Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ. 

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлт боллоо

 

"Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ зарласан,  бусад намууддаа ч уриалж буйгаа дахин илэрхийллээ. "Илүү хүмүүнлэг, иргэддээ ээлтэй, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээе” гэж Ерөнхий сайд хэллээ.
Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьжээ. Аймгууд ийм төвтэй болсноор олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмших, хөгжих боломж бүрдэх юм.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмжийг 2-3 дахин нэмсэн. Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр дахин бууруулаад байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх