Женнифер Лопес: Хувь тавилан Бен Аффлек бид хоёрт дахин нэг боломж олгосон

Женнифер Лопес, Бен Аффлек хоёрын кино шиг хайрын түүх Холливудын гол сэдэв болоод бараг жил болж байна. Саяхнаас Ж.Лопесын тоглосон "Надтай гэрлээч” кино дэлгэцнээ гарч эхэллээ. Супер баатрууд, фантастик кино давамгайлсан энэ цагт уянгын инээдмийн кино ховор төрөл болоод байгаа. Энэ киног амжилт хүлээж байгаа нь гарцаагүй. Амьдрал сайхан гэдэгт үзэгчдийг дахин итгүүлэх ийм кино үзэгчдэд их хэрэгтэй байсан юм.

Женнифер Лопес: Хувь тавилан Бен Аффлек бид хоёрт дахин нэг боломж олгосон

 


-Женнифер та "Надтай гэрлээч” кинонд таны баатар хууртагдаад, үүнээсээ гарах гарц хайж байгаа дэлхийн одын дүрд тоглосон. Гол утга нь юу вэ?

-Өөрийхөө алдар нэр хүндийн урхинд орлоо гээд түүнээсээ гарч чадахгүй гэсэн үг биш. Ийм хүмүүс их ганцаарддаг, үүнээс ч бас салж болно. Олон сая хүн миний баатар шиг амьдрахыг хүсч байгааг ойлгож байна. Гэхдээ тансаг амьдрал, нэр хүнд, баялгийн ард юу байдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Миний баатар бусадтай адил амьдарч, дурлахыг хүсдэг. Энэ боломжтой. Тэр заавал гэр бүлтэй болно. Ийм боломжгүй юм шиг үед ч найдвар байсаар байдаг. 

-Та бас киноны дуунуудыг зохиосон байх аа?

-Үнэхээр сайхан байсан. Дуучин байна гэдгийг надаас илүү хэн мэдэх билээ? Дуу хөгжим энэ киноны нэгэн салшгүй хэсэг. Кэтийн сэтгэлийг ямар дуугаар илүү илэрхийлж болохыг би мэдэж байсан. Надтай хамтран ажилласан Малума бол хөгжмийн ертөнцөд жинхэнэ шуугиан дэгдээгч. Бид хоёрын дуэт бол миний карьерын хамгийн шилдгүүдийн нэг болсон. Малумегийн ачаар миний дүр Кэти хэдэн мянган үзэгчдийн өмнө гэрлэх ёстой байсан тэр хэсгийн зураг авалтыг хийсэн. Киноны санхүүжилт их байгаагүй болхоор Мэдисон-Сквер-Гарденд зураг авалт хийх боломжгүй байлаа. Тиймээс Малумегийн амьд тоглолтын үеэр бид зураг авалт хийхээр шийдсэн. Их хэцүү байсан ч, бид чадсаан. Ямар ч компьютер график ийм мэдрэмжийг өгөхгүй. 

-Энэ дүр тантай хэр адилхан бэ?

-Би дуучин хүний амьдрал, диск гаргах, аялан тоглолтоор явах гээд бүгдийг мэднэ. Тиймээс энэ дүрд бэлдээд байх шаардлага надад байгаагүй. Кэтигийн хувьд би сэтгэл санаагаар унасан үедээ ямар байдгийг харсан байх. Би тайзнаас буугаад ганцаараа үлдсэн үедээ уйлдаг. Байнгын хараан дор, хэвлэлийн зүгээс үргэлж хатуу дарамтан дор амьдардаг...Би өөрийхөө талаар олон бодит зүйлийг энэ дүрд шингээсэн. Надтай хамтран тоглосон Оуэн Уилсоны дүр асуудаг: "Ингэж зовж шаналахын хэрэг байна уу? Ингэж амьдрах? Бүгдийг нь орхиж болохгүй юу?” гэж. Миний Кэт хариуд нь "Орхиж болохгүй. Би бууж өгөхгүй” гэж хэлдэг. Би Кэттэй адил бодож байна, бууж өгч болохгүй. Зүгээр дуулж бүжиглээд байна гэж байхгүй. Энэ бүгдийг дагаад байнгын хараа хяналт, шүүмжлэл ирнэ. Үүнтэй эвлэрч амьдраад, өөрийн сонгосон замаасаа гажихгүй байвал болоо. Дуучны амьдрал, олны танил амьдрал, хувийн амьдрал гээд гурван амьдрал бий. 

-Та уянгын инээдмийн кинонд дуртай юу?

-Тийм ээ үзэх дуртай. Мэг Райан, Жулиа Робертс нарын киног үзэж өссөн. Тиймээс энэ жанрын кинонд их тоглодог. Миний энэ кино 20 жилийн өмнө тоглосон Maid in Manhattan киноны сэдвийн үргэлжлэл гэж хэлж болно. Энэ жил миний тоглосон бас нэгэн уянгын инээдмийн "Shotgun Wedding” гэж кино дэлгэцнээ гарна.

-"Надтай гэрлээч” кино Валентины баяраар гарч эхэлсэн. Таны хувьд энэ баярыг яаж тэмдэглэдэг вэ?

-Хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэх дуртай. Хэн ч биднийг харахгүй, хэнээс ч нуугдахгүй газар. 

-Саяхнаас эхлээд бүгд таны хоёр дахь боломжийн тухай ярьж эхэлсэн (Аффлек Лопес нар 2002-2004 онд хамт байсан ба хуримыхаа өмнөхөн салж байгаагаа зарласан. Бен түүнээс хойш удалгүй Женнифер Гарнертай гэрлэн 3 хүүхэдтэй болсон. Харин Лопес Марк Энтонитой гэрлэн ихэр хүүхэд төрүүлсэн. Аль аль нь гэр бүлээсээ салсан. Бараг 20 жилийн дараа 2021 оны хавраас эхлэн хамт байгаа)

-Бид эхний удаагаасаа их зүйл суралцсан. Жинхэнэ хайртай учирна гэдэг ховор. Учирсан бол олны өмнө ил дэлгэх хэрэггүй. Ер нь хүн бүх зүйлийг зүрх сэтгэлээ хийх ёстой. Алдаан дээрээ суралцвал бас муугүй. Олон жилийн өмнө бидэнд эхний боломж олдох үед дэндүү ил нээлттэй байсан. Одоо харин бид урьд өмнө байгаагүйгээрээ аз жаргалтай байгаа. Би нэг л зүйлийг хүсэж байна- ирээдүй минь хайр дууүрэн байгаасай, хайртай хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай байгаасай. Энэ тухай бүх хүн л хүсдэг байх.  

-Та алдаа гаргасандаа өөрийгөө буруутгадаг уу?

-Би хийж байгаа зүйлээ зөв л гэж боддог. Тиймээс би өөрийгөө тэгэх байсан юм гэж харамсаж зовоодоггүй. Эсвэл би дэндээ яарсан уу гэж. Алекс Родригестай хамт байх тэр үедээ надад тухтай л байсан. Болоод өнгөрсөн юм. Өөрийгөө дандаа алдсан байна гэж бодож амьдарч болохгүй. Зүгээр л болсон зүйлээс сургамж авхад л хангалттай. 

-Бэн та хоёр энэ он жилүүдэд их өөрчлөгдсөн нь илт байна...

-Надад энэ өөрчлөлт таалагдаж байгаа. Хөндлөнгөөс нь түүний өөрчлөлтийг харж байсан хүний хувьд хэлэхэд би түүгээр бахархаж байна. Ямар хамтрагч болсон, ямар аав болсныг хараад. Тэр үргэлж ийм болохыг хүсч байсан. Өөрөө өөртэйгөө, эргэн тойронтойгоо шударга харьцах. Бид аль аль нь өөрийгөө таниж мэдэх уртаас урт замыг туулсан. Тиймээ бидний хайр бол сайхан хайрын түүх. Би хүүхдүүддээ жинхэнэ хайр гэж байдаг гэдгийг хэлж чадна. Мөнхийн үнэ цэнтэй зүйлдээ хүрэхэд заримдаа зам нь муруй, урт байх тохиолдол байна. Хувь тавилан бидэнд дахин нэг боломж олгосонд бид баяртай байгаа. Энэ боломжийг алдахыг хүсэхгүй байна. Ийм боломж олдох нь ховор, бид үгээр хэлшгүй азтай хүмүүс. Энийгээ бид сайн ойлгож байгаа. Жинэхэнэ хайртайгаа учирчихаад, тэрнийгээ алдчихаад, дахиад хайртай хүнтэйгээ хамт байх боломж олдоно гэдэг. 

-Огт айхгүй байна уу?

-Эхлээд бидэнд айдас байсан. Мэдээж бүгд мэдсэний дараа жинэхэнэ цирк эхэлсэн дээ. Бүгд сэтгэлээсээ "дэвсэлж” эхэлсэн. Гэхдээ бид урьдых шигээ гэнэн байхаа больсон. Бид нас ахисан, ухаантай болсон, хүүхдүүд байна. Хүүхдүүдийхээ өмнө ямар хариуцлага хүлээж байгаа, хөндлөнгийн хүний нүднээс амьдралаа нуух ёстой гэдгийг сайн ойлгож байгаа. 

-Танай ихэрүүд удахгүй 14 нас хүрлээ. Ямархуу байна?

-Гайхалтай. Жижигхээн томчууд болсон. Өөрсдийн амьдралтай, үзэл бодолтой, ойлголттой. Их зүйл мэддэг болсон гэдгээ харуулах дуртай. Одоо хүүхдүүдийхээ ачаар би бүгдийг мэддэг, юмнаас хоцрохоо больсон. Би тэднийг "кокосын самар” гэж дуудахад дуртай байдаг. Дөнгөж төрсөн нялх байхдаа кокосын самар шиг байцгаасан юм. 

-Өөр та тэдэнд юу зааж сургадаг вэ?

-Би ямар их хайртайгаа үргэлж харуулахыг хичээдэг. Дотроо амар амгаланг олохын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Ингэж чадсан тохиодолд л хайртай хүнтэйгээ аз жаргалтай болж чадна. Миний амьдралд аз жаргалгүй байгаа мэт мэдрэмж их байсан. Би үүнийгээ олны нүднээс сайн нууж чаддаг. Энэ бол шоу бизнес, би хэний ч урмыг хугалахыг хүсэхгүй байна. Тиймээс олны нүдэн дээр би үргэлж инээсэн, гэрэл гэгээтэй харагддаг. Хүмүүст энэ чинь жаахан ч гэсэн тус болно. Урлагийн хүний хувьд би хүмүүст урам итгэл өгөх ёстой, түүнээс биш өөрийхөө асуудлаар тэднийг дарах хэрэггүй. 

-Энэ их өрсөлдөөнтэй цаг үед та хийж байгаа бүх салбартаа яаж үргэлж оргилд нь байдаг вэ?

-Эмэгтэйчүүд биднийг тодорхой нэг насны дараа юу ч хийж чадахаа больдог гэж боддог. Үнэнийг хэлахэд би өөрөө ч бас үүнийг хүлээж байсан. Хэзээ болих бол гэж. Гэхдээ нэг удаа ийм зүйл болхыг би зөвшөөрөхгүй гэж шийдсэн. Өөрт байгаа хүч, эрх мэдэл, үнэ цэнээ ойлгосон. Гоё сайханд дуусах хугацаа гэж байдаггүй...

-Та америкийн амжилттай яваа баян бүсгүйчүүдийн нэг. Өөрөө өөрийгөө гаргаж ирсэн хүн. Үүний тулд юу хийх ёстой вэ? Таны нууц юу вэ?

-Миний супер хүч. Гол нууц нь би бол дахин давтагдашгүй, цорын ганц. Эмэгтэйчүүд өөрсдийг нь орлуулж, хэн нэгнээр сольж болдог гэж боддог. Тэгээд байгаа зүйлтэйгээ зууралдаад байдаг. Бид бүгдэд цорын ганц, дахин давтагдашгүй зүйл бий. Энийгээ хайрлаж, гамнах хэрэгтэй. Би өөрийгөө ховор нандин гэж боддог. Би хүмүүстэй амархан хэл амаа ололцож, танилцаж чаддаг. Би өөртөө олон янзын зорилго тавьж, боломжоо нээж ажилладаг. Нэг зүйлээр өөрийгөө хязгаарладаггүй. Мэдээж хатуу чанга байж, стресст өртөмтгий байж болохгүй. Сэтгэл зүйн тэнцэврээ хурдан сэргээж сурах хэрэгтэй. Өөрийн эрч хүчээ илүү сайжруулахын төлөө үргэлж  цаг зарцуулдаг. 

-Таны хийж чадахгүй зүйл гэж бий юү?

-Чадахгүй зүйл зөндөө бий. Энэ сэдвээр цаашаа гүнзгийрээд ч хэрэггүй. Жишээ нь сагс тоглож сураагүй. Гэхдээ би өөртөө үнэхээр итгэлтэй болж чадсан. Юу хийж чадахаа мэднэ. Чадахгүй зүйлдээ санаагаа зовоохоо больсон. Өөрөөр хэлбэл би өөрийгөө ойлгож сурсан. Өөртөө итгэдэг болсон. Энэ их чухал. 

Эх сурвалж: www.7dn.ru

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх