“Шадар гурав”-ын нэг С.Элбэгдорж

"Монгол арт” галерейд удахгүй "Репиний академийн шадар гурав” хэмээх үзэсгэлэн гаргах сургаар хэн, хэний бүтээлийг дэлгэхийг тандахад С.Элбэгдорж, Ё.Өлзийхутаг, Б.Пүрэвсүх нарынх гэв. Зураач Б.Пүрэвсүхийн талаар цухас мэднэ. Ялангуяа "Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг туурвисны 30 жилийн ойн тоглолтын үеэр сайтар лавшруулж авсан юм. Тус киноны зураг бол энэ уран бүтээлчийн ажил гэхээр тэр хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Нөгөө хоёр нөхрийнх нь нэг нь нэрт зохиолч, эрдэмтэн, соён гэгээрүүлэгч  Ц.Дамдинсүрэнгийн, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр үрэгдсэн бүтээлийг төрүүлсэн зураач С.Элбэгдорж гэдгийг мэдсэнээр энэ хүн чухам хэн байв гэдгийг танихыг хүслээ.

“Шадар гурав”-ын нэг С.Элбэгдорж

 

Гялалзаж явсан уран бүтээлч ихэд залуудаа бурхан болсон юм билээ. Тэрээр 1950 онд төрж, 1988 онд өөд болжээ. Богино насалсан ч нэр нь, алдар нь тод. Улсынхаа дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсныг нь хөрөг зургийн мастеруудын нэг Н.Орхон "Манай дүрслэх урлагт С.Элбэгдоржийг гүйцэх хөрөг зураач байхгүй” гэж хэлж, бичсэнээс харж болохоор. Зураач, МУЭ-ийн хорооны дарга Б.Төмөрбаатар "Элбэгдорж багшаараа бид хар зураг хэрхэн бүтээхийг заалгадаг байсан. Натур яаж зурах, нүүрс, ер нь материалаар хэрхэн ажиллах талд маш их зүйл сургасан. Багш зурангуутаа "Битгий гар хүрээрэй” гэж хэлээд, яаж зурсан тухайгаа тайлбарлаж өгдөг байлаа. Үнэхээр гайхалтай чадвартай хүн байжээ, сүүлд харахад. Социализмын үед сурч төгссөн болохоор тэр үеийн бүтээн байгуулалт, эх орны хөгжил цэцэглэлтийн талаар нэлээд бүтээл хийсэн. Багшийн зураг академийн дэг сургуулиа дагаад ч тэр үү, нэг тийм нягт өнгөтэй. Гайхалтай бүтээлүүдийг нь бид хараад, шагшраад суудаг байж билээ” хэмээн дурсав.

С.Элбэгдорж багшийн шавь, зураач, барималч, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Бадрал "Манай багш бол онгодтой, цагаахан сэтгэлтэй, сайхан зураач байсан. Хурдан хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, цоглог. Онгод орсон үедээ яруу найраг, шүлэг уншина. Төвдийн VI Далайлам Циянжамц, ХV зууны Узбекийн их найрагч А.Новай, Дагестаны их шүлэгч Р.Гамзатовын шүлгүүдээс уншдаг байлаа. Айж эмээх зүйл байхгүй. Задгай, чөлөөтэй сэтгэдэг. Харандаагаар таталбар хийхдээ гайхалтай. Өөрөө Зүүн гарын Галдан Бошготынхонтой холбоотой хүн л дээ. Миний буурал ээжийн тал бас Галдан Бошготын отгон гүнжийн удам судрын хүн учраас би тэр талаараа багштай их ойр байсан. С.Элбэгдорж багшийн эмэг эх нь ойрад жанжны хөө хуягийг хадгалж байсан юм билээ. Архангай аймгийн Хангай суманд амьдарч байсан тэр хүнээс гучин хэдэн оны бослого дарах үеэр хувьсгалчид хөө хуягийг нь хурааж авч, шатаажээ. Харин эмэг эхийнх нь дэрэн дотор байсан хуягласан төмөр ялтастай гутал золоор үлдсэн нь одоо Монголын үндэсний түүхийн музейд байна. Энэ тухай багш өөрөө надад ярьж байсан. Багш маань их зохиолч Д.Нацагдорж, ард Аюуш, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн нарын хөргийг  олонтоо зурсан. "Цэцэг нуурын дугуйлан”, "Гийнгоо” зэрэг сайхан уран зургуудыг үлдээсэн юм. Элбэгээ багшийн төрсөн ах С.Идэрхангай нь манай шог зургийн нэртэй зураач байлаа. Миний багш нар орчин үеийн Монголын дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн гавьяатай, буянтай, хүнийг таних, ойлгох, сургах талаараа агуу  хүмүүс байжээ” гэлээ.

“Шадар гурав”-ын нэг С.Элбэгдорж

Зураач С.Элбэгдоржийн гэргий нь МУИС-ийн орос хэлний багш, доктор, профессор, Гавьяат багш, ОХУ-ын Москва хот дахь М.В.Ломоносовын нэрэмжит их сургуулийн хүндэт профессор Ц.Саранцацралт юм. Түүнтэй ярилцаж байхдаа "Одоо гаргах үзэсгэлэндээ Уран зургийн галерейд буй, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөргийн үлдэгдлийг дэлгэвэл ямар вэ. Хажууд нь хуулбарыг нь эсвэл гэрэл зургийг нь тавиад” гэхэд эргэлзсэн байдалтай алаг нүдээ эргэлдүүлсэн юм. Дотроо юу гэж бодсон бол. Хэрхэн шийдэх бол. Ханийнх нь уран бүтээлч нөхдийнх нь ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь үзэсгэлэнг дэглэх тухайд ямар хувилбар дэвшүүлэхийг одоогоор мэдэхгүй болохоор дуугүй байв бололтой.

Зураач С.Элбэгдорж гэж чухам хэн байв гэсэн асуултад хариу хайж ядсангүй.

"Сартай шөнө”. Дугариг саран ганцаар алсад гэрэлтэнэ. Уулсын орой түүний доохнуур хөндөлсөн бас үл мэдэг гэрэлтэнэ. Доохно нуурын мандалд туссан сарны туяа бас тэрүүхэн тэндээ гэрэлтэнэ. Үндсэндээ ийм гурван дүрсээр орчин ямар нам гүм болохыг дүрсэлжээ. Амьтай болгон дуг нойрондоо дугжирч байхад хаана ч юм, хэн нэгэн яагаад ч юм унтахгүй, магадгүй Ф.Шопены аль нэгэн ноктюрн буюу "Шөнийн дуу”-г төгөлдөр хуурт зөөлөн эгшиглүүлэх мэт гэгэлгэн мэдрэмж төрж байна. Ийм яруу. Зураач тухайн үед юун тухай бодож зурсан юм бол. Өнөөдөр түүнийг эргэн дурсахдаа манайх ч бас өөрийн "Ван Гог”-той байсан юм биш үү хэмээн дэвэргэмээр.

"Гийнгоо” бүтээл нь тэр чигээрээ монгол "оюун ухаан” мэдрүүлэх мэт. Зарим нь үүнийг "Уяач. Гийнгоо” гэж нэрлэж зуршсан юм байна. Дэлхийд ганц монгол наадмын нэгээхэн хэсэг, үеийн тухай өгүүлж буй юм шиг хэрнэ үүнийг монголчуудын их баяр цэнгэлээс тасалж, тусад нь авч үзэх аргагүй. Жил хүлээх, бэлдэх, хүлэг морьдынхоо уяа сойлгыг ур ухаан зарж тааруулах уяачдын хөдөлмөр, хүсэл, бас хясал, цангинасан хоолойгоор гийнгоолох багачууд. тэдний ч хөдөлмөр, зүтгэл, зүгээр л наадам гэх зургаан үсэгнээс бүрдсэн үгийн цаадах сэтгэлийн их хүч энэ зурагт нэвт шингэсэн мэт. Энэ зургийг ажиглахад багадаа хөгшин аавтайгаа үзсэн сумын наадам аргагүй санаанд орсон юм. Морь барианы газарт их насны морьд ирэхийг хүлээж томчуудын дунд суухад ах нар бүгд урагшаа хөтөл өгсүүлэн дурандаж байсан санагдав. Тэдний "За, бараан зүсмийн адуу ганцаараа гараад ирлээ дээ. Энэ янзаараа хол тасарч орж ирэх нь ээ. Арын хэдэн бөөн морьд танигдахгүй байна. Уухай, гуядаад өг. Миний хүрэн уг нь дээгүүр л яваа юм байна” гэх зэргээр ярих нь одоо бодоход нэгэн сайхан хөгжмийн эгшиг мэт сэтгэлд гүн бат хадгалагджээ. Эгнэж зогссон наадамчид "Гүүг гүүг, гүүг” гэж хашгиралдана. Тэгснээ хүүхдүүдийг нэрээр нь дуудаж "Гуядаад өг, гуядаад өг” гэж хүч нэмж байсан. Зураач С.Элбэгдорж агсны нэг л бүтээл энэ мэтчилэн монголчуудын удмаас удамд, үрээс үрд дамжин өвлөгдсөн үнэт соёлын тухай хүүрнэж байна.

“Шадар гурав”-ын нэг С.Элбэгдорж

 

Урлаг судлаач О.Сосор зураач С.Элбэгдоржийн бүтээлүүдийг шинжилсэн нь манай улсын дүрслэх урлагийн хөгжилд оруулсан их хувь нэмэр гэлтэй. Судлаач хэрхэн тайлбарласныг хүргэе. Тэрбээр "С.Элбэгдорж дүрслэх урлагийн уран зураг, зураасан зураг гэсэн хоёр том төрлөөр бүтээж байснаас суурь уран зургууддаа байгаль, хөрөг, аж байдлыг голчилж, зураасан зургийн бүтээлүүдээ ном хэвлэл, тэр тусмаа хүүхдийн номын чимэг зурагт зориулжээ. Тэдгээр нь зураач реалист арга ажиллагааг гайхалтай эзэмшсэний дээр уран бүтээлийнхээ утга санаа, дүр дүрслэлээр урлаг, үзэгч хоёрыг ойртуулах чин эрмэлзлэлээр дүүрэн байсныг илтгэдэг. Түүний аль ч төрлийн бүтээл хүний нандин зан чанар, уужим сайхан сэтгэлийг шингээсэн, тайван дөлгөөн, үзэгдэл юмстай, тодорхой, ойлгомжтой дүр дүрслэлтэй байдаг. Ялангуяа эх орныхоо байгалийн үзэсгэлэнг бахдан дуулсан зохиомжууддаа хүний сэтгэл тэнийж, уужран тайвшрах  яруу сайхан байдлыг үзүүлдэг нь өөрийнхөө дотоод ертөнцийн хөг аялгууг эгшиглүүлсэн гэлтэй. Тухайлбал, 1986 онд туурвисан "Отгонтэнгэр” зурагт сэмжин цагаан үүлтэй цэнхэр тэнгэрийн дор сүндэрлэн налайх Отгонтэнгэр уулыг халуун цаг агаарт ч цасан бүрхүүлээ тайлалгүй, цайран дүнхийж харагддаг төрхтэй нь тун ч гайхуулан үзүүлжээ. Гэтэл зохиомжийн доод хэсэгт тэрхүү мөсөн оргилын бэлээр шаргалтан гялалзах ой нь халуун илч түгээх дүрэлзсэн гал лугаа эрс ялгарна. Энд хөх, цэнхэр, цайвар болон үзмэн ягаан сүүдэртэй цасан цагаан уул тайван хэрнээ хүйтэн байдлыг, хүрэн бороос алтан шар хүртлээ чуулах хөвчийн модод амьд хөдөлгөөнтэй, дулаан орчныг бүрдүүлснээр байгаль дэлхийн бүтээсэн ид шидийн ертөнц гэрэл, агаар, үүлтэйгээ хослон, үзэсгэлэн төгс дүрслэгджээ. Эсрэг тэсрэгийг нэг дор цогцлуулсан эл сонин тогтоц элдэв зөрчилгүй, харин ч амьтан хүнд ээлтэй, таатай байгааг ойн захад хосоороо зугаацан идээшлэх буга согоо тодотгоно.

Тэгвэл мөн 1986 онд бүтээсэн "Чигэстэй гол” зургийн зохиомжийн төв нь голын эрэг дээр гэнэтийн үзэгдэл мэт хослон ургасан аварга хоёр мод аж. Эдгээр мод голын эргээр бэлчих сарлагууд болон хөндий талыг нөмөрлөх уулсаас ч өндөр харагдах нь гойд содон. Уран сайхны хэтрүүлэгтэй дүрслэл мэт харагдах байгалийн энэхүү зурагт Монгол орны бас нэгэн үзэсгэлэнт газар болох Чигэстэй голын хөндийд нар хүүшилж байна. Оройн нарны зөөлөн туяа сүрлэг ханхайх уулс, тэнгэр өөд тэмүүлэх өндөр модод, тахирлан урсах голыг улбар шаргал өнгөөр хучиж, зөөлөн дулаан уур амьсгалтай төдийгүй нам гүм, амар амгалан орчин бүрдүүлснийг зураач гайхалтай бодитой үзүүлсэн байдаг. Үүний гол тодотгол бол тааваараа идээшлэх мал сүрэг юм. Үлгэрийн орон гэмээр энэ газрыг эзэгнэх хүсэлтэй харийнхан цөөнгүй байсныг бид түүхээс мэдэх билээ.

Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой бас нэгэн байгалийн зураг бол "Хорго” юм. Архангай аймагт орших Хоргын тогоо хэмээх унтарсан галт уул нь 9000 жилийн тэртээд дэлбэрсэн гэж эрдэмтэд тогтоосон. Дэлбэрэлтийн дүнд энэ уулын оройд 400 шахам метр голчтой 100 метрийн гүнтэй тогоо үүсэж, дотор нь тогтсон янз бүрийн хэлбэртэй хүрмэн чулуунуудыг нутгийн ардууд сандал, ширээ гэх мэтээр нэрлэжээ. Хоргын тогоог манай уран бүтээлчид олонтоо үзүүлдэг нь үлгэр домгуудаас улбаатай. Зураач дархан цаазат Хорго уулыг орчных нь байгаль, мал сүрэгтэй нь дүрслэхдээ намар цагийн гоёмсог өнгийг сонгосон байна. Голын хөндийгөөр идээшлэх сарлагийн сүрэг болон уулын бэл дэх шарласан модод хөхрөн дүнхийх Хорго уулыг чимж, цайран урсах гол зохиомжийг ташуу хувааж, орон зай дахь дүрсүүдийг хэмнэлтэй зөв байрлуулах хийгээд тэнцвэржүүлэх оновчтой шийдэл нь болжээ. Хөнгөн униарт өлгийдүүлсэн байгалийн өнгө ба хэлбэрүүд уянгын, зөөлөн хэллэгтэй” гэжээ.

Репиний академийн үе, үеийн төгсөгчид авьяас билэг, эрдэм оюун, ур чадвар тэгш залуус байдгаар ялгардаг гэдэг. Тэдэн дунд 1980-1990-ээд оныхон нэлээд хүчтэй байсан тухай дүрслэх урлагийн ертөнцийнхөн ярьдаг. Урлаг судлаач О.Сосор ч энэ талаар тэмдэглэсэн байна. Тэрбээр "Монголын шинэ цагийн дүрслэх урлаг үндэсний уламжлал болон дэлхийн сонгодог өв санд тулгуурласан өвөрмөц өнгө төрхтэй мэргэжлийн урлаг болоход тухайн цаг үед гадаад, дотоодын их, дээд сургуулийг дүүргэж, зоригтой туршилт, эрэл хайгуул хийн бүтээн туурвиж байсан авьяаслаг залуус асар их хувь нэмэр оруулсан билээ. Энэ үеийн уран зургийн шилдэг төлөөлөлд Б.Пүрэвсүх, До.Болд, Ё.Өлзийхутаг, Р.Дүйнхоржав, С.Элбэгдорж, Ц.Энхжин, С.Төгс-Оюун, Н.Орхон, Ш.Тэнгисболд, Д.Мөнхжаргал гээд өвөрмөц арга ажиллагаатай зураачдын нэрс тод” хэмээн бичжээ.

Эдүгээ уншигчидтайгаа танилцуулж буй зураач Сэнгэравдангийн Элбэгдорж 1964-1968 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид Ардын зураач О.Цэвэгжав, Д.Амгалан, Б.Чогсом нараас зурах урлагт суралцсан нэгэн аж. Сургуулиа төгсөөд, МУЭ-ийн хотын салбарт хоёр жил зураачаар ажиллаж туршлага хуримтлуулснаар 1971-1977 онд одоогийн Санкт-Петербург хотод  И.Репиний нэрэмжит Уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургуульд уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Ирээд Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж, залуу халаагаа бэлтгэхийн зэрэгцээ эрч хүчтэйгээр бүтээн туурвиж байжээ.

“Шадар гурав”-ын нэг С.Элбэгдорж

 С.Элбэгдорж Репиний академид хамт суралцсан нөхдийн адил сурсан мэдсэнээсээ олон түмэнтэйгээ хуваалцахын төлөө чармайдаг байж. Тухайн үед уран бүтээлчид төдийгүй олон нийтэд ч ихээхэн тустай байсан  "Дүрслэх урлаг” сэтгүүлд зураачдын тухай болон бүтээх арга ажиллагааны талаар өгүүллүүд бичиж нийтлүүлдэг байжээ. Тэрээр багшлаад заваар тааруу байдаг байсан ч идэвхтэй зурж бүтээн, дүрслэх урлагийн уралдаан, үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож иржээ. Ийнхүү цаг ямагт бүтээн туурвиж байсан зураач-багш цэл залуухан 38-хан насандаа өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм билээ. Түүнийг өнөөгийн залуу уран бүтээлчид, уран зураг сонирхогчид дүрийнхээ гадаад төрхийг төдийгүй, оюун санааны ертөнц, зан чанарыг нь ч сайтар илэрхийлж чадсан "Б.Чогсом зураач” (1982), "О.Цэвэгжав багш” (1980 оноос хойш бүтээсэн), мөн олонд алдаршсан "Ц.Дамдинсүрэнгийн хөрөг” (1981)  зэрэг бүтээлээр нь төвөггүй таньдаг.

Зураач С.Элбэгдорж, багш Ц.Саранцацралт нарын хүү Э.Билгүүн англи хэлний мэргэжилтэн, орон судлаач, бизнесийн удирдлагаар мэргэшсэн. Зурах авьяастай тэрбээр "Хэзээ нэгэн цагт зурна аа” л гэдэг аж.

Эх сурвалж, "Өнөөдөр сонин", сэтгүүлч Р.Оюунжаргал



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх