Ханги-Мандалын төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортолно

"Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт /2022.03.11/ боллоо. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Бүтээн байгуулалтын ажилд 90 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний дөрвөн анги оролцож байгаа аж. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орсноор экспортын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэх зай 388 км-ээр богино болж тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах юм байна. Ингэснээр Монгол Улсын төмөр замын шинэ гарц бий болж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 20 сая тонноор нэмэгдэж, жилд экспортолдог 60 сая тонн нүүрсний гуравны нэгийг Зүүнбаян-Хангийн төмөр замаар тээвэрлэх аж.Мөн төмрийн хүдэр, коксжих нүүрсний БНХАУ-ын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ашиглалт сайжирч дотоодод 1300 гаруй ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ.

Мөн Засгийн газрын хуралдаанаас энэ сарын 9-нд гарсан шийдвэрээр зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх эрхийг "Монголиан транс Лайн” ХХК, "Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлд олгосон. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажлыг энэ сарын 11-нд эхлүүлж аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд дуусгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн юм.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайд болон албаны хүмүүс юу хэлсэн талаар тоймлон хүргэе.

Ханги-Мандалын төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортолно

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАМЫН-ҮҮДИЙГ АЛТАНБУЛАГТАЙ ХОЛБОЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ

-Манай уул уурхайн гол экспорт Гашуунсухайт, Тавантолгой, Оюу толгой байдаг. Энд төмөр зам холбогдоогүй учраас асуудал үүсэж байгаа. Сая бид хил холболтын цэгийг тохирсон. Тиймээс үүнийг төмөр замаар холбоно. Үүнийг долдугаар сардаа багтааж хийнэ. Ачиж, буулгах терминал бий болно. Өргөн, нарийн царигт холбогдоно гэж ойлгож болно. Замын-Үүд манай хүнсний буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг эзэлдэг гол боомт. Автомашинаар холбогддог учраас амаргүй. Ханги боомт Гашуунсухайт, Замын-Үүдийн голд байрлаж байгаа. Бидний хувьд зөвхөн Баяннуур аймгийн гангын компаниудтай нүүрс, зэстэй холбогддог. Гангын үйлдвэрлэгчдийн нэг Бугат хоттой шууд холбогдож байгаагаар олон жилийн хувьд манай төр, засаг төлөвлөж ирсэн стратегийн шинэ гарц гэж ойлгож болно.

Цаашид Бичигт гээд бүх боомтыг төмөр зам болон авто замаар холбож чадвал мөн Замын-Үүдийг Алтанбулагтай хурдны замаар холбож чадвал Монгол Улсын эдийн засаг тэлнэ. Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилгыг энгийнээр тайлбарлавал Монгол Улсын эдийн засгийн багтаамж жилд 40-50 их наяд төгрөг байдаг. Үүнийг 150-200 их наяд төгрөгт хүргэснээр эдийн засгийн суурь тэлж нийгмийн бусад том зорилтоо хийж чадна. Тиймээс миний 40-ийн битоныг 200-гийн пошиг болгоё гэж хэлээд байгаа нь тэр. Үүнд иргэн бүр, аж ахуйн нэгж бүхэн хамтдаа байж бид өмнөө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадснаар бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Ингэснээр бид боомтын боймыг тайлна. Яагаад гэвэл бид далайд гарцгүй улс. Тиймээс аль болох хоёр хөрштэйгөө бараа бүтээгдэхүүнийхээ эргэлтийг хурдасгах хэрэгтэй. Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор 20 орчим сая тонноор буюу 60-80 орчим хувиар нэмэгдэнэ гэж судалгаа гаргасан.

Энэ бүтээн байгуулалтад төрөөс мөнгө гарахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж байгаа. Цар тахлын амаргүй үе ч гэсэн том бүтээн байгуулалтаа цаг алдахгүй хийх боломжтой. 200 орчим км замыг зургаан сарын дотор хийх зорилт дэвшүүлж Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хувийн хэвшлүүд км км-ийг хувааж аваад зэрэг хийнэ. Хэрэв зургаан сарын дотор хийж чадвал Монгол Улс 200 гаруй км замыг нэг зуны дотор барьж чаддаг гэсэн мессэжийг олон улсад өгнө. Цаашид бүх төмөр замаа Монгол Улс өөрөө бие дааж шийдэх боломжтой юм гэдгийг харуулна. Нэг үгээр хэлбэл, Монголд бизнес хийх, уул уурхай олборлох, хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой болно. Өнөөдрийн Ханги-Мандалын бүтээн байгуулалт эхэлж байгаа нь Монгол Улсын ачаа тээвэр болон эдийн засгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх том хуудас болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Ханги-Мандалын төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортолно

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: БИД ӨӨРСДИЙНХӨӨ ДУТАГДЛЫГ ХАРСАН

 -2010 онд УИХ-аас баталсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт бол тухайн үедээ явж байсан төмөр замын талаарх маргаанд цэг тавьсан. Ингээд есөн жилийн дараа буюу 2019 онд энэ галт тэрэг зогсож байгаа Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эхлээд өнгөрсөн долоо хоногт зэсийн баяжмалыг туршилтаар тээвэрлэх ажил эхлээд явж байна. Дараагийн ажил нь Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орох талаар олон удаа ярьсан. Бид гурван жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа ашиглалтад авах ажил эхэлж байна. Яагаад ийм давчуу зургаан сарын дотор гэж хэлж байна вэ гэхээр бид трансын хувьд нэлээдгүй судалсан. Говийн бүсэд замын хэвгий аятайхан. Төмөр замын трансын хувьд өмнөх төмөр замтай харьцуулахад ажиллагаа багатай. Ханги чиглэл рүүгээ газрын хэвгий учраас цаашид хүнд жинтэй галт тэрэг явахад зардлын хувьд харьцангуй бага байх давуу нөхцөл байна. Бид цар тахлын үед нэг зүйлийг сайн ойлголоо. Хил хаагдаад ирэхээр бид ямар боомтоор, яаж анхаарч, ямар хүчин чадалтай байсан юм бэ гэдгийг эргэж харах цаг болсон. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг харсан. Тухайлбал, Замын-Үүд боомтод анхаарал тавиагүй олон жил явсан. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Ерөнхий сайд очихдоо ариутгалын амбаар маягтай юмыг бүгд шүүмжиллээ.Цаашид төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлье гэвэл өнөөдөр байгаа зургаан зөрлөгийг найм, 10, 12 болгоход өнөөдрийн ярьж байгаа 20 сая гэдэг тоо 30-35 сая хүртэл нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойгоос ирээдүйд явах коксжсон нүүрс ганцхан боомтын хараат байгааг нуух аргагүй. Хангийн төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахь боомт нээгдэж байна. Магадгүй ОХУ-аас транзит тээвэр энэ замаар явахыг үгүйсгэхгүй. Тийм том ирээдүй энэ Хангийн зам дээр хүлээж байгаа юм. Тиймээс өнөөдрийн төмөр замын бүтээн байгуулалт явж байгаа төслүүд дотроос хамгийн өндөр ашигтай зам байгаа учраас бид хамгийн богино хугацаанд баръя гэж байна. Биднийг ирэхэд компанийн удирдлагууд 200 гаруй км газар дээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн бага нь дөрвөн, дээд тал нь 10 км авсан. Хамгийн ажил ихтэй газар бол доод суурь буюу далангийн ажил. Энэ ажлыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгана. Техник, хүчин чадал сайтай байгаад ажил саатахгүй, өдөр уртсаж байгаа үед бололцоотой. Үүний дараа шууд үеэ угсраад явахад зургаан сар буюу энэ оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1 гэхэд галт тэрэг зогсож байгаа шиг зам болно гэж танилцуулсан. 
 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: ШИНЭЭР ХОЁР БООМТ ХОЛБОГДСОН НЬ МАНАЙ ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ

 -Монгол Улсын шинэ сэргэлтийн зургаан бодлого тэр дундаа боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хийж байгаа стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажил буюу Зүүнбаян, Хангийн 226.9 км төмөр замын ажил ийн эхэлж байна. Энэ нь бидний хувьд эдийн засгийн том стратегийн ач холбогдолтой юм. Түрүүн Ерөнхий сайд яриандаа дурдлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Эрээнцав, Сүхбаатар, Замын-Үүд гэсэн гурван боомт дээр төмөр замаар холбогдсон байдаг. Тэгвэл удахгүй долдугаар сард Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам хил дээр очиж дуусна. Мөн энэ жилийн дөрөвдүгээр улирал гэхэд өнөөдөр эхэлж байгаа Зүүнбаян-Хангийн төмөр зам хил дээр ирснээр таван боомт төмөр замаар холбогдож байна гэсэн үг. Шинээр хоёр боомт холбогдсон нь манай үндэсний төмөр замын сүлжээ. Эрээнцав, Замын-Үүд Сүхбаатар төмөр замын боомт нь Улаанбаатар төмөр замын ийм сүлжээ. Үндэсний төмөр замтай болно гэдэг нь стратегийн том чухал ач холбогдолтой юм.

 

"МОНГОЛИАН ТРАНС ЛАЙН” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.БАЯРЖАРГАЛ: МАНАЙХ ӨМНӨ НЬ 130 КМ ТӨМӨР ЗАМ ТАВЬСАН ТУРШЛАГАТАЙ КОМПАНИ

 -Бид өмнө нь 130 орчим км төмөр зам тавьсан туршлагатай. Үүний дагуу бүх инженер техникийн ажил хяналт дээр байгаа. Туслан гүйцэтгэгчээр 90 орчим Монголын аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажил дээр явж байна. Зэвсэгт хүчний дөрвөн анги хилийн орчим ажиллаж байгаа. Өмнө нь Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам дээр ажилласан аж ахуйн нэгжүүд байгаа учраас хуваарьт төлөвлөгөөгөөр хугацаанд нь дуусгах боломжтой. Чанарын хувьд гуравдугаар зэрэглэлийн төмөр зам. Энэ нь стандарттай, 20 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар төмөр замаас бид одоогийн байдлаар эхний ээлжинд дотоод тээврийнхээ галт тэрэгнүүдийг авч байна. Суурь бүс барьсны дараа далангийн ажлыг Улаанбаатар төмөр замын ангиар гүйцэтгүүлэхээр ярьж байна. Одоогийн байдлаар эхлэл цэгээс хил хүртэл уул уурхайн дөрвөн аж ахуйн нэгж бидэнтэй холбогдож байна. Лиценз авсан 10-аад аж ахуйн нэгж бий. Төмөр замын МСҮТ-д орон нутгаас 18-35 насны хүмүүсийг сургах бүртгэл ажил эхэлсэн байгаа. Эхний ээлжинд 500, бүрэн ашиглалтад орсны дараа 1300 ажлын байр бий болгоно. Тавантолгой, Гашуунсухайт, Зүүнбаян төмөр зам дээр ажиллах жишгийг барьж ажиллана.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх