Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн “Автомашингүй өдөр” өргөн дэлгэр боллоо

"Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Монгол Улсын Засгийн газар төвлөрөл, түгжрэлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Миний хувьд Үндэсний хороог ахалж ажиллаад гурван долоо хоног болж байна.

Нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн “Автомашингүй өдөр” өргөн дэлгэр боллоо

 

Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгоход чиглэж байгаа. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай. Нийслэлд хоногт бүртгэгдэж буй 2 сая 800 мянган зорчилт хөдөлгөөний сая 800 мянга нь хувийн машины хөдөлгөөн байна. 685 гаруй мянга нь нийтийн тээврээр, ердөө 300 орчим мянга нь явган зорчигч байх жишээтэй. Энэхүү зорчилт хөдөлгөөний судалгаанд үндэслэн бодлого боловсруулан ажиллах болно” гэсэн юм.  

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Улаанбаатар хот "Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас тус арга хэмжээ түр завсарласан. Харин энэ жил өргөн дэлгэр болж байна. Нийгмийн салбарын олон байгууллагыг иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, иргэд үйлчилгээ авч байна. Мөн бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцож байгаа. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Өглөө МУИС-ийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо. Спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болно. "Автомашингүй өдөр” хүмүүс зөвхөн алхах, дугуй унаад зогсохгүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байна. Хүүхэд болгон тоглож наадах хүсэл сонирхолтой. Гэхдээ тэр болгон гадна орчин, тоглох талбай хүрэлцээтэй биш. Иймд хариуцлагатай аав, ээжүүд болон гэр бүлдээ цаг зарцуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Мөн байгууллага, хамт олноороо дугуй унаж, нэг өдрийг амарч, хөгжилтэй өнгөрүүлж буй олон хүн байна. Автомашингүй өдөр бол нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг өдөр. Хүн болгон цаг наргүй ажилладаг болсон энэ үед гэр бүлийн тодотголтой өдөр зайлшгүй байх ёстой. Өнөөдөр гэртээ амарч байгаа хүмүүс байвал "Автомашингүй өдөр”-т идэвхтэй оролцож, гэр бүлээрээ энэ өдрийг халуун дотно сайхан өнгөрүүлэхийг уриалж байна гэлээ.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх