С.Нарангэрэл: Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан тул УИХ ҮХНӨ оруулах шаардлага үүсч байна

Академич С.Нарангэрэлээс Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэртэй холбоотойгоор байр суурийг нь тодрууллаа.

С.Нарангэрэл: Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан тул УИХ ҮХНӨ оруулах шаардлага үүсч байна

 

Тэрээр "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргасан. Одоогоор ҮХЦ-ийн энэхүү дүгнэлтийн үндэслэлтэй, үндэслэлгүй юү гэж маргах, элдвээр хэлэх эрх хэн нэгэн албан тушаалтан, эгэл жирийн иргэд бидэнд байхгүй. Энэ шийдвэр гарсныхаа дараагаас эхлээд хүчин төгөлдөр болж эцэслэгдчихсэн. Одоо яагаад ч өөрчлөлт оруулах аргагүй. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн эрх зүйн маргааны асуудлаар мэргэшсэн, дагнасан шүүх. Шүүх одоо эцсийнхээ шийдвэрийг гаргасан. Харин ҮХЦ-ийн тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засамжлах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага Монгол Улсын Их хурал, хууль тогтоогчдын өмнө тулгарч байна. Ер нь УИХ бол УИХ-ын сонгуулийн дараах Монголын ард түмний, нийтийн эрх ашгийг илэрхийлсэн бага ард түмэн. Тиймээс УИХ энэхүү асуудлыг шийдвэрлэнэ.

Эрдэмтэн, судлаачийн байр сууринаас УИХ ямар шийдвэр гаргах бол гээд холбогдох Үндсэн хууль, хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, элдэв гаргалгааг шинжлэх ухааны үүднээс оролдоход УИХ хоёр шийдэл гаргана. Үндсэн хуульд заавал хүрэхгүй ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр холбогдох Үндсэн хуулийн дараа ордог Үндсэн хуулиар хуульчилсан хууль буюу органик хууль Их хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдэх арга зам бий. Гэтэл энэ боломжгүй. Заавал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэр өөрөө УИХ-ыг Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт хийх гарцаагүй байдал руу оруулчихсан. Тэгэхээр гол асуудал нь 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг л хүчингүй болгосон шүү дээ. Нэгэнт энэ заалт хүчингүй болсон тул Засгийн газрын гишүүдийн хувьд хий орон зай үүсчихсэн. Ийм хий орон зайг нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгож авах ёстой. Тиймээс УИХ Үндсэн хуульд оруулах зайлшгүй өөрчлөлт бол УИХ-ын өөрийнх нь гишүүдийн санаачилгаар биш ҮХЦ-ийн эцэслэн гаргасан хэн ч засаж залруулах аргагүй шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл байдал тулгарсан байна.

ҮХЦ-ийн их суудлын гаргасан дүгнэлт үндэслэлийг шинжилж нэгтгэн дүгнэхэд, Үндсэн хуулийн удиртгал хэсгийг зөрчсөн байна. Хоёрт, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт ардчилсан ёс хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэсэн заалт зөрчигдсөн гэж цэц дүгнэсэн байна. Дараагаар нь  Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээс бусад тогтоосон үүрэгтэн гэвэл ажил албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт зөрчигдсөн. Хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Үндсэн хуульд хууль зарлиг бусад шийдвэрт бүгд үндэслэгдэнэ гэсэн заалт зөрчигдсөн.        

Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх бол үндсэн хуульд хууль тогтоомж нийцэж байгаа эсэх маргааныг магадлан шийдвэрлэдэг. Хууль тогтоомж гэдэг бол дотроо Үндсэн хууль. Үндсэн хууль хуульчилсан Монгол Улсын Засгийн газрын гэдэг ч юм уу, Шүүхийн тухай хууль гэдэг ч юм уу. Дээр нь ердийн хууль, УИХ-ын бусад шийдвэр. Үүнд, УИХ-ын тогтоол орж байгаа. Эдгээрийг Үндсэн хууль зөрчсөн байх юм бол ҮХЦ шууд хүчингүй болгочихдог. Хүчингүй болгосон шийдвэрийг УИХ холбогдох хуульдаа өөрчлөлт оруулж, засдаг уламжлал практик манай улсад 30 орчим жил тогтчихсон. Гэтэл энэ удаад цэцийн шийдвэрийг бүрэн гүйцэт зөв хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй онцгой нөхцөл байдал үүссэн. Тиймээс хууль тогтоогчид, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал агуулга, эрх орон, ард түмний язгуур эрх ашиг, төрийн гүйцэтгэх алба чин шударга байх зарчмыг эрхэмлэж Үндсэн хуульдаа холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Дээр нь Монголын төр тогтвортой байх ёстой. Энэ нь маш том баримтлах гол зүйл" гэлээ. 

Эх сурвалж: www.itoim.mn, сэтгүүлч Л.Гантөгс


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх