“Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурал амжилттай зохион байгуулагдлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр болгон зарласан. Уг өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг "Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд 12 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Хуралд нийт 100 судалгааны өгүүлэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж, салбар салбараа төлөөлсөн 7 шүүгчдийн онооны нийлбэрээр шагналт 4 байр шалгарууллаа.Үүнд:

I байранд: Нийслэлийн 186-р цэцэрлэгийн хөдөлгөөн засалч, хэл засалч Л.Лхагвасүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нар "Аутизмын хүрээний эмгэг /АХЭ/-тэй хүүхдүүдэд зураг солилцох харилцааны систем (PECS)-ийг ашигласан үр дүн”

II байранд: Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд О.Анужин, Н.Болортунгалаг, Э.Жаргал, С.Хишигжаргал нар "Сурагчдын бусдыг энэрэх чадвар болон академик чадвартаа итгэх итгэлд тэгш хамруулах боловсролын үзүүлэх нөлөөг судалсан нь”

III байранд: Түгээмэл хөгжил төвийн Я.Авирмэд ахлагчтай баг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрхийн талаарх мониторинг”

IV байранд: Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухаан салбарын Социологи, нийгмийн ажлын тэнхимийн магистрант Х.Батчимэг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд тулгардаг саад бэрхшээл, асуудал, шийдэл” сэдвээр тавигдсан илтгэлүүд тус тус шалгарсан байна.

Тус эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг зохион байгуулахад дэмжиж ажилласан салбарын хамт олон, хамтран ажиллаж үнэтэй санал зөвлөмж өгсөн шүүгчдийн бүрэлдэхүүн, өгүүлэл ирүүлсэн зочин илтгэгчид болон амжилттай илтгэлээ хэлэлцүүлсэн, сонирхож сонссон нийт оролцогч та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх