Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо

 НИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулсан юм.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо

 

УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Ийнхүү УИХ-аас нийслэлийн 2023 оны төсвийн суурь орлого, зарлага болон улсад төвлөрүүлэх орлогыг баталсан юм. Төсвийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.5.1, 67 дугаар зүйлийн 67.3-т төсвийн төслийг боловсруулах явцдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасан байдаг. Уг заалтын дагуу Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан, иргэдийн саналыг авахын зэрэгцээ 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд нийслэлийн Иргэний танхимд есөн дүүргийн 300 гаруй иргэнийг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ийнхүү иргэдээс нийт 455 санал төсвийн төсөлд ирсэн байна. Нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар дараах саналууд давтагдан иржээ. Тодруулбал,

  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах
  • Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг өргөтгөх
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх,
  • Явган болон дугуйн зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, засварлах
  • Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх
  • Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар, дулаалга, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны засвар шинэчлэлийн ажлыг хийх зэрэг саналууд голчлон иржээ. Дээрх саналуудыг нийслэлийн төсвийн санхүү, боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан, төсвийн төсөлд тусгасан юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх