“ӨНЖИЛГҮЙ ИХЭРЛЭСЭН ӨМБҮҮ БУЮУ ӨВӨЛЖСӨН НАВЧНЫ ДУУЛЬ”

“ӨНЖИЛГҮЙ ИХЭРЛЭСЭН ӨМБҮҮ БУЮУ ӨВӨЛЖСӨН НАВЧНЫ ДУУЛЬ”Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч, СУИС-ийн багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн агсны мэндэлсний 70 насны ой улирч буй 2016 онд тохиосон билээ. Улсын хүүхэд залуучуудын театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн энэ эрхэм тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ мөнхөрснөөс гадна түүний шавь нар үл тасрах урлагийн галыг маналцаж, уран бүтээл туурвиж байна. УДЭТ-ын найруулагч, соёлын тэргүүний ажил­тан Ч.Түвшингийн найруулах урлагийн багш нь Л.Лхаасүрэн. Л.Лхаасүрэн багшийнхаа уран бүтээлийн нэгэн онцлог болсон хүүхдийн уран бүтээлийг түлхүү барьж авч ажилласан найруулагч Ч.Түвшин их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан УДЭТ-ын тайзнаа тавьсан "Жаргаагүй нар” жүжгийг залуу уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэйгээр амжилттай амилуулсан билээ. Найруулагч Ч.Түвшин багшийнхаа тухай ийн дурсав.

Албан байгууллагуудын халаалт ирээгүй 1998 оны намрын нэгэн зэвэргэн өдөр өрөөндөө бичиг цаастай зууралдаад гадуур хувцастайгаа сууж байтал хаалга сэвхийж театрын нэрт найруулагч, жүжигчин, киноны найруулагч, жүжигчин, багш, орчуулагч, хүүхдийн жүжгийн зохиолч гээд олон гуншинтай нэгэн залран орж ирлээ.

Ирсэн шалтгаан зорьсон зорилгоо завсаргүй ярьснаас хойш төд удалгүй бидний хооронд халуун уур амьсгал ундарч эхэллээ. Ингэж бүлээцүүлж ирсэн хүн бол сэдэлтэй сэдэвтэй явдаг миний багш Л.Лхаасүрэн юм. Ард түмэндээ "Ацаг шүдний зөрөө”-гийн Сорвит, ”Гарын таван хуруу”-гийн Шагдар, "Говь Хянганд тулалдсан нь”-ын хошууч Лувсан, "Болд хэрхэн хатаагдсан нь”-ы Корчагин,”Ромео Жульетта хоёр”-ын Ромео зэрэг дүрээрээ үзэгчид болон мэргэжил нэгт нөхдийнхөө бахархал болсон нэгэн. Тэрээр уран бүтээлийн бенефис тоглолтоо хийнэ хэмээв. Сургууль төгсөөд хоёр жил болж байгаа шавьдаа итгэж ирдэг сийрэг бодолтой хүнийг, багшийгаа хүндэтгэн зөвшөөрөхгүй бол алдас болох буй заа. Тэгье багшаа гэж хэлж дуусмагц элдэв нуршилгүй гараад явлаа. В.Шекспир "III Ричард ван”, "Ромео Жульетта хоёр", С.Жаргалсайхан "Хаан түүх" цуврал, Ю.О.Нил "Тамын дурлал”, Н.Коляда "Ижил хүйстэн”, Ж.Х.Чейз "Бие хамгаалагч" ,Ч.Лодойдамба "Ёс ёмбогор төр төмбөгөр”, К.Гольдони "Буудлын авхай "жүжгүүдэд туслах найруулагч, Т.Уйльямс "Хүслийн трамвай", Б.Энхболдбаатар "Наран тойргийн тасархай”, А.П.Чехов "Хурим” жүжгүүдэд ассистент найруулагчаар ажилласны сацуу Т.Габбе "Болор шаахай” водевиль жүжигт ерөнхий найруулагчаар ажилласан шавьдаа итгэжээ. Энд би өөрийгөө биш багшийгаа ийм шавь төрүүлснийг нь хүүрнэх гэсэн юм шүү. Тиймээ багш минь : Товчхон байх авьяасын үндэс гэж хэлдэг байсан юм. Хөшиг нээх нь тодорхой болсон тул ажлынхаа төлөвлөгөөг гаргалаа. "Шавь нарыг цуглуулах, Хамт ажиллаж байсан уран бүтээлчдийг нь цуглуулах, Ажиллаж байсан байгууллагуудтай холбоо барих, Зохион байгуулах ажлын хэсэг гаргах, Баримт материал цуглуулах, Үзэгчдийг дуудах гэхчилэн хийх ажлаа жагсаалаа.

 

“ӨНЖИЛГҮЙ ИХЭРЛЭСЭН ӨМБҮҮ БУЮУ ӨВӨЛЖСӨН НАВЧНЫ ДУУЛЬ”

 

Юуны түрүүнд Лхаасүрэнгийн шавь нар гэгдэх кино драмын ангийн төгсөгчид болон оюутнуудыг өөрийнхөө мэдэхээр цуглууллаа. 1987 оны төгсөгчид болох Эрдэнэтийн театрын Баярмагнай, "Язгууртан” театрын Наран-Амгалан, Цовоо, Уранчимэг, Саранцэцэг, Энхбат нар, 1992 оны төгсөгчид болох Дэмидбаатар, Өлзийхүү, Оюундарь, Хүрлээ, Ганхуяг, Мягмаржав, Сарантуяа нар, 1995 оны төгсөгчид болох Энхбаатар, Энхээ, Ундармаа, Батмөнх, Оюунчимэг, 1996 оны төгсөгчид гэхлээр өөрийнхөө ангийн 30-аад нөхдийн нэрсийг нэгбүрчлэн гаргаж УДЭТ-ын алдарт 17 номерын өрөөнд дуудлаа. Тухайн үедээ сурч байсан гэвэл Ганцэцэг, Урнаа, Одноо нарын II курсын оюутнууд байсан санагдана. Гэвч урлаг хөгшин залуу гэж ялгах биш тоглолтын нэр төдийгүй хэлэх санаатай уялдах эхний асуултаа тавилаа. Тэдний хариулт "Хугараагүй ноён нуруу”, "Гарын таван хурууны Шагдарын буман шавийн чуулган”, "Гарын нэг зуун нэг хуруу”, "Чоно ба долоон ишиг, найман ботго, есөн хурга”, "Хараал идсэн багшийн хар мянга есөн зуун ерэн есөн шавь”, "Улсын их авьяастнуудын намрын чуулган” гэх мэт хөвөрч өглөө.

Өөрийнхөө үзэл бодолд үнэнч бөгөөд хэв шинжит байдалд дургүй, захиргаадалтаас дээгүүр урлагаа тавьдаг, зарим сэтэртэнгүүдийн хараалыг идсэн Лхаа багш маань олон шавьтай. Шавь нар нь багшийгаа байгаа дээр гэж эрхэлсэн үү, эсвэл ирээдүйд чансаатай уран бүтээлчид болно гэж итгэсэн үү ямартай ч бодсоноо арай өөрөөр илэрхийлж сурчээ. Цаагуураа л нэг егөө хоржоонтой хэллэгтэй ч хүнд өөрт нь сайныг хүссэн санаа дагуулсан багшийн маань үг үйлдлүүдээс шавь нар нь нэг афоризм сурсан нь "Би малчин биш” гэдэгүг байлаа. Энэ нь малнуудтай харилцах дургүйгээ илэрхийлэхийн сацуу хамтрагчаа, сурагчаа мал байхыг эсэргүүцэж буй багшийнүзэл байлаа. Биднийг ном уншихыг шаардаж байсан нь энэ бүгдийг үсэглүүлэх гэж бодсоных байх даа. Эрих Фромын "Эрх чөлөөнөөс дайжихуй”, Сервантесын "Кихот ноён”, К.Гольдонийн "Феодал буюу садар эрийг номхотгосон нь” гэхчилэн хүн төрөлхтөний үнэт өвүүдээс багш минь мал, малчин хоёрын тухай хэдийнэ ойлгосноо л хэлдэг байж. Лхаасүрэнгийн шавь нараас хошин урлагийн томоохон урсгал, солгой жүжигчид олон төрснийг хэлэхэд илүүц. Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Өлзийхүү гээд хөрвөх чадвартай бүтээлч олныг төрүүлжээ. Мөн телевиз, жүжиг кино, сурган хүмүүжүүлэх чиглэлээр шавь нар нь маш өргөн хүрээтэй амжилттай ажиллаж байгаа. Телевизийн салбарт ч олон шавь нар нь байдгаас манай ангиас л гэхэд МҮОНТВ-ийн "Соёл Эрдэнэ” редакцийн продюссер Т.Амармэнд, ММ агентлагийн нэвтрүүлэгч, хөтлөгч Г.Чоглоонамжил, Хүүхдийн редакцийн найруулагч Л.Ариунжаргал гээд нэрлэж болно. Л.Ариунжаргал найруулагч төгссөн цагаасаа хойш телевизээс урвасангүй, харин ч Монголын телевизийн урлагийг дэлхийд сонордуулж олон наадмаас гран при шагнал авч ирсэн нэгэн.

СУИС-аар Багшийн тоглолт сургуулилалтын тухай ярилцахаар одоогийн "Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг тухайн үед жүжигчний II курсын ангийн дарга байсан юм. Ганцэцэгийн ангийнхантай уулзахаар очтол Лхаа багш аанай дөрвөлжин цаас надад өглөө. Аанай гэдэг нь багш оюутнуудынхаа ажлын болон ямар нэгэн концерт, үзүүлбэрүүдийн цуваа гаргахдаа дөрвөлжилж урсан цаасан дээр нэрсийг нь ажлын нэртэй нь бичиж байгаад дээр дор нь оруулж ёстой нэг тетрис тоглож өгдөг байв. Тэр нь найруулагчаар сурч байгаа надад лав чухалд тооцогдох хичээл болсон юм. Болоогүй ээ бас тамхи татахдаа хүртэл дөрвөлжиж урсан цаасаа конус хэлбэрт оруулж бариад үнсээ тогшино. Багшийн өгсөн цаасан дээр "Өнжилгүй ихэрлэсэн өмбүү буюу өвөлжсөн навчны дууль” гэж бичсэн байв. Энэ нь бидний эрж хайгаад байсан тоглолтын нэр. Багшийн хүслээс зөрөлтэй биш анонс афиша хэвлүүлэх ажилдаа орсон доо.

Тухайн үед Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, И.Нямгаваа ГИТИС-ийн школтойүе тэнгийн хэдэн найруулагч байсны нэг нь Лхаа багш. Багшийн анзаарахгүй байх аргагүй эхний онцлог нь Ж.П.Мольер "Бэрд”, ”Аргагүйн эрхэнд оточ”, Г.Гольдони "Буудлын авхай” нартай нөхөрлөсөн нь байгаа юм. Хошин урлагийн сонгодог зохиолчид болон зохиолууд. Нөгөө талаар Лхаа багшийн тавьсан бусад бүтээлтэй Водевиль төрөл нягт уялдаатай. Водевиль нь Францад XX зууны эхээр үүссэн дуулалт хошин жүжгийн төрөл. Оюутнуудаа ч гэсэн энэ төрөл рүү түлхүү чиглүүлнэ. Жишээ нь, 1995 оны Эрдэнэтийн студийн жүжиг Л.Лхаасүрэн "Сар нуугдсан шөнө”, манай 1996 оны төгсөгчдийн жүжиг Н.Саалуут "Савдагтай ууланд” гээд хүүхдэд зориулсан бүтээлүүд нь водевиль төрөлтэй байсан юм. Энэ төрөл нь миний уран бүтээлд ч гэсэн нөлөөлсөн. Сургууль төгсөөд УДЭТ-ын тайзнаа Т.Габбе "Үнсгэлжин”-гээс эхлээд Ф.Вебер "Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх”, Д.Содномдорж гуайн бэсрэг найраглалаас сэдэвлэсэн "Норовын намтар” гээд ерөнхий найруулагчаар нь ажилласан жүжгүүд, Архангайн ХДТ-т В.Шекспирийн "Эндүүрлийн паян” Ж.Родари "Чипполино” жүжгүүдэд маань нөлөөлжээ. Энэ завсар өчихөд СУИС-ийн 1996 оны төгсөгч хэмээгдэх манай ангийнхан л гэхэд "Хаш хаашаа” шоу тоглолт, Н.Саалуут "Савдагтай ууланд”, Б.Рацер "Диоген”, А.Папаяны "Цаг өөр болжээ”, Софокл "Эдип хаан”, С.Шепард "Галзуу дурлал”, Н.Колъяада "Чавх” зэрэг жүжиг, Д.Амар "Солиотой юм”, Ч.Түвшин "Тайлбарлалтгүй” зэрэг богино хэмжээний дэлгэцийн бүтээлтэй төгссөн юм. Төгсөгчид амжилттай байх үндсэн нөхцөл нь найруулагчийн уран чадвар заасан Л.Лхаасүрэн, жүжигчиний уран чадварын багш Ж.Лхамхүү нарын сүлсэн ажиллагаанд байсан гэж би боддог. Хоёр багш онол практикийн давталтгүй одоогийнхоор жинхэнэ мастер класс ордог байж.

"Өнжилгүй ихэрлэсэн өмбүү буюу өвөлжсөн навчны дууль” тоглолтонд Ж.Лхамхүү багш маань зүй ёсоор орж ая дуугааөргөхийн сацуу Г.Равдан, О.Бат-Өлзий, Б.Батзаяа, Б.Туяа, Л.Чаминчулуун, Л.Жанчивдорж, Г.Дашхүү, О.Энхтуул, И.Одончимэг, Бэрс КУДС-ийн оюутнууд болох шавь Наран-Амгалангийнх нь хүүхдүүд, РТДС, КУДС, шавь Д.Бямбацогт нарын тухайн үед ажиллаж байсан "Тал тойрог” театрын хамт олон гээд л маш олон уран бүтээлч оролцсон тухайнүед үзэгдээгүй урт тоглолт болсон ба зарим нь сценарт орооогүй нөхөд бүлгээрээ бүлээрээ ирж тоглолтонд орно гэхэд нь миний бие оруулахгүй хэмээн хэрэндээ л бяцхан гомдол ихэрхлийн тулаан болж байсан юмдаг.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх