ЧЕХ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЯН ЛИПАВСКИЙТЭЙ УУЛЗАВ

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр уулзав.

ЧЕХ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЯН ЛИПАВСКИЙТЭЙ УУЛЗАВ

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай чухал гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон, 70 гаруй жилийн уламжлалт найрсаг харилцаа бүхий Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг 2022 оны 11 дүгээр сард Египт Улсад зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Чех Улсын Ерөнхий сайд П.Фиала нар ихээхэн үр дүнтэй уулзалт хийснийг дурдаад, Ерөнхий сайд П.Фиала Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлов.

Монгол, Чех хоёр улсын харилцаанд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд БНЧУ-ын тал хоёр орны хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлэв. Монгол, Чехийн хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр 2023 оны 3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох бөгөөд өдгөө манай улсын 12000 орчим иргэн Чех улсад ажиллаж амьдарч байна. Тус хэлэлцээр нь Чех улсад ажиллаж, сурч буй монгол иргэдэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглэв.

Чехэд сурч төгссөн олон зуун монгол оюутан залуус Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд цаашид энэхүү уламжлалыг үргэлжлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 30-60 оюутныг Чех улсад суралцуулах болсонд монголын тал сэтгэл хангалуун буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлэв.

Түүнчлэн Карлын Их сургууль дахь Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа нь монгол судлалыг Чехэд төдийгүй Европт дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг сайд Б.Батцэцэг тэмдэглэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх