С.ЧИНЗОРИГ: ТӨСВИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААТАЙ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

С.ЧИНЗОРИГ: ТӨСВИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААТАЙ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
С.ЧИНЗОРИГ: ТӨСВИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААТАЙ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Та цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халамж, нийгмийн хамгааллын бодлого хэр үр дүнгээ өгсөн гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оноос эхлээд цар тахлын дэгдэлтийн үед иргэдийнхээ ажлын бай­рыг хадгалах, нийгмийн хам­гааллыг сайжруулах олон талын арга хэмжээ авсан. Тухайлбал, НДШ-ийг зургаан сарын хугацаатай тэглэсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, халамжийн тэтгэврийг 100 мянган төг­рө­гөөр нэмэгдүүлсэн гээд олон арга хэмжээ авч хэрэг­жүүлсэн. Энэ арга хэм­жээ­нүүд иргэдийн ажлын бай­рыг хадгалах, хөдөлмөр эрх­лэлтийг нэмэгдүүлэх, ир­гэ­­дийн орлогыг цар тахлын дэгдэлтийн үед бууруулахгүй байх, амьжиргааг тогтвортой түвшинд хадгалахад чухал ач холбогдлоо өгсөн гэж бодож байна.
-Ирэх оны эхнээс цар тахлын үеийн зарим арга хэмжээнүүд хязгаарлагдаж, халамжийн тэтгэврийн нэмэгдэл хасагдаж, хүүхдийн мөнгө танагдахаар улсын төсвийн тө­сөлд туссан. Хүүхдийн мөнгөөрөө, халамжаараа амьжиргаагаа зохицуулж байгаа сөргөөр нөлөөлнө гэж үзэх хэсэг байна. Та үүнтэй санал нэгдэж байна уу?

-Өнөөдөр улс орны төсөв санхүүгийн байдал амаргүй байна. Үүнтэй холбоотой өмнө нь хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээг зогсоох саналыг 2022 оны улсын төсөвт тусган оруулж ирж байна. Ялангуяа цахилгаан дулааны төлбөрийг төрөөс төxлж байсныг зогсоох, ха­лам­жийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлс­нийг болиулах, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ирэх оны дол­дугаар сарын 1-нээс эх­лээд 50 хувийг нь бэлэн мөнгөөр олгож, 50 хувийг нь хуримтлалын хэлбэрт шил­­­жүүлэхээр зохицуулалт хий­сэн байна.

Ер нь ковидын нөхцөл байдал амаргүй байна. Корона­вирусийн халдварын дэгдэлт, нас баралт буурахгүй байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөр бүр л 15 хүртэл иргэн ковидын халдварын улмаас нас барж байна. Тиймээс би ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгээр "Ковидын нөхцөл байдал амаргүй, цаашид үргэлжлэх ийм нөхцөлд иргэдийнхээ ажлын байрыг хадгалах, орлогыг дэмжих чиглэлээр авч байсан арга хэмжээнүүдийг зогсоох нь хэр оновчтой вэ. Эдгээр арга хэмжээг зогсоолоо гэхэд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах вэ. Үүнийг тодорхой тусгаж өгөө­­рэй” гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Засгийн газрын ирэх оны улсын төсвийг ирээдүйд чиглэсэн хөгжлийн шинэчлэл хийсэн төсөв гэж тодотгож байгаа. Гэхдээ нөгөө талдаа хүний хөгжлийг хангах тал дээр хэрхэн уялдуулах талаар нухацтай ярилцах хэрэгтэй. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, амьжиргааны түвшин сайнгүй байна. ҮСХ-ны гаргасан судалгаагаар эхний хоёрдугаар улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 20 хувиар өссөн, өрхийн сарын дундаж зарлага 10 хувиар буурсан гэсэн статистик тоо байна. Энэ нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин амаргүй байгааг харуулж байгаа. Тиймээс төсвийн шинэтгэлийг хийхдээ иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргаатай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэн тусгах хэрэгтэй.

-Жил бүрийн төсвийн төсөлд гишүүд анхааралтай хандаж, тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт хийхээр санал гарган, өөрчлөлт оруулдаг. Ингэснээр Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн улсын төсөв өөрчлөгддөг. Харин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр төсвийн төсөлд дур мэдэн өөрчлөлт оруулахыг хязгаарласан. Тиймээс гишүүд ирэх оны улсын төсөвт саналаа хэрхэн тусгуулах бол?

-Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг УИХ-аар үргэлжилж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөлд санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг сайжруулах, санал дүгнэлт гаргах ажил хийнэ. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг сайжруулах, боловсронгуй болгоход хууль эрх зүйн орчин хязгаарлалттай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийн алдагдлыг нэмэгдүүлж батлахгүй, төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэсэн хязгаарлалт хийж баталсан. Төсөвт тодорхой хэмжээний зардал нэмэгдүүлэх бол нөгөө талд тийм хэмжээний зарлагыг хасаж өөрчлөлт оруулах замаар сайжруулах, боловсронгуй болгох гарц байгаа. Тиймээс ажлын хэсэг хуралдаж, нухацтай ярилцана.
С.ЧИНЗОРИГ: ТӨСВИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АМЬЖИРГААТАЙ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-УИХ-д төсвийг дахин өөрчлөлт оруулахаар Засгийн газарт буцаах эрх нь бий юү?

-Хэрвээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн боловсруулалт дутуу, хэлэлцэх боломжгүй гэж УИХ үзвэл буцаах эрх нь бий. Гэхдээ жил бүрийн төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуулийн заалттай. Тийм учраас төсвийг Засгийн газарт буцаах шаардлагагүй. УИХ-аас ажлын хэсэг дээрээ төсвийг чамбайруулаад явах боломжтой гэж харж байна. Ирэх оны төсөвт тодорхой хэмжээгээр хэмнэлтийн горимд шилжих зүйл тусгажээ. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр оффисын барилга барихгүй, автомашин худалдан авахгүй, гадаад, дотоод томилолтын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулсан хэмнэлтэд шилжсэн саналыг дэмжиж байна. Өөр ямар таналт хийж болох талаар Ажлын хэсэг дээр ярих байх. Хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах санал оруулж ирсэн. Энэ нь төсөв санхүүгийн хүнд үед шаардлагатай юу гэдэг дээр эргэлзэж байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖҮҮЛЭХДЭЭ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН НӨХЦӨЛИЙГ НЬ ДОРДУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Төсвийн шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын тоог буу­руу­лах зорилгоор төрийн зарим үйлчилгээг тендэр зарлаж авахаар тусгасан. Ингэснээр үйлчилгээний ажилтан, жолооч гээд төрийн үйлчилгээний ажилтнууд ажилгүй болох талтай. Энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хадгалах бол?
-Төрийн албан хаагчдын тоо их, төрийн бүтэц данхар байгаа гэдэгтэй санал нийлдэг. Засгийн газрын өргөн барьсан төсвийг харахад төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу хамгийн бага цалинтай байгаа 50 орчим мянган албан хаагчид байгаа гэдэг. Эдгээрийг үе шаттайгаар бууруулж, хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлэх санал орж ирсэн байсан. Ковидын энэ хүнд цаг үед төрийн үйлчилгээний албан хаагчид буюу бага албан тушаалын бага цалинтай хэсгийг хувьд шилжүүлэх асуудалд болгоомжтой хандах ёстой. Хувийн хэвшлээр төрийн зарим үйлчилгээг гүйцэтгүүлж болно. Гэхдээ бага цалинтай хэсгийнхээ нийгмийн баталгааг дордуулах вий гэсэн болгоомжлол байна. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхэд одоогийн байгаа ажилтнуудыг 100 хувь авч ажиллуулах баталгаа бий юү. Төрийн үйлчилгээний бага албан тушаалын, бага цалинтай иргэд Төрийн албаны тухай хуулиараа тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тодорхой хэмжээний тэтгэмж авдаг. Хувийн хэвшилд шилжсэнээр нэг удаагийн тэтгэвэр, тэтгэмжийг нь өгөхгүй орхигдулах вий, нийгмийн хамгааллын асуудал нь дордох вий гэдэг байр сууриа хэлж байгаа.

Миний хувьд эдийн засаг, төсөв санхүүгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед хамгийн бага албан тушаал, бага цалинтай иргэдээ хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь орлого багатай байгаа хэсгээ чирэх бодлого болох вий гэж болгоомжилж байна. 2000 оны эхээр төрийн үйлчилгээний албан хаагчдыг хувьд шилжүүлэх арга хэмжээ авсан. Энэ нь хоёр, гурван жил хэрэгжсэн. Төрийн албаны бага албан тушаалын, бага цалинтай иргэдийг ажилгүй болгож, нийгмийн хамгааллын асуудлыг нь дордуулсан үр дүнгүй арга хэмжээ боллоо гээд буцааж төрдөө авсан гашуун туршлага, сургамж бий. 50 мянган иргэнийг нэг удаагийн огцом шийдвэрээр хувийн хэвшил рүү шилжүүлж болохгүй. Үе шаттайгаар хийх хэрэгтэй. Ингэхдээ нийгмийн хамгааллын нөхцөлийг нь дордуулахгүй байх хатуу болзол тавих талаар судалж, анхаараарай гэсэн байр суурьтай байгаа.

-Хүүхдийн мөнгийг халамж биш гэж та үздэг. Ирэх долдугаар сараас хүүхдийн мөнгийг тавин хувийг нь хуримтлалын санд шилжүүлэхээр хэлэлцэж байгаатай санал нэгдэж байна уу?
-Хүүхдийн мөнгө бол халамжийн бодлого биш. Бид хэрэгжүүлэхдээ Халамжийн сангаар дамжуулж олгодог. Тиймээс халамж гэж үзэх хэсэг байдаг. Хүн амынхаа өсөлтийг, төрөлтийг дэмжсэн, цөөхөн монголчууд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх гэсэн, нөгөө талдаа хүүхдийнхээ ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалтын бодлого. Ковидын энэ үед иргэдийнхээ орлогыг дэмжих нэг том хөшүүрэг гэж үзээд манай Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төсөв, санхүүгийн ачаалал, дарамт ирж байгаа нь үнэн. Одоогийн байдлаар нэг сая 50 орчим мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Жилд нэг их наяд төгрөг төсвөөс гарч байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бид "Хуримтлалтай хүүхэд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэхээр ирэх оны долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг нь хүүхдийн ирээдүйд зориулсан хуримтлал бий болгохоор төсөвт тусгажээ. Энэ хуримтлалаа баталгаажуулахын тулд Ирээдүйн өв сангийн хуультай уялдуулах бодлого барьсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжээр сарынхаа амьжиргааг сайжруулж байгаа олон мянган айл өрх бий. Тиймээс хүүхдийн мөнгийг хуримтлал болгохдоо үлдэж байгаа 50 хувийг нь нөхөх, тухайн өрхийн иргэнийг ажилтай, орлоготой болгох, сарын амжиргааг нь хэвийн түвшинд залгуулаад авч явах залгаас бодлого байх ёстой.

Засгийн газар халамжаас хөдөлмөрт гэсэн зорилт тавьсан байна лээ. Халамжийн бодлогыг өөрчилж болно. Шаардлагатай хэсэгт халамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байна. Гэхдээ халамжаас хөдөлмөрт гэж зорьсон бол тухайн хүний хөдөлмөр эрхлэлтийг, орлогыг яаж дэмжих бодлогоо тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй. Өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд энэ бодлого нь бүрхэг байна. ХНХ-ын сайд А.Ариунзаяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр 104 тэрбум төгрөг тусгасан гэсэн. Ирэх оны төсвийн төслийг харахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс нэг ч төгрөг тавигдаагүй. Харин гадаадаас авах ажиллах хүчний төлбөрөөс бүрдүүлэхээр тооцжээ. Ковидын нөхцөл амаргүй, хил хаалттай, гаднаас авах ажиллах хүчин орж ирж орлого бүрдэх үү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг зөвхөн гадаадаас авах ажиллах хүчний төлбөрт даатгаж орхиж болохгүй. Улсын төвөөс хөрөнгө тавих зайлшгүй хэрэгтэй. Тэгээд ч цаашдаа гаднаас ажиллах хүчни авахыг хөхиүлэн дэмжиж болохгүй. Монгол хүний хийх ажлын байран дээр гадаадаас ажиллах хүчин авч байгаа арга хэмжээ. Нэг талдаа ажлын байрны төлбөр өгч байгаа нь сайн хэрэг ч нөгөө талдаа монгол хүний ажлын байран дээр гадаадын иргэд ажиллаж байна. Цаашид энэ бодлогыг хэлэлцэж, гадаадын ажиллах хүчний тоог бууруулах хэрэгтэй.

ХӨДӨЛМӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ СОНИРХОЛД НЬ ӨӨРЧЛӨЛТ, АХИЦ ГАРНА

-Ирэх оны эхнээс Хөдөлмөрийн шинэчилсэн хууль хэрэгжинэ. Та өмнөх парламентад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байсан. Таны анх өргөн барьж байсанаас хэр өөрчлөлт орсон бол?
-Засгийн газрын гишүүнээр ажиллахдаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хоёр удаа УИХ-д өргөн барьсан байдаг. Хамгийн сүүлд 2018 онд хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж ирсэн. Энэ оны хаврын чуулганаар УИХ-ын босгыг давж, шинэчилсэн найруулгын хуулийг баталсан. Тухайн үед бидний өргөн барьсан хуулийн төслөөс нэлээдгүй өөрчлөлт орсон. Ялангуяа олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг хангахад энэ хуулийн төсөл чиглэсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах саналыг тусгасан. Шинэчилсэн найруулгаар Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөжүүлсэн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж эхэлсэн бол тухайн цагаас эхэлж ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна гэж үзэн, ажил, амралтын горимыг зохицуулж, нийгмийн хамгааллыг нь шийдвэрлэх хууль, эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Мөн нэгэнт амьдрал дээр хэрэгжээд эхэлсэн ч хуулинд зохицуулагдаагүй олон харилцааг тусгасан байгаа. Жишээлбэл, гэрээсээ алслагдмал байд­лаар ажиллаж байгаа залуучуудын ажил амралтын горимыг нэгдсэн байдлаар зохицуулахаар баталсан. Ажилтан ха­лагд­сан асуудлаар шүүхээр шийдвэрлүүлэхээр асар их цаг хугацаа зарцуулдаг. Үүнээс бол ажилчин хохирдог байсан. Хөдөлмөрийн шинэчилсэн хуулиар хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг заавал шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр ажил олгогчтой ойлголцож, хамтын гэрээ зөвшилцлийн шатандаа шийдвэрлэдэг байх гаргалгаануудыг нээж өгсөн гээд олон шинэ зохицуулалт орсон. Хөдөлмөрийн шинэчилсэн хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Засгийн газар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой олон дүрэм, журмыг батлан гаргах ёстой. Энэ нь ажлаа хугацаанд нь хийх байх. УИХ ажилтан, ажил олгог­чийн эрх ашгийг тэнцвэртэй хангах зарчим баримталж Хөдөлмө­рийн шинэчилсэн хуулийг баталсан. Өмнөх хэрэгжиж байсан Хөдөлмөрийн хуулийг манай ажил олгогчид маш их шүүмжилдэг. Социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн харилцааг зохицуулж байсан хууль байсан уч­раас ажилчин ангийн буюу ажилтны эрх ашиг давамгайлсан хууль хэрэгжиж байна гэсэн шүүмж­лэл байдаг. Тийм учраас ажилтны ч, ажил олгогчийн ч эрх ашгийг тэнцвэртэй хангах зарчим баримталж батлагдсан хууль юм.

-Манай ид насны ажиллах хүчин гадаад руу, тэр дундаа БНСУ-ыг амьдралаа дээшлүүлэхээр зорьдог. Энэ ажиллах хүчнээ Монголдоо тогтвортой ажиллуулах талаар ямар зохицуулалт орсон бэ?

-Дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр залуучуудыг ажлын байраар бүрэн хангаж чадахгүй байгаа. Гадаадад ажиллах хүчин, дадлагажигч гаргах асуудлыг Засгийн газрын хэлэлцээрийн дагуу зохион байгуулж байна. Залуучууд тодорхой хэмжээгээр ажилтай, орлоготой байх, нөгөө талаасаа тухайн орны түүх, соёлыг сурах, шинэ техник, технологи, шинэ чадавх эзэмших нөхцөл, боломжийг нь нэмэгдүүлж байгаа арга хэмжээ гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч оруулах хууль, эрхзүйн орчныг 2000 оны эхээр баталж байсан. Хууль батлагдсанаас хойш 18 жилийн хугацаа өнгөрчээ. Тиймээс энэ чиглэлийн харилцааг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Хуулийн төсөл дээр УИХ-ын байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ намрын чуулганаар Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах хуулийн шинэчлэл УИХ-д орж ирж батлагдах болов уу гэж харж байна.

Бид гадаадаас ирж байгаа залуучуудыг нийгэмшүүлэх, ялангуяа Монголдоо ирээд хууль, эрхзүйн орчны мэдээлэл авахаас эхлээд төрийн үйлчилгээг нэг цэгээр хүргэдэг болгох асуудал чухал байна. Нөгөө талаас гадаадад ажиллаж байгаа залуучууд өөрсдөдөө бий болгосон ур чадвартаа түшиглэн дотооддоо ажлын байртай болох, жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд нь төсөв, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалт хэрэгтэй байна. Гадаадад ажиллаж байгаа залуус өөрийн бий болгосон ур чадвараараа ажиллахаар гаднаас ирэхдээ тоног төхөөрөмж, технологи оруулж ирвэл Монголдоо санхүү, татварын бодлогоор дэмждэг байх зорилтыг энэ хуулийн зохицуулалтад тусгасан.

Шинээр батлагдсан хуулиар хөдөлмөр эрхлэлтийг шууд нэмэгдүүлнэ гэж хэлэх боломж хязгаарлагдмал. Хөдөлмөрийн шинэчилсэн хууль хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой асуудлыг зохицуулж байгаа. Тиймээс энэ хууль батлагдсанаар ажлын хууль их хэмжээгээр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна гэж хэлэхэд учир дутагдалтай. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг оновчтой боловсронгуй болгосноор ажил, амралтын горимыг нь шинэ зохицуулалтаар зохицуулж, ажилтны ажиллах сонирхлыг илүү нэмэгдүүлж өгсөн. Энэ утгаараа ажлын байр нэмэгдэх, залуучуудын хөдөлмөр эрхлэх сонирхол нэмэгдэх, Монголдоо хөдөлмөрлөх сонирхолд нь өөрчлөлт, ахиц гарна гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Та орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Сонгогчдоос өмнө нь тойргоосоо сонгогдсон гишүүндээ хандан хүүхдийн сургалтын төлбөр төлөх, гэр олгох зэрэг хүсэлт их ирдэг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн болов уу, цар тахлын энэ үед орон нутагт иргэдийн амьжиргаа ямар байна вэ?

-Нэг үеэ бодвол сонгогчдын боловсрол өөр болсон гэж боддог. Өмнө нь УИХ-ын гишүүд хувийнх нь өмнөөс ажиллах гэж байгаа, хувийнх нь хүсэлтийг шийдвэрлэх ёстой гэсэн ойлголт байсан. Би УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо "Би та бүхний хувийн асуудлыг шийдвэрлэдэг хүн биш. Та бүхний өмнө тулгамдсан асуудлыг та бүхний оролцоотой тодорхойлоод Монгол төрийн бодлого болгох нь миний УИХ-ын гишүүний үндсэн үүрэг” гэдгийг маш их ярьдаг. Нөгөө талаасаа миний хувьд хувиасаа өгөөд байх элдэв бусын зүйл байхгүй гэдгийг хэлдэг. Тийм учраас манай сонгогчид хувийн асуудлаар хандах нь бага. Монгол төрийн бодлогыг өөрчлөхөд, хууль эрхзүйн орчныг сайжруулахад юун дээр анхаарах асуудлыг л ярьдаг болсон.

Сонгогдсон гишүүний хувьд тойргийн хөгжлийг урагшлуулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой , тойргийн иргэдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохтой холбоотой асуудлыг ярьдаг. Үүнтэй холбоотой иргэдийн өмнө тулгамдсан амжиргааны түвшинтэй холбоотой, хөдөлмөр эрхлэлт, төрийн үйлчилгээг чанартай болгоход анхааралтай хандаж, төсөв санхүүгийн бодлогод тусгах замаар орон нутгийн хөгжилд чанарын ахиц гаргахын төлөө ажиллаж ёстой гэж бодож байна. Энэ чиглэлээр ч ажиллаж байна. Тойргийн иргэдтэй байнга холбоотой байдаг. Ковидын нөхцөлд иргэдтэй уулзаж чадахгүй жил боллоо. Өмнө нь бид жилд хоёроос доошгүй удаа очиж тойргийн иргэдтэй уулзаж, тайлангаа тавьдаг, санал бодлыг нь сонсдог, төрийн бодлогод хөрөнгө оруулалт, хууль орчинг сайжруулахад чиглэсэн арга хэмжээгээ ярьж байлаа.

Эх сурвалж: Монголын Үнэн сонин 2021.10.25

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх