Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь "Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг хэллээ. Мөн "Төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ.  Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ

 

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, авлига, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ жил ДНБ 5000 ам.долларт хүрсэн. Ирэх онд 6000 ам.долларт хүргэхээр зорьж байна.   
Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд төлөвлөлт маш чухал. Аль салбарыг яаж дэмжих вэ гэдгээ төлөвлөх ёстой. Тодорхой салбарыг хөгжүүлэхдээ бусад салбартай яаж уялдаж байна вэ гэдгийг судалж, хөгжүүлэх, халамжийн бодлогыг танаж, хаана амьдарч буйгаас үл хамаарч айл өрх бүр эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хүртэх ёстой гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэгш хүртээмжтэй хөгжүүлэх нь чухлыг ч хөндлөө. Тухайлбал, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ”Уул уурхайгаас орж ирж буй орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү зарцуулмаар байна. Эдийн засаг өсөж байгаа нь сайн. Одоо энэ өсөлтөө хадгалахын тулд засаглалын чадварыг бэхжүүлэх, халамжийн бодлогыг танах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлт урт хугацаанд хадгалагдана” гэсэн бол ШУТИС-ийн багш Ч.Баасандаш "Хоршоог сайн хөгжүүлмээр байна. Дундын шатлалын хоршоог үндэсний хэмжээнд хөгжүүлэх шаардлага байгаа. Үүнд төрийн манлайлал чухал байна” гэж санал хэллээ. 
Манай улс 980 гаруй мянган өрхтэйгөөс 400 мянга нь нийслэлд амьдарч байна. Энэ оны гуравдугаар улиралд өрхийн орлого 11.7 хувиар өсжээ.
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж буйг "Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” илтгэлдээ дурдсан юм. 
Эдийн засагчдын санал, асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа ирэх онд халамж нэмэгдээгүй. Цаашид ч халамжийн бодлогыг нэмэхгүй, хөдөлмөр эрхлэлт рүү аажмаар шилжүүлнэ гэдгийг онцлоод "Инфляц өрхийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал үзүүлэлт. Цар тахлын үед хэрэгжүүлсэн эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр түүхэн үүргээ гүйцэтгэсэн, 126 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн. Эдийн засгийн өсөлт ард иргэдэд очиж байгаа. Түүхэндээ анх удаа төсвийн орлого давж, төсвөө тодотгож айл өрхөд шууд очдог цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэн” гэв. 
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засагчдынхаа хийсэн судалгааг сонсдог нэгдсэн платформтой болмоор байна. Эдийн засаг, хөгжлийн яамаа институц болгоход Та бүхэн оролцоорой. Цогц судалгаа гаргаад ирвэл хамтарч ажиллая. Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт өгөөжөө өгч эхэлж байгааг харуулж байна” гэлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх