Алтай таван богд чиглэлд авто зам барих ажлыг 2023 онд эхлүүлнэ

 

Алтай таван богд чиглэлд авто зам барих ажлыг 2023 онд эхлүүлнэ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна. 

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 400 гаруй иргэн оролцлоо. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжив. 

Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаан нуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжлээ. Цагаан нуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар "Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг нутгийн иргэдэд танилцууллаа. Мөн Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн Алтай таван богд чиглэлд авто зам барих ажлыг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт ажилгүйдэл, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй зэрэг асуудлыг хөндөж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. "Алсын хараа -2050” баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван 10 жилээр тодорхойлсны эхний 10 жилийн бодлого нь "Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх