Дэлхийн банк нийслэлийг шүүмжилжээ

Дэлхийн банк нийслэлийг шүүмжилжээ Дэлхийн банкнаас нийслэлийн газрын харилцаа, хууль эрх зүйн орчин, менежментэд хийсэн судалгыыны дүнг өнөөдөр нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жим Андерсон, судалгааны багийн гишүүд, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг холбогдох албаныхан оролцлоо.

 

Дэлхийн банкны судалгаанд,

 

2000 оноос хойш Улаанбаатар хотын хүн амын өсөлт эрс нэмэгдэж, барилгажуулсан нутаг дэвсгэр 40 хувиар нэмэгдсэн байна. Хотын өргөжилтийн үр дүнд Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтрал хамгийн бага  хотуудын нэг болжээ. Энэхүү бага нягтралтай орон зайн өргөжилт нь замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний хүртээмж багасах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгосон байна. Төлөвлөлтгүйгээр газар олголт хийснээс нийтийн эзэмшлийн газар бусдын өмч болж, ашиглагдах тохиолдол цөөнгүй байсан. Мөн Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар олгохоор болсон нь нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг байршил хамаарахгүйгээр шийдэх шаардлага бий болгожээ. Газар бол өмч, хөрөнгө. Холбогдох хуулиараа ч газрын төлбөр, хураамжтай. Гэтэл газрын төлбөр төлж буй ихэнх газрын эзэд өнөөдрийг хүртэл олон жилийн өмнөх зах зээлийн ханшаар газрын төлбөрөө төлж байгаад Дэлхийн банкны судалгааны багийнхан шүүмжлэлтэй хандаж байна.

 

Харин Дэлхийн банкны зөвлөх, Хотын хөгжлийн мэргэжилтэн Дейвид Мейсон "Олон жилийн турш газрын менежмент тааруу явагдаж байснаас шалтгаалж шилжилт, хөдөлгөөн нэмэгдэх бүрд автозамын хүрэлцээ багасаж, иргэд нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд багагүй хугацааг зарцуулж байгаа тооцоо гарсан” гэжээ.

 

Таницуулгын төгсгөлд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Дэлхийн банкнаас гаргасан энэхүү судалгааны дүн, богино болон урт хугацааны зөвлөмжийг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох албаныхан мөрдлөг болгож ажиллах хэрэгтэй. Цаашид анхаарах олон чухал санааг бидэнд өглөө” гэж мэдэгдсэн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх