Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тухай

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тухай

 

1990 он

Монголчуудын оюун сэтгэлгээнд тэсрэлт бий болж, шинэ, чөлөөт нийгмийн үүд нээгдэн, үндэсний үзэл сэргэж эхэлсэн жилийн наадам. Үзэл сурталжсан нийгмийн улаан туг бүрхсэн хөдөлмөрчдийн сүрт жагсаал, уриа лоозонт баярын парад бус эзэн Чингисийнхээ байгуулсан эртний сурвалжит монгол төрийн их баяр цэнгэлийг төрт ёс, түүх соёл, үндэсний бахархал дүүрэн ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр нээсэн. Есөн хөлт Их цагаан тугийг залах ёслолын сүр жавхлант хөгжмийг Төрийн хошой шагналт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров зохиож, хөтлөгчдийн унших яруу тансаг найргийн цацал шүлгийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бичсэн билээ. Төрийн есөн хөлт Их цагаан тугаа хуяг дуулга агсаж, хүлэг морио унасан баатар эрс Төв цэнгэлдэхэд ёслол төгөлдөр залж, Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр алхалсаар саран дугариг эсгийт индэр дээр гарч түмэн олондоо хандан хүндэтгэл, бахархлын үг айлдан Ардын хувьсгалын 69 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээсэн түүхтэй.

 2022 он

Энэ жилийн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг "Монгол бахархал” нэрийн дор Монгол хүн, Монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин Монгол, хүн байгалийн хүйн холбоо, Монгол хэл бичиг, Монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулахыг зорьж байна. "Тэр дундаа Монголчуудын хэл соёл, өв соёл нь дэлхийд байхгүй цор ганц бахархал билээ”.

Бидний оюун санааны нүүдэл зогсоогүй байгаа учир "Монгол бахархлаараа” омогшиж, дотоод нүүдлээ сэрээж, дэлхий нийтэд бид Монгол үндэстэн гэдгээ таниулж, бахархах сэтгэлийг төрүүлэхэд оршино. 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг МИНИМАЛИСТ хэв маягаар хийх бөгөөд 

1. Тулганы гал асаах хүндэтгэлийн ёслол, 

2. Дөрвөн улирал оршихуй, 

3. Монголын их амар амгалан /Пакс Монголика/, 

4. Монгол хөг, ая дан, 

5. Монгол хэл бичиг мину, 

6. Тэнгэрийн элч, 

7. Төгсгөл буюу - Бид нэг үндэстэн гэсэн 7 хэсгээс бүрдэх юм.

 Мөн энэ жил хаалтын үйл ажиллагааг урлагийн тоглолттой зохион байгуулах ба дрон үзүүлбэр ашиглахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх