УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН 250 ГАРУЙ ХҮҮХДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон 1925 оноос эхлэн тэмдэглэсэн бол Монгол Улс энэ жил 65 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан өөрийн сонгогдсон тойрог болох 44 дүгээр тойргийн хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ 250 гаруй хүүхдэд бэлэг гардуулав.

Тэрээр сурлага, урлаг, спортын амжилтаараа үеийнхнийгээ манлайлсан Дархан сумын 10-16 дугаар багийн ахлах ангийн 60 сурагчид netbook-г бэлэглэсэн юм.Энэхүү netbook-г Монголд угсардаг бөгөөд оффисын програмыг ашиглан хичээл, давтлагандаа түлхүү ашиглах боломжтой ажээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн зүгээс дээрх сурагчдыг цаашид улам их амжилт гарган, Дархан хотдоо төдийгүй улс, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд болохыг  ерөөлөө.

Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр  Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн Номт Үрсийн Өргөөнд үлгэрийн, танин мэдэхүйн номнуудыг хандивлахаас гадна тус цэцэрлэгийн Тусгай хэрэгцээт боловсрол олгох Тэмүүлэл-I, II бүлгийн нийт 25 хүүхдэд гарын бэлгээ гардууллаа. Энэ үеэр 7 дугаар цэцэрлэгийн багш нар төдийгүй Тэмүүлэл бүлгийн бяцхан багачууд маань өөрсдийн сурсан дуу, бүжгээр бэлэг барив. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан цаашид тус цэцэрлэгтэй нягт холбоотой ажиллана, ялангуяа Тусгай хэрэгцээт боловсрол олгох Тэмүүлэл-I, II бүлгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан үргэлжлүүлэн Дархан сумын 10-16 дугаар багийн зорилтот бүлгийн 130 гаруй хүүхдэд аймгийн Монгол Ардын Намын хорооны байранд мөн гарын бэлгээ гардуулсан юм.

 

Ийнхүү "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж  ахлах ангийн сурагчдад, цэцэрлэгийн багачуудад, зорилтот бүлгийн хүүхдүүдэд баярын мэнд дэвшүүлж, гарын бэлгээ гардууллаа. Тэрээр цаашид хүүхдүүдэд чиглэсэн олон ажлуудыг санаачилж,өрнүүлж байхаа мөн илэрхийлсэн юм. Бидний хойч үе болсон энхрий үрсийн ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай.

М.ГҮНЖИЛХАМ


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх