С.ЧИНЗОРИГ САЙД ГАДААД СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАГИЙН ЭМЧ НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн анхан шатны нэгж хөдөөгийн багт ажиллаж буй багийн эмч нарыг анх удаа бөөнөөр нь гадаадад сургалтад хамруулсан.
Хоёр ээлжээр нийт 84 багийн эмчийг хамруулсан гадаад сургалтад оролцогчдын төлөөлөл өнөөдөр /2023-12-27/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нартай уулзлаа.  

С.ЧИНЗОРИГ САЙД ГАДААД СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАГИЙН ЭМЧ НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогын тэргүүлэх чиглэл нь хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх явдал бөгөөд энэ утгаараа Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэн бүр амьдарч байгаа газартаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр чанартай тусламж, үйлчилгээг авдаг тогтолцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.
Өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан хүн амтай манай улсын хувьд анхан шатны тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн тогтолцооны суурь нь байсаар ирснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ онцлоод "Манай улсад засаг захиргааны нэгж болох 1800 багт өнөөдрийн байдлаар 1000 орчим багийн бага эмч ажиллаж байна. Багийн эмч нь алслагдсан хүн ам, малчдад хамгийн ойрын туслагч нь байдаг. Энэ ч утгаараа Эрүүл мэндийн сайдын хувьд багийн бага эмчийг бүх талаар дэмжин тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, энэ онд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамрууллаа.  Мөн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд онцгой анхаарч, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхлэхээр болсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэсэн юм.
Хэдийгээр төр, засаг, ЭМЯ-наас арга хэмжээ авч, анхаарч буй ч анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж байгаа тулгамдсан асуудлууд байсаар байна. Багийн эмч нарын хувьд хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын тусламж, үйлчилгээг үзүүлж, нэг талдаа 100-300 км замыг туулан, отор нүүдэл хийж буй үед үүнээс ч урт замыг туулан малчин өрхийн жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд багийн иргэддээ цаг тухай бүрт нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн хүрэлцээ туйлын чухал бөгөөд одоогоор автомашинаар хангагдсан багийн эмч 50, сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг ашигладаг багийн эмч 223 буюу нийт багийн 22 хувийг эзэлж байгаа бол 26 хувь нь өөрийн хувийн тээврийн хэрэгслээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлийг үе шаттайгаар хийх ажлыг эхлүүлээд байгааг Эрүүл мэндийн сайд багийн эмч нарт дуулгасан.
Тээврийн хэрэгслээс гадна багийн бага эмч нарын ажлын гол зэвсэг бол овор багатай, авсаархан боловч орчин үеийг шийдэл бүхий оношлогооний төхөөрөмж болон багийн бага эмчийн тусламж үйлчилгээний үзлэгийн багц байдаг. Өнөөдрийн байдлаар нийт багийн эмч нарын 623 буюу 64 хувь нь анхан шатны үзлэгийн хэрэгслээр хангагдсан байгаа аж.
Энэ оны наймдугаар сард ЭМЯ, Монгол УИХ, ДЭМБ-тай хамтран  Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумыг "Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор зохион байгуулсан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг дээрх форумд оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь парламентчдын үүрэг болохыг Улаанбаатарын тунхаглалаар баталгаажуулсан билээ.
Уг форумын оролцогчдод манай улсын анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох сумын эрүүл мэндийн төв, тэр дундаа багийн бага эмч нарын үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг үзүүлж танилцуулсан талаар С.Чинзориг сайд "Манай багийн бага эмч нарын ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж байгаа байдал, орон зай, газар нутгийн алслагдмал байдал болон байгаль, цаг уурын хүнд хэцүү байдал зэргийг түүртэлгүй даван туулдаг зэрэг нь Номхон далайн баруун бүсийн бусад улс орнуудад "шилдэг сайн” туршлага болж, бид бүгд Та бүхнээр бахархах сэтгэл төрж байсан” хэмээн ярьсан юм.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте анхан шатны тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлж, багийн эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж "Багийн эмч нар эрүүл мэндийн салбарт маш чухал үүрэгтэй бөгөөд байгаль цаг уурын хүнд нөхцөлд алслагдсан газрын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмч нарыг нэн шаардлагатай үзлэгийн багаж бүхий багцаар хангахад дэмжлэг үзүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд тавьсан. Энэ нь ДЭМБ-ын  гол баримталдаг зарчим буюу явуулын тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахтай нийцэж буй тул Монгол Улсын 1800 гаруй багийн эмчийг хангах эмчийн багцыг худалдан авч өгч байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

С.ЧИНЗОРИГ САЙД ГАДААД СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАГИЙН ЭМЧ НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

 

Цас зудын аюул, эрсдэл өндөр байгаа энэ цаг үед эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа багийн эмч нарыг зайлшгүй шаардлагатай багцаар хангахад дэмжлэг үзүүлсэн ДЭМБ, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, онцгойлон хатагтай Сокорро Эскалантед Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийллээ. Багийн эмчийн багцын дээжийг гадаадад сургалтад хамрагдаад ирсэн эмч нарт гардууллаа. Уг багцад даралтны аппарат, электрон өндөр хэмжигч, пульсоксиметр, халуун хэмжигч, амьсгал тоологч, дөрвөн төрлийн шижилгээний түргэвчилсэн оношлуур зэрэг анхан шатны тусламж үзүүлэхээр очиход нэн шаардлагатай зүйлсийг багтаасан байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх