүүлсэн байлаа. Улмаар Цагаанхаданд бөөгнөрөөд байсан 1900 орчим тээврийн хэрэгслийн түрүүч нь хил гаалиар гарсан байна. Одоогоор оны эхнээс 12.7 сая тонн нүүрсийг урд хилээр гаргасан нь нийт экспортын 20 гаруй хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 сая тонноор илүү байна гэж УУХҮЯ-наас мэдээлжээ.

Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэр хэвийн горимд шилжлээ

 Гэхдээ нүүрсний экспорт багассанаар төсвийн орлого бүрдүүлэлт буурах нь тодорхой болсон учраас төсвийн тодотголд жилийн эцэст 28 сая тонн нүүрс экспортлохоор өөрчлөн төлөвлөсөн юм. "Үүнээс бид 67.9 тэрбум төгрөгийн орлого алдаж, эдийн засгийн өсөлт зорилтот түвшнээс буурч 332.1 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулснаар 94.0 тэрбум төгрөгийн орлого дутахаар байна. Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байгаатай холбогдон орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх ч үүний ихэнх нь Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд хуваарилагдсанаар төсвийн алдагдал найман хувьтай байх нь” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тайлбарласан байна. Энэ онд манай улс 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн ч одоогийн байдлаар 450 мянга орчим тонныг гаргажээ. Эдгээр зорилтыг хангахын тулд өдөрт дунджаар 1000 орчим машиныг хилээр гаргах, үүний тулд Хятадын талтай хэлэлцэж тохирсон "Ногоон гарц”-ын журам ёсоор монгол жолооч нарыг тусгаарлах байрыг бэлэн болгох, дундын бүсэд жолооч нарыг солих зэрэг олон хувилбарыг санал болгож байгаа ч өмнөд хөршийн талаас тодорхой хариу өгөөгүй байгаа аж.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр экспортын нүүрсний гол гарц Гашуунсухайт боомтын түшиц газар Цагаанхадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд долоо хоногийн хугацаатай шилжүүлжээ. Уг хөл хорио өнгөрсөн бямба гаргаас үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд иж бүрэн ариутгал хийхээс гадна энд байгаа бүх ажилчин, ажилтан, жолооч нарыг шинжилгээнд хамруулснаар "ногоон бүс” болгох зорилт тавьсан байна. Тус боомтод өмнө нь зургаадугаар сарын 23-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоож, Хятадын талаас долоодугаар сарын 6-ныг хүртэл нүүрсний татан авалтыг зогсоож байсан юм.

Урд хилийн бас нэг том гарц нь Замын -Үүд бөгөөд энд халдвар хамгаалал, ариутгалын ажил хангалтгүй байснаас ачаа барааны бөөгнөрөл үүссэн. Мөн гаалийн ажилтнуудын хүнд суртал, хашин хойрго байдал ч нэрмээс болсон байх. Тиймээс Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсноос гадна хууль, хяналтын байгууллагын төлөөллөөс бүрдүүлсэн ажлын хэсгийг тогтмол ажиллуулснаар одоо хэвийн горимдоо ороод байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Үүнд ачааны авто машины ариутгалын хаалгыг шинэчлэн сольж, хяналтын рентген аппаратыг засварлан ажилд оруулснаар гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт хурдан шуурхай болох юм байна. Замын-Үүдийн Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонсүх хэлэхдээ "Бид Замын-Үүд боомтын зөвлөлтэй хамтран хэд хэдэн шийдвэр гаргаж, арга хэмжээ авч байна. Тухайлбал, Замын-Үүд боомтыг "ногоон бүс” болгохын тулд сумын захиргаа, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр хэсэгчилсэн хатуу хориог 10 хоногоор тогтоож, "Нэг өрх-нэг шинжилгээ” аяны хүрээнд PCR-ийн шинжилгээг аваад дуусаж байна. Манай гаалийн 12 хяналтын бүс энд байдаг. Бүс бүрд өдөрт хоёр удаа ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж, бүх ажиллагчаа шинжилгээнд бүрэн хамруулсан” гэлээ.

Мөн экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлцэл хийсний үр дүнд амралтын өмнөх ажлын сүүлийн гурав хоногт 120-150 автомашиныг нэвтрүүлсэн байна. Жирийн үед энэ тоо 100 орчимд эргэлддэг аж. Сошиалаар шуугиан дэгдээсэн автомашины ариутгалын хаалгыг буулгаж, шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан угсарч суурилуулж дуусгах гэнэ. Энэ хугацааБнд зориулалтын хоёр автомашинаар ариутгалыг хийж байгаа юм. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Замын-Үүдэд ажиллаж эхэлснээс хойш Хятадын талынхантай ярилцсаны үр дүнд ачаа барааг төмөр замын өргөн царигаар татан авах ажлыг зохион байгуулж, амралтын өдрүүдэд 42 вагон барилгын материал болон бусад бараа бүтээгдэхүүнийг импортоор хүлээн авч, бүрдүүлэлт хийснээр гүний гааль руу илгээжээ. Харин долоодугаар сарын 11-16-ны өдрүүдэд авто тээврийн урсгал бүрэн зогссон байна. "Энэ хугацаанд Замын-Үүд боомтын гааль, мэргэжлийн хяналтынхан ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс гадна гаалийн бүрдүүлэлтийг үргэлжлүүлсний үрээр хяналтын бүс дэх ачаа тээврийг богино хугацаанд нэвтрүүлж, хэвийн горимд оруулахад чухал нөлөө болсон” гэж албаны хүн хэллээ. Өнөөдрөөс эхлэн Замын-Үүд боомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах бөгөөд хил, гаалийн ажилтан, байцаагч нартай холбоотой иргэдийн гомдол, мэдээллийг хүлээж авах 9636-1281 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн байна.

Б.Мөнхжаргал

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх