ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УЗБЕКИСТАНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.САИДОВТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Бүгд Найрамдах Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 3 дугаар сарын 8-ны өдөр Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидовтай албан ёсны хэлэлцээ хийв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УЗБЕКИСТАНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.САИДОВТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид Узбекистан Улстай хөгжүүлж буй харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэх, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх болон Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв. Узбекистаны тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгуулах, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах саналыг дэвшүүлэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх