ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Зам тээврийн хөгжлийн яамны харъяа Монгол Улсын Далайн захиргаа нь усан замын тээврийн хяналтыг хариуцдаг төрийн байгууллагын хувьд тээвэрлэлттэй холбоотой аливаа үйл ажиллагааг байгаль орчинд хор хохиролгүй байлгах тал дээр онцгой анхааран ажилладаг.

Ялангуяа зуны улиралд жуулчид олноор цугларч усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг гол бүс нутаг Хөвсгөл, Өгий зэрэг нуурын усанд хог хаяхгүй байх, завиндаа шатах, тослох материал хийх явцдаа далайн усанд дуслыг ч унагахгүй байх тал дээр завьчдад болон иргэдэд тогтмол заавар, зөвлөмж өгч хяналтыг хэрэгжүүлдэг билээ.

 

ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Жил бүр эрэг хавийн цэвэрлэгээг улирлын эхлэл ба төгсгөлд тухайн орон нутгийн иргэд, завьчид, жуулчны баазын ажилчидтай хамтран зохион байгуулдаг ба энэ жилийн эргийн цэвэрлэгээ арга хэмжээг 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-ны өдрүүдэд Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ.

 

 

НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Ялангуяа Хөвсгөл нуур бол дэлхийн цэнгэг усны нөөцөд бүртгэгдсэн стратегийн чухал обьект юм.

 

 

Энэ жил хөл хорионоос шалтгаалан Далайн захиргааны холбогдох мэргэжилтэн, байцаагчид дангаараа ажилласан ба эрэг дагуу усны хаялгаар гарч ирсэн хогийг хамахаас гадна далайн түрлэгээр усанд орж бохирдол үүсгэдэг эрэг дээрх хогийг цэвэрлэв.

Цэвэрлэх явцад олон тооны малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, маш их хэмжээний хуванцар тоглоом, тор, гялгар уутны тасархай, тамхины иш гаргаж авлаа.


Нийт цэвэрлэсэн хогны хэмжээ нэг портер ачаа болсон ба зөвхөн нэг хүний зориуд шилэнд түүсэн тамхины иш гэхэд нэг шил дүүрчээ.

Иймд ирэх жилийн хөвөлтийн улиралд тамхи, ахуйн хогоор далайгаа бохирдуудахгүй байхыг анхааруулахдаа бодит зураг хэлбэрээр танилцуулга, сануулга хэвлүүлэн байршуулах боломжийн талаар ярилцаж байна.


Эх сурвалж: ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ харъяа МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх