Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод тус эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Дараа нь очсон ЭХЭМҮТ-ийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд үйл ажиллагаатай танилцахдаа хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэхээ илэрхийлсэн нь өнөөдөр бүрэн шийдэгджээ.Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн "Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон "Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв. Мөн ирэх тавдугаар сарын 01-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна, эрүүл мэндийн салбарын удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.