Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. 

Ерөнхий сайд "Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, "Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа. 

Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв.  Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, 2023 онд  суурь цалингийн 222 ялгааг 53 болгосон, төрд ажилласан жил болгоныг тооцон нэмэгдэл олгож байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлсэн. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ. 
 
Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.
Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцлов.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх