Д.ГОТОВ: МИНИЙ ҮЕД ХОЁР УЛСЫН ХАРИЛЦАА САНСАРТ ХҮРСЭН НЬ 1966 ОНЫ ГЭРЭЭНИЙ ҮР ДҮН


Д.ГОТОВ: МИНИЙ ҮЕД ХОЁР УЛСЫН ХАРИЛЦАА САНСАРТ ХҮРСЭН НЬ 1966 ОНЫ ГЭРЭЭНИЙ ҮР ДҮН

 

Монгол-Оросын харилцааны нэгэн торгон үеийн төлөөлөл Элчин сайд Дахын Готов гуайтай уулзлаа. Нас сүүдэр 94 хүрсэн гэж хэлэхээргүй хөнгөн шингэн, дээр нь үйл явдлыг он цагтай нь, хүмүүсийг овог нэртэй нь огтхон ч түгдрэлгүйгээр эгээ л өчигдөр өнөөдөрхөн болсныг сонирхуулж буй адил хүүрнэх нь үнэхээр гайхалтай. 

Элчин сайдаар ажиллах хугацаанд нь хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ямар өөрчлөлт гарсныг сонирхож байгаагаа хэлэхэд тэрбээр  1966 оны нэгдүгээр сарын 15-ны гэрээг онцгойлон ярих ёстой гэсний дагуу бидний яриа түүхэн гэрээнээс эхэлж, тухайн үеийн удирдагчдын талаар сонин хууч ч дэлгээд амжсан юм. 

-1966 оны гэрээ гэдэг манай хоёр улсын харилцаанд хэр их ач холбогдолтой, тухайн үедээ ийм гэрээ байгуулах зайлшгүй шаардлага юу байсан юм бол?

-1966 оны гэрээнээс өмнө 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны гэрээг дурдах ёстой. Монгол-Оросын хоорондын найрамдлын барилдлагааны гэрээ гэж нэртэй. Зарчмын хувьд Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрч, Монголын ард түмнийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, найрамдалтайгаар хамтран ажиллана гэсэн чигтэй анхны түүхэн гэрээний тухай Монголын ард түмэн их сайн мэднэ. 100 жилийн ой нь тохиож буй энэ гэрээний үндсэн суурь, үзэл санаа, утга агуулга дээр хоёр улсын  хооронд хамтын ажиллагааны олон чухал баримт бичиг байгуулагдсаныг ч мартаж болохгүй. Улмаар энэ гэрээний нэр усыг нь өөрчилж, нэмэлт заалтууд оруулсан 1940 оны гэрээ гэж бий.  

1940 оны гэрээг шинэчлэх талаар Засгийн газар, Намын төв хороо, бүр тодруулбал Ю.Цэдэнбал дарга 1950-иад оноос эхэлж ажилласан бөгөөд Зөвлөлтийн нөхөдтэй олон удаа уулзаж, ярьж хэлж байсан гэдэг. Сталины үед ч уулзсан байдаг.  Сталиныг нас барсны дараа 1952-1957 онд Зөвлөлтийн  төрийн тэргүүн байсан Маленковтой ч уулзсан.

-Гэрээг шинэчлэх талаар олон уулзалт хийж бага биш хугацаа зарцуулсан гэхээр Зөвлөлтийн талаас дэмжихгүй байсан хэрэг үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Нэг сонин зүйл байдаг юм. Ю.Цэдэнбал дарга 1961 оны дөрөвдүгээр сард Москвад ажлын айлчлал хийжээ. Энэ тухайгаа надад өөрөө ярьж байсан. Н.С.Хрушевын төр барьж байсан үе.  Түүнтэй уулзахдаа Ю.Цэдэнбал дарга хоёр асуудал тавьжээ. Эхнийх нь Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсэхэд Аюулгүйн зөвлөлийн гишүүн Англи, Америк, Франц зэрэг гуравдагч гүрний улс орнуудад нөлөөлж өгөөч гэж. Хоёр дахь нь 1940 оны  Найрамдлын гэрээг шинэчлэх тухай хэлэхэд Хрушев яг зөвшөөрч байна гээгүй ч  "Нөхөр Цэдэнбалаа чамд нэг асуудал тавья. Танай нийслэлийн төвд Сталины хөшөө байдаг гэсэн. Түүнийгээ буулга” гэхэд дарга жаахан тулгамдсан ч "Иосиф Виссарионович Сталиныг Монголын ард түмний тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүн гэж манайхан үнэлдэг. Тиймээс ард түмнээсээ асуулгүйгээр танд за гэж хэлж чадахгүй нь” гэж зоригтойгоор  хэлж дээ. 

Хрушев түүнийг сонсоод жаахан бодсоноо "Пусть там торчит” гэчихээд босоод явчихсан гэнэ. Энэ нь орчуулбал "За яахав тэндээ ёрдойж байг” гэсэн үг л дээ. 

-Сталины хөшөөгөөр барьцаалсан хэрэг болж дээ.

-Хрушев засгийн эрхэнд гарсны дараа Зөвлөлтөд Сталиныг шүүмжлэх, нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг гэдэг том бодлого явуулж ЗХУКН-ын тогтоол гарч байсан үе. 

Цэдэнбал дарга ч байдал сайнгүй тийшээ эргэснийг ойлгоод сэтгэл жаахан гонсгор байтал нь дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагариныг Москвад Улаан талбайд угтах ёслолд урьж. Хрушев Цэдэнбал даргыг Индэрийн талбайд их элэгсгээр дотночлон  угтаж, бидний яриа жаахан тиймхэн болсонд уучлаарай, таны тавьсан асуудлыг шийднэ гэх  маягийн зүйл хэлж. Тэгээд тэр жилийнх нь аравдугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элсэхэд ЗХУ онцгой хүчин чармайлт гаргасныг манайхан сайн мэднэ. Нэг үгээр Хрушев эхний тавьсан асуудлыг нааштайгаар шийдэхэд анхаарсан гэсэн үг.  

-Гэрээг шинэчлэх ажил Н.С.Хрушевын үед бүтээгүй гэсэн үг үү?

-1963 онд Н.С.Хрушев ажлаасаа чөлөөлөгдөж Л.И.Брежнев тэргүүтэй удирдлага  Зөвлөлтийн засгийн эрхэнд гарч ирсэн бөгөөд Сталины үеэс ганц Микоян л үлдсэн. СССР-ийн Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга нь байсан юм.

 ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хийсэн эхний уулзалтаар Ю.Цэдэнбал дарга Найрамдлын гэрээг шинэчлэх  асуудлыг тохирч, гэрээг боловсруулах ажил 1964 оноос эхэлж 1966 оны нэгдүгээр сарын 15-нд БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэж том гэрээ байгуулсан. Харилцан туслах гэдэг нь цоо шинээр орж ирсэн. Энэ гэрээний ач холбогдол өндөр бөгөөд гэрээнд гарын үсэг зурахаар Л.И.Брежнев тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж байв.

-Л.И.Брежнев монголчуудад элгэмсүү ханддаг байсны илэрхийлэл биз?

-Үнэндээ Леонид Ильичээс өмнө Зөвлөлтийн төрийн тэргүүнээс Монгол Улсад ирсэн хүн байхгүй шүү дээ. Сталин ирээгүй, Маленков ирээгүй. Хрушев Хятадад айлчлаад буцахдаа ирнэ гээд манайхан онгоцны буудал дээр хүлээсэн ч дээгүүр нисээд өнгөрсөн гэдгийг сонсч байсан байлгүй дээ.  Тийм болохоор Л.И.Брежнев хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд онцгой анхаарал тавьж, үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг онцгойлон дурдах ёстой юм. 

-Шинэчлэгдсэн Найрамдлын гэрээ манай талд хэр их өгөөжтэй байсан бэ?

-1966 оны Найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ нь нэг талыг баримталсан, Монголын талын эрх ашгийг дээгүүр тавьсан, манай улсын 1960-1990 оны 30 жилийн хөгжил дэвшлийн сэргэн мандалтад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон хэлэх дуртай.

Энэ гэрээ манай улсын хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлсэн, эдийн засаг, аюулгүй байдал, тусгаар тогтнол аль аль талаасаа манайхыг дэмжсэн баримт бичиг гэж би үздэг, энэ байр сууриа ч илэрхийлдэг.

-Гэрээг шинэчлэн байгуулах үед олон улсын нөхцөл байдал ямархуу байв. Ялангуяа өмнөд хөрш маань хэр хүлээж авсан бол?

-Энэхүү гэрээг байгуулах үед олон улсын байдал, улс хоорондын харилцааны хувьд эвгүйтэж эхэлж байсан цаг. Ялангуяа Зөвлөлт-Хятадын харилцаа нэлээд хурцадмал байсан үе. Үүнийг дагаад Монгол-Хятадын харилцаа ч айхавтар суларсан. Соёлын хувьсгал, улаан хамгаалагч нарын үйлдэл хэрээс хэтэрч, манай ЭСЯ руу дайрч, машин тэргийг нь шатаах оролдлого ч гарсан. Ер нь энэ хоёр улсын харилцаа Хрушев, Брежневийн үед нэлээд хүйтэрсэн л дээ.

-Гэхдээ 1966 оны гэрээг Монголд гэхээсээ Зөвлөлтийн талд давуу байдал олгосон. Тухайлбал, манайд цэргээ байрлуулсныг гэрээтэй холбон тайлбарлах хүн байдаг юм билээ? 

-Зөвлөлтийн талын эрх ашгийг илүү тусгасан, тухайлбал, манайд цэргээ байрлуулсан гэх тайлбарыг зарим хүн хэлдэг нь үнэн. Цэргээ байрлуулсан тухайд энэ дан ганц Зөвлөлтийн талын санаачилга байгаагүй. Монголын талын сонирхол, хүсэлт ч байсан юм. Тухайн үед цаг ямар байсан билээ, урд хөршид байдал амаргүй, харилцаа хүйтэрсэн зэрэг олон шалтгааны улмаас Зөвлөлтийн цэрэг гэрээнээс ч өмнө Монголд ороод ирчихсэн байсан. 

-Гэрээ байгуулж гарын үсэг зурах нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлж бодитой ажил болгоход манай тал хэр сайн анхаарч ажиллаж байсан бэ?

-Энэ хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байсны  нэг жишээ нь дээд хэмжээний уулзалтууд ойрхон олон давтамжтай болж уулзалт бүрээс гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэсэн бодитой шийдвэрүүд гарч ажил хэрэг болж байсан юм шүү. 

Тухайлбал, ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев найман жилийн хугацаанд Монголд хоёр удаа айлчилсан. 1966 оны нэгдүгээр сард Найрамдлын гэрээ байгуулахаар, 1971 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНМАУ-аа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 50 жилийн ойд биечлэн оролцохоор ирж байсан. Ирэх бүртээ асар их хэмжээний хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн асуудлыг шийдэж байлаа. 

Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд анхаарч хэчнээн олон байшин барилга, орон сууц босов энэ хугацаанд. Түлш эрчим хүч, хөнгөн хүнсний үйлдвэрийн салбар яаж хөгжсөн билээ. Тээвэр холбооны салбар яаж хөгжсөнийг тухайн үед Холбооны яамны сайдаар 15 жил ажилласан хүний хувьд би маш сайн мэднэ. 

Монгол Улс өөрийн гэсэн телевизтэй болж, сансрын хиймэл дагуулаас программ авдаг болсон. Радио релейний 4000 км шугамыг дөрвөн зүг найман зовхист 40 гаруй уулын орой, тал хээрээр татаж аймгуудад радио релейний шугамтай болж, Зөвлөлтийн болон үндэсний телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг болсон. Аймаг орон нутгийг холбоожуулах, сумаа утсан холбоотой болгох, баг бригадыг холбоожуулах гээд ямар их зүйлийг хийж бүтээсэн билээ.

Эрчим хүчээр хангах том станцууд ашиглалтад орж, уул уурхай, мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөгжил авчирсан. Одоо ажиллаж байгаа улсын том эмнэлгүүд, сургуулиуд чухам энэ үед боссон гэдгийг ч мартаж болохгүй.

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Алексей Николаевич Косыгин  Монголд айлчилж бас л томоохон дэмжлэг тусламжийг үзүүлж байлаа.

Арав хүрэхгүй жилийн дотор Зөвлөлтийн нам төрийн тэргүүний гурван том айлчлал болж байж. Манайхан ч дээд хэмжээний ажлын айлчлалууд хийж, тэр бүртээ тавьсан зорилгоо биелүүлээд ирж байсан юм. 

-Хоёр улсын хамтын ажиллагаа 1960-1990 онд эрчимтэй хөгжсөнд гэрээнээс гадна өөр юу нөлөөлж байсан бол? 

-Хоёр улсын Төлөвлөгөөний комисс тухайн таван жилд юу хийхээ салбар салбарын яамдаас санал авч, үйл ажиллагааны хөтөлбөрт нь оруулна. Гадаадтай эдийн засгаар хамтран ажиллах улсын хороод болон хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын комисс төлөвлөсөн бүх үйл ажиллагааг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавьж, шахаж шаардаж ажилладаг нарийн механизмтай байсан.  

Засгийн газар хоорондын комиссын хурлыг Монголын талаас Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын барилгын хорооны дарга Н.Т.Новиков  нар толгойлж жилдээ хоёр удаа Москва, Улаанбаатарт ээлжилж хийдэг байлаа. 

Хуралд Элчин сайд заавал оролцдог. Засгийн газар хоорондын комисс өөрийн ажлын аппараттай. Хуралд хоёр яамдын сайд нарыг суулгаж байгаад төлөвлөсөн ажлын хэрэгжилтийн талаар яриулна, асууж тодруулна, үүрэг даалгавар өгнө. Нэгэнт төлөвлөсөн л бол цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэ гэдэг хатуу шаардлагыг тавьдаг байлаа. Би ч тэгж шахуулж байсан хүний нэг. Холбооны яамны сайдаар 1965-1979 он хүртэл 15 жил ажиллахдаа Засгийн газар хоорондын комиссын олон хуралд орж, ингээд ажлаасаа авахуулдаг юм байжээ гэж бодохоор ширүүн уур амьсгалтай таарч, хийж бүтээснээ үнэлүүлэн магтуулж сайшаалгаж явсан даа.  

Ингэж гэрээний хэрэгжилтийг хангуулж ажилласны үр дүнд 1966 оны гэрээ манай улсын хөгжилд томоохон дэвшлийг авчирсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгаар хамтран ажиллах улсын хороод болон Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа их сайн байсантай холбоотой. Нөгөө талаар энэ үед Засгийн газар тогтвортой, яамдын үйл ажиллагаа ч тогтвортой, хоёр талын салбарын яамдын харилцаа гүнзгий сайн байсан нь нөлөөлсөн л дөө.

-Гэрээний хэрэгжилтийг хангуулахад Элчин сайдын оролцоо их байсан байх?

-Миний Элчин сайдаар ажилласан таван жилийн хугацаа ч энэ гэрээний хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн. Элчин сайдын хувьд төлөвлөсөн ажлуудаас аль нь хоцорч байна, юун дээр нь анхаармаар байгааг мэддэг, хоёр тал руугаа холбодог байх ёстой юм. Зөвлөлтийн талаас манай яамд руу ярихгүй шүү дээ, Элчин сайдад л хандана. Энэ талын ажлын гүйцэтгэл хоцорч байна та анхааралдаа аваач гэх мэтээр хандахад нь Гадаад яам, Засгийн газар руугаа ярьж хэлнэ. Миний ажиллаж байх хугацаанд энэ гэрээний үндсэн дээр Монгол-Зөвлөлтийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт хөгжиж сансарт хүрсэн юм шүү. 

-Тэр үед Элчин сайдаар заавал дипломатч буюу гадаад харилцаагаар мэргэшсэн хүнийг гэхгүй аж ахуйн талын хүмүүсийг томилдог байсан нь гэрээний хэрэгжилтийг хангуулахад нөлөөтэй байсан уу?

-Тухайн үед Элчин сайдаар аж ахуй санхүүгийн асуудал хариуцаж байсан хүмүүсийг тавьж байсан нь учиртай юм билээ.  Миний өмнө Төлөвлөгөөний комиссын Нямын Лувсанчүлтэм гуай гэж агуу хүн ажиллаж байсан. Бас Төлөвлөгөөний комиссын орлогч, сангийн аж ахуйн даргаар олон жил ажилласан Хаянгийн Банзрагч Элчин сайдаар ажиллаж байлаа. Тэгээд би ирсэн.

Гэхдээ Элчин сайд дан аж ахуйн ажил хөөцөлдөөд явна гэж юу байх вэ. Бүхий л тал руу анхаарч ажиллана. 1980 онд Москвад зуны олимпийн 22 дугаар наадам Москвад болоход манай тамирчид анх удаа дэлхийн олимпоос хамгийн олон медаль авсан.  Тамирчдаа бэлтгэл хийх боломжоор хангах яриа хэлэлцээг хийх нь Элчин сайдын үүрэг байлаа. 

Хоёр дахь том үйл явдал нь сансарт монгол хүн ниссэн. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа В.Жанибековын хамт Байконуураас сансрын уудамд хөөрч долоо хоног  ажиллаад эх дэлхийдээ ирсэн. 

-Таныг Элчин сайдаар ажиллаж байх үед Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт өрнөж, төр засгийн удирдлага солигдож юм юм л болсон. Энэ нь хоёр улсын харилцаанд ямар нэг нөлөө үзүүлсэн үү? 

-Намайг ажиллаж байх үед тохиосон томоохон үйл явдлын тоонд ЗХУКН-ын 26 дугаар их хурлыг нэрлэж болно. Энэ хурлаар Намын төв хороо,Засгийн бүрэлдэхүүн нэлээд шинэчлэгдсэн. М.С.Горбачев, Б.Н.Ельцин, Е.К.Лигачев зэрэг залуу боловсон хүчнүүд гарч ирсэн. Түүхэн энэ хуралд манай улсаас Ю.Цэдэнбал дарга оролцоход төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ж.Батмөнх, С.Жалан-Аажав бид гурав багтаж байлаа. 

Залуу хүмүүс гарч ирсэн нь шинэ хандлага, шинэ сэтгэлгээг оруулж ирж улмаар өөрчлөн байгуулалтын салхи салхилах эхлэлийг тавьсан нь хоёр улсын харилцаанд ч шинэ уур амьсгалыг авчирсан гэж боддог.

1981 оны зун наадмын өмнөхөн болсон МАХН-ын 18 дугаар их хуралд М.С.Горбачев  Зөвлөлтийн Коммунист намын төлөөлөгчдийг ахалж очиж байсан. Тэгэхэд Элчин сайдын хувьд би, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамцтай хамт төлөөлөгчдийг дагаж ажилласан. Тэднийг Улс төрийн товчоо хүлээж авч уулзахад их сонин зүйлс ярьж билээ. Дарга нарын ярьдгаас огт өөр дандаа л аж ахуй, санхүү, зах зээл, хөгжил дэвшлийн тухай ярих нь үнэндээ хэнд ч сонин байж таарна. 

Тэр үед төлөөлөгчдийг Эрдэнэт рүү авч явсан юм. Манайхан ч айлчлалын хөтөлбөр гээд гаргачихсан, хаагуур явуулах, хэнтэй уулзуулах гээд. Гэвч М.С.Горбачев тэр хөтөлбөрөөр нь огт явахгүй. Сургуулиар оръё, дэлгүүр сонирхоё гэхчилэн огт төлөвлөөгүй газруудаар нь явна. Орсон газар бүрт нь хүмүүсийн тал нь монгол, тал нь орос. Тэгэхэд Михайл Сергеевич "Жинхэнэ Монгол-Зөвлөлтийн найрамдал чинь энд л байна” гэж байж билээ. Үйлдвэр дээр очоод яриа хийж байгааг нь сонсоход ч сонирхолтой. 

-Таныг ажиллаж байх үед Элчин сайдын яамны бүтэц одоогийнхоос өөр байсан уу?

-Манай ЭСЯ их том бүтэцтэй байв. Дипломат албаны хэлтэс гэж 6-7 хүнтэй зөвхөн дипломат албаа хариуцсан хэсэгтэй. Худалдааны төлөөлөгчийн газарт 30 гаруй хүн ажилладаг. Эдийн засгийн зөвлөхийн аппарат гэж зээл тусламжийн бүхий л асуудлыг хариуцаж Монголд баригдаж байгаа барилга обьектын санхүүжилт, тэр ч бүү хэл техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх гээд бүхий л зүйл дээр хоёр улсын хооронд гүүр болж харьяа яамдтай холбох үүрэгтэй том алба байлаа. Холбооны яамны сайд байсан Магсарын Чимиддорж гэж туршлагатай хүн миний үед энэ аппаратыг ахалж их ч ажил амжуулсан даа. Сургууль, консулын алба ЗХУ-д сурч байгаа оюутан сурагчидтай хамаатай бүхий л асуудлыг хариуцдаг байлаа. 

ЭСЯ 1958 онд ашиглалтад орсон, хажуудаа гарааш, санхүү аж ахуйнхны өрөө тасалгаануудтай хоёр давхар сайхан байшинтай байсан. Одоо ч бий л дээ. Письменский-11 буюу Москвагийн төвд А бүст байрлалтай. Эндээс ердөө 2-3-хан км зайтай Худалдааны төлөөлөгчийн газар гэж ажилтнуудын орон сууц,  зочид буудал, зоогийн газар, хурал зөвлөгөөн хийх танхимтай цогцолбор байна. Би ажиллаж байх үедээ Сургууль, консулын албыг тэрүүхэн хойно нь тусдаа байртай болгоод оруулж байсан. Хоёр давхар хаус маягийн байранд. Одоо тэр нь байгаа эсэхийг мэдэхгүй. 

Зөвлөлтөд сурч ажиллах монголчуудын тоо олон болсон учраас би ажиллаж байх үедээ Ленинград, Киев, Новосибирскт Консулын газар байгуулсан. Иркутск, Ташкентад хуучин Консулын газар байсантай нийлээд таван Дипломат төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байсан нь сурагч, оюутнуудтай ажиллахад ойр дөхөм болж тэдэнд тавих анхаарал сайжирч байдал онцгой өөрчлөгдсөн.  

-Баг болж хамт ажиллаж байсан нөхдөөсөө онцгойлон хэнийг дурсмаар байдаг вэ?

-Энэ бүх ажлыг амжилттай хийхэд надтай баг болж ажиллаж байсан өндөр боловсролтой, соёлтой, ёс зүйн үлгэр дууриал болох сайн нөхдийн минь тусламж дэмжлэг их байсныг хэлэх хэрэгтэй. Элчин зөвлөх туршлагатай дипломатч Т.Нархүү, соёлын атташе Л.Хашбат, хэвлэлийн атташе Ю.Сандаг, цэргийн зөвлөх, атташе Содномдорж генерал, Гангааням нараас гадна төрийн ёслолын нэвтэрхий толь болсон Ч.Батжаргалыгаа онцолж нэрлэмээр санагдаж байна. Эдийн засгийн зөвлөх М.Чимиддорж, худалдааны төлөөлөгч Төмөр гэээд бүгд орос хэлийг нэвтэрхий мэддэг, оросуудтай ажиллаад сурчихсан улс болохоор ажлыг бол гялалзуулна шүү дээ. 

-Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр хэмжээнд хөгжихөд мөнхийн хөршөөс гадна тухайн үеийн удирдагчдын зөв хандлага их чухал байсан гэж боддог. Ялангуяа Цэдэнбал даргын үүрэг их байсан болов уу?

-Зөвлөлтийн тал даргыг их зөв олж тавьсан гэдэг юм. Үүнийгээ илэн далангүй илэрхийлдэг ч байлаа. Маршал Чойбалсан дайн дууссаны дараахан Цэдэнбалыг Сталинтай уулзуулахаар дагуулж очиход Лаврентий Берия, Георгий Маленков, Лазарь Каганович нар нэг оройн хүлээн авалт дээр бүгд байж. Маршалын орчуулагчаар Б.Ширэндэв гуай явсан юм билээ. Тэгэхэд Сталин багш Цэдэнбалтай гар барьж оросоор их сайхан ярьдаг залуу байна гэж магтсан нь анхны үнэлгээ байсан тухай дарга өөрөө надад ярьсан. 

Тэр хүлээн авалт дээр Берия хундага дүүрэн архи даргатай тулгаад өөрөө багахан балгасан хэрнээ уучих гээд байж. Дарга "Би уудаггүй, надад таардаггүй юм аа гээд өнгөрөөсөн. Үнэн хэрэгтээ намайг туршиж байсан хэрэг. Тэгээд ч Маршалын дэргэд, Ширэндэвийн дэргэд архи ууж болохгүй шүү дээ” хэмээн надад ярихдаа намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар тавих Маршалын саналыг Зөвлөлтийн удирдагчид их дэмжсэн юм билээ гэж байв. 

-Таныг Ю.Цэдэнбал даргатай ойр байсан хүний хувьд нэг зүйл асуумаар санагдаад. Цэдэнбал дарга ажлаасаа чөлөөлөгдөхөөс өмнө Москвад байшин бариулах тухай хүсэлт гаргаж байсан гэдэг?

-Цэдэнбал дарга Анастасия Ивановна хоёр "Бид 70 хүрэх гэж байна. Нас өндөр боллоо тэтгэвэртээ гаръя” гэж өөрсдөө хэлж байсан юм шүү. Тэгэхдээ Москвад хүүхдүүдтэйгээ амьдрах хоёр давхар хаус маягийн байшин бариад өгөөч гээд манайд ажиллаж байсан Барилгын хоёрдугаар трестээр хийлгэж болох юм гээд бүр зураг төсвийг нь гаргачихсан байсан юм билээ. Энэ тухай надад Анастасия Ивановна л хэлнэ үү гэхээс дарга ярихгүй шүү дээ. 

-Монголын удирдагчид Москвад байшин барьж өгнө гэхээр амархан шийдэх асуудал биш байсан байх?

-Байшин барих газрын асуудал нь бүтэл муутай байсан. Зөвлөлтийн нам, төрийн удирдагчдын тэтгэвэртээ гараад амьдардаг тусгай хамгаалалттай хэдэн газар байдгийг Анастасия Ивановна сайн мэддэг учраас Сосна, Барвих, Кунцевын  аль нэгэнд бариулна гэж зүтгээд. Амар бүтэх ажил биш, гадны хүнд тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгох боломжгүй байсан биз. Түүнээс манай ЭСЯ-ны зуслан байдаг Расторгуев гэж Москвагаас урагш 20 км-т байдаг сайхан газарт бариулъя гэсэн бол бүтэх л байсан гэж боддог юм. 

-Элчин сайдын хувьд та тэдний хүсэлтийг төвд дамжуулах, хөөцөлдөх үүрэг хүлээж байв уу?

-Намайг Москвад байхад Болгарын төрийн тэргүүн байсан Тодор Живков тэтгэвэртээ гарч манай Цэдэнбал даргыг гэргийтэй нь уриад Варна гэж Хар далайн эрэг дээрх гоё газарт амраасан. Тэндээс буцаж ирэхэд нь би тосоод тэднийг буудалд авчрах үед Анастасия Ивановна "Улс гэдэг төрийнхөө тэргүүнийг яаж тэтгэвэрт гаргадгийг харлаа. Сайхан юм аа” гэхдээ монголчууд яах юм бол доо гэсэн жаахан гомдол атаархлын аястай ярьж байсан. 

Түүний дараахан Ж.Батмөнх дарга Берлинд айлчлаад буцах замд нь би уулзахдаа дарга, авгай хоёр Варнад амраад ирсэн тухай ярихдаа Анастасия Ивановнагийн санааг хэлсэн. Дарга тэтгэвэртээ гарах, ажлаа өгөх санаатай байгааг дуулгасан нь  тэр. 

Түүнээс би ч барагтай элдэв юм дамжуулаад зөөгөөд байдаг хүн биш л дээ. Тийм дээ ч зарим нэг зүйлийг хэлсэнгүй ярьсангүй гэж Гадаад яамнаас зэмлүүлдэг байлаа. Батмөнх миний хэлснийг ч нэг их юм болгосонгүй "Аан тэгж байна уу” гэсхийгээд өнгөрсөн. Ер нь эмоци багатай, дуулсан болоод л өнгөрдөг зантай хүн л дээ. Тэгээд ч удалгүй Цэдэнбал даргыг сүр дуулиантайгаар ажлаас нь чөлөөлсөн шүү дээ. 

-Монголын төрийг 40 гаруй жил жолоодсон хүнд тун ч хүндэтгэлгүй хандсан тухай одоо шүүмжилж байгааг та юу гэж боддог вэ?

-Уг нь Цэдэнбал даргыг яаран нааш цааш гэлгүй сайхан хүлээж байгаад хүндэтгэлтэйгээр тэтгэвэрт нь гаргаад тэр байр савыг нь бариад өгчих байсан юм. Тэртээ тэргүй тэтгэвэртээ гараад Москвад амьдаръя гэдэг санаагаа хэлж байсан улс шүү дээ. Цэдэнбал дарга ажлаас нь халангуут Москвад Алексей Толстойн гудамжны 11-д ч бил үү авгайн талын ах дүүсийн гурван өрөө орон сууц байсанд очоод долоо найман жил гэрийн хорионд тун ч амаргүй амьдарч байгаад бурхан болсонд харамсч явдаг даа.

Ю.Цэдэнбал даргатай холбоотой энэ түүхийг өвгөн Элчин сайд нэлээд харуусангуй дурссан.  Тэрбээр 1984 оны хавар Гадаад яамын сайд М.Дүгэрсүрэн утасдаж "За Готов оо, буцах цаг боллоо шүү. Элчин сайдын үдэлтийн уулзалтуудаа хийгээрэй” гэхээр нь би Цэдэнбал даргад буцахаар болсноо дуулгахад "Тийм гэнэ ээ. Чиний оронд Гүрбадам ирэх юм байна” гээд нэлээд мэдээлэлтэй сууж байж билээ.

Намайг Элчин сайдын ажлаа хүлээлгэж өгөөд буцахад Зөвлөлт Холбоот Улсын Дээд зөвлөлийн зарлигаар "Улс түмний найрамдлын одон”-гоор шагнасан. Өмнө нь 1981 онд Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цол хүртсэн. Нэг үгээр Зөвлөлтөд эх орноо төлөөлсөн таван жилийн ажлаа үнэлүүлээд сэтгэл хангалуун буцаж ирсэн дээ” хэмээн хоёр улсын харилцааны түүхэнд тодоор бичигдэх он цагийн дурсамжаа хүүрнэсэн юм

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх