ХӨГЖЛИЙН БЭРШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД БУСДЫН АДИЛ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ХАЙРААР ДҮҮРЭН ГЭР БҮЛ

Аав, ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүү, охиноо хэрхэн дэмжиж хөгжүүлэх вэ? Хүүхэдтэйгээ хэрхэн тоглох вэ? зэрэг асуултын хариултыг хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн профессор Моорин Сэм-Вогэн өөрийн видео хичээлээр өгдөг.

Тэрбээр аав, ээжүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдэх үед сэтгэл нь түгшиж, айж сандрах нь хэвийн боловч хүүхдийнхээ боломж, чадварыг хэрхэн дэмжиж өсгөх талаар мэдлэгтэй байх нь чухал юм хэмээсэн..

-Аав, ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүү, охиноо хэрхэн дэмжиж хөгжүүлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр өөрийн гэсэн давуу талтай. Эдгээр нь тэдний бүтээж урлах чадвар, хувийн зан үйл, эсвэл хөдөлгөөний эв дүй байж болно. Хүүхдийн хөгжлийн бэрхшээлээс илүүтэйгээр түүний хийж чаддаг зүйлс, хүүхэд тань юуг хийж чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал. Хүүхдийн хөгжлийн боломж, чадварыг ашиглаж түүнд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг багасгаж болно.

-Тэдэнтэй хэрхэн харилцах, яаж хүүхдээ ойлгох вэ гэдэг эцэг эхчүүдэд хүндрэлтэй байдаг?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зарим нь аав, ээжтэйгээ ярих боломжтой байдаг бол зарим нь ярьж чадахгүй. Гэхдээ тэд үг хэлж ярихгүйгээр харилцаж чадна. Жишээлбэл, шинэ төрсөн хүүхэд үг хэлж чадахгүй ч аав ээжтэйгээ харилцдаг. Хүүхэд инээх, уйлах байдлаараа дуртай, эсвэл дургүй зүйлээ бидэнд ойлгуулдаг. Үүнтэй адил хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд дуртай, таалагдаж байгаа бол инээж, эсвэл дургүй, таалагдахгүй байгаа бол уурлах, уйлах зэргээр өөрийгөө илэрхийлнэ. Тиймээс тэдэнтэй ойлголцож болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ тархины хөгжлийг өдөр тутмын үйлдлээрээ хэрхэн дэмжих вэ гэдгийг залуу ээж аавууд их асуудаг?

-Дуу авиа, хүн хоорондын харилцаа, инээмсэглэл зэрэг хүүхдийн эргэн тойронд болж өрнөж буй бүхий л зүйлс хүүхдийн хөгжлийг дэмжиж байдаг. Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамт байх үедээ түүнтэй ярьж, хийж байгаа зүйлээ энгийн үгээр тайлбарлаж, түүн рүү инээмсэглэж, эргэн тойрны юмсын талаар тайлбарлаж, дуу чимээ гаргаж байх хэрэгтэй.

Та гэр орны ажлаа хийж байхдаа хүүхэдтэйгээ хамт байж хийж буй зүйлийнхээ талаар түүнд тайлбарлаж ярилцаарай. Жишээлбэл, би аяга таваг угааж байна, одоо аягаа усанд хийлээ гэх мэтээр хийж буй үйлдэл бүрээ тайлбарлаарай. Эдгээр энгийн тайлбар, үйлдлүүд нь хүүхдийн хөгжлийг дэмжиж байдаг.

Хүүхдийнхээ хөгжлийг дэмжих өөр нэг арга бол түүнтэй хамт тоглох. Та өөрийн хийсэн тоглоомоор түүнтэй тоглож болно. Хуванцар саванд хийсэн жижиг чулуу, өнгө өнгийн тууз гэх мэт гэрт байгаа гарын доорх зүйлсээ ашиглаад тоглоом хийх нь тэдэнд илүү сонирхолтйо байдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүү, охиноо хөхөөр хооллох хэрэгтэй юу?

-Хөхөөр хооллох нь бүх хүүхдэд чухал бөгөөд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд онцгой ач холбогдолтой. Хөхөөр хооллох нь хүүхдийн өсөлт, хоол тэжээл, тархины хөгжилд нэн чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олонх нь хөхөөр хооллох боломжтой, харин цөөн хэсэг нь боломжгүй байдаг. Хөхний сүү нь хүүхдэд хамгийн хэрэгтэй хоол тэжээл байх тул хөхний сүүгээ сааж хөхөөр хооллох боломжгүй хүүхдээ хооллоно.

-Яагаад хүүхдийн эрт үеийн хөгжил хамгийн чухал вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааранхүүхэд бүрийн бага насны эрт үеийн хөгжлийн дэмжлэг нь тэдний тархины хөгжилд нэн чухал байдаг. Аливаа хүүхдийн бага насны хөгжлийн дэмжлэг нь ирээдүйн хөгжил, сайн сайхны үндэс суурь болдог тул бид энэ үед онцгойлон анхаарах ёстой.

-Зарим ээж аав хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ яаж тоглох арга эвээ олдоггүй. Та тэдэнд юу зөвлөх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн адил тоглох, зугаацах дуртай. Тэдэнд ном уншиж өгөх, зураг үзүүлэх, тэднийг энгэртээ тэвэрч, эрхлүүлэхэд маш дуртай. Үүний хариуд тэд инээж баярладаг. Хэрвээ тоглоом нь таалагдахгүй бол тэд инээхээ болино. Энэ үед та өөр зүйлийг хайж олох хэрэгтэй болно. Та л хүүхдээ хамгийн сайн мэдэх тул түүнд таалагдах тоглоомыг олж чадна шүү гэж би хэлдэг.

-Хэрвээ хүү, охинтойгоо тоглох цаг, эсвэл тоглоом худалдаж авах мөнгө байхгүй бол яах вэ?

-Хүүхэдтэйгээ тоглох цаг бага байгаа бол гэр бүлийн бусад гишүүд түүнтэй тоглож болно. Ах эгч нар нь хөгжлийн бэрхшээлтэй дүүтэйгээ тоглоход маш тохиромжтой. Учир нь тэд дүүтэйгээ олон зүйлийн талаар ярилцаж, зугаатай тоглодог. Тэдний хувьд дүү нь хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь тийм ч чухал биш. Тэд зүгээр л бусдын адил дүүтэйгээ тоглож чаддаг юм.

-Хүү, охин нь хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй хэмээн таамаглаж буй аав, ээжүүдэд юу зөвлөх вэ?

-Бага насны хүүхэд тань хөгжлийн бэрхшээлтэй байж магадгүй гэж та таамаглаж байгаа бол өөрт хамгийн ойр эрүүл мэндийн төвд очиж зөвлөгөө аваарай. Таны санааг зовоож буй зүйл үндэслэлгүй байж болно, эсвэл хүүхэд тань хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдож болох юм.

Хөгжлийн бэршээлтэй хүүхдэд бусдын адил хамгийн чухал зүйл бол хайраар дүүрэн гэр бүл. Хайр халамжид умбаж өссөн хүүхэд бусдыг хайрладаг хүн болж өсөж торнино. Хайрлуулж өссөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрсэн үедээ бэрхшээлтэй хэдий ч бусдын хайрыг татсан гайхамшигтай нэгэн болно.

Профессор Моорин Сэм-Вогэны видео хичээлийг дэрээх линкээр үзэх боломжтой

https://www.youtube.com/watch?v=tz-YP6sWJBk

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх