“Сэхээнд” байсан 11-11 төвийг дахин амилуулав

Иргэд, хөдөлмөрчдийг хүлээн авч уулзах, тэдний гаргасан гомдол, өргөдлийг шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны дөрөвдүгээр сарын 16-ны 209 дүгээр тогтоолоор Иргэдийг хүлээн авах байрыг нээн ажиллуулсан түүхтэй. Тухайн үед тус байрыг Засгийн газрын ХЭГ-ын Захидал харилцааны хэлтэст харьяалуулж байжээ.

“Сэхээнд” байсан 11-11 төвийг дахин амилуулав

 

Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, хэрхэн шийдвэрлэснийг хянах, мэдээллийн системийг иргэдээ сонсох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цаасгүй, түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх үүднээс дээрх байрыг 2012 оны аравдугаар сард Засгийн газрын 11-11 төв болгон өөрчилсөн байдаг. Программын хэрэглэгч талуудад төрийн байгууллага, оператор, иргэн, төрийн байгууллагын удирдлага болон тухайн байгууллагын дээд шатны удирдлага багтаж, иргэдийн санал, хүсэлтийг утас, биечлэн, мессеж, мобайл, веб сайт, вэб чат, сошиал зэрэг сувгаар хүлээн авч бүртгэн, холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллуулахаар зохион байгуулсан юм. Байгуулсан эхний үед 11-11 төв нь журамд заасны дагуу хэвийн ажиллаж байсан ч сүүлийн жилүүдэд сураг нь тасарч, үйл ажиллагаа нь тасалдахад хүрчээ.

Иргэдийн ирүүлсэн нийт гомдол, саналын 80 хувийг хүлээн авдаггүй, хариу мэдэгдэггүй байсан гэх баримтаас үзэхэд 11-11 төвийн үйл ажиллагаа ямархуу байсан нь ойлгомжтой.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "сэхээнд” орж, амьтай голтой төдий байсан 11-11 төвийг дахин амилуулж, иргэдээ сонсдог, нэг ч өргөдөл, гомдлыг орхигдуулахгүйгээр хүлээн авдаг, хариу өгдөг, арга хэмжээ авч, эргэн мэдэгдэж байхаар өөрчлөн зохион байгуулж, ажилд нь оруулав.

"11-11” төв нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллуулж байхаар болжээ. Тус төв нь санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн , цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авах юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөтгөн шинэчилсэн "11-11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрбээр Хан-Уул дүүргийн 11дүгээр хорооны иргэн Ө-гийн гомдлыг утсаар хүлээн авав.

Иргэн Ө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зарим үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв. Иргэд, олон нийттэй харилцах "11-11” төв одоогийн байдлаар зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200, бусад сувагтай нь хамтад нь авч үзвэл 1000 гаруй дуудлага, гомдол, санал хүлээн авч байх юм. Түүнчлэн тус төвд дуудлага хүлээн авах операторын тоог нэмэгдүүлж, 10 болгожээ.

Энд нэг зүйлийг онцолбол тус төвийн мэдээлэл хүлээн авах цахим системд "Ажлаа хий” гэсэн цэс байрлуулах юм билээ. Энэ цэсээр ирүүлсэн мэдээлэл, гомдлыг тухайн өдрийн 17.00 цаг гэхэд холбогдох, яам, агентлаг, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж байх аж. Зөвхөн мэдэгдээд зогсохгүй иргэдээс ирүүлсэн гомдол, санал, шүүмжлэлийн дагуу арга хэмжээ авч, 7-10 хоногт багтаан хариу өгч байх гэнэ.

Ерөнхий сайд "Засгийн газар олон нийтийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртээ тусган, төр эргэх холбоотой ажиллахад "11-11” төв чухал нөлөөтэй. Тус төвд хамгийн олон ирүүлсэн санал гомдлын дагуу сардаа нэг удаа Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэв.

Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг төрийн бүтээмжийн сэргэлтэд цахимжсан, иргэдийн оролцоотой, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ зорилтын дагуу хийж буй ажлын нэг хэсэг нь иргэдээ сонсох "11-11” төв гэдгийг хэллээ.

Иргэд, олон нийттэй харилцах "11-11” төвийг хурдан, шуурхай ажиллуулж, долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор (2022.01.15) Иргэд, олон нийттэй харилцах "11-11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн юм.

эх сурвалж ata.mn


 


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх