БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадолникыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хатагтай Сухадолникт Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож Итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргэв.  

Уулзалтаар талууд хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаатай холбогдуулан автотээврээр хийгдэх худалдаа бизнесийг саадгүй чөлөөтэй явуулах, тээвэрлэгчдийг дэмжихэд чухал үүрэгтэй болох хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 2021 оны 10 дугаар сард байгуулагдсаныг онцлон тэмдэглээд тээврийн салбарын хамтын ажиллагааны явц байдлын талаар санал солилцов.

Монголын тал Европын улс орнуудаас хийгдэж буй тээврийг одоогийн нөхцөл байдалд хэрхэн саадгүй явуулах, тээвэрлэлтийн шинэ замналыг ашиглах талаар судалж ажиллаж байгааг танилцуулсны зэрэгцээ тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй монголын тээвэрлэгчдийг дэмжих бодлого чиглэлийн талаар санал бодлоо хуваалцав.

Элчин сайдын зүгээс хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаанд өөрийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар санал бодлоо хуваалцаж, ирэх жилийн 2 дугаар сард тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд бизнес харилцаа, худалдааг дэмжих, сурталчлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаж яамны зүгээс дэмжиж оролцохыг хүсэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх