Х.Батсуурь Ипотекийн зээл популизм уу?



Моргейж буюу бидний хэлж заншсанаар орон сууцны ипотекийн зээл нь хөгжилтэй орнуудад ард иргэдээ хямд, боломжийн үнээр орон сууцжуулахад хэрэглэдэг санхүүгийн хэрэгсэл юм. Ипотекийг амжилттай хэрэгжихэд тухайн улсын эдийн засгийн чадавхи, тогтвортой байдал, иргэдийн орлогын төвшин, банк санхүүгийн тогтолцоо, бие даасан байдал, ипотекийн зохицуулалтын хууль эрх зүйн орчны боловсронгуй байдал, мөн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төвшин суурь нөхцөлүүд болдог. Ипотекийн зээл сайхан, тогтвортой орлоготой байх бүр сайхан. Гэвч манай улс 2013 онд ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлж эхлэхэд зээлийг амжилттай байлгахад шаардагдах эдгээр суурь нөхцөлүүд бүрдсэн байсан уу? Мэдээж үгүй байсан болоод л импотекийн гэх энэ зээл өнөөдөр манай эдийн засагт хүндрэл үүсгэж наашаа ч биш, цаашаа ч биш асуудал болоод байгаа юм. Орхиё гэхэд орхих хэцүү, байя гэхэд бас нэг хэцүү. Уг нь бол ипотекийн зээл зогсч, зохиомлоор үүсгэсэн хөөс хагаран байрны үнэ хөрсөн дээрээ буух нь зүйтэй юм. Гэвч энэ бол эдийн засгийн биш улс төрийн эрх ашгийн асуудал болоод байгаа нь харамсалтай. Эрх баригчдын хувьд сонгууль хаяанд ирсэн нь ипотек гэх энэ асуудлыг "давуу тал" болгон ашиглах сэдлийн үндэслэл болсон аж.

Х.Батсуурь Ипотекийн зээл популизм уу?

 

 

Тэд өнөө хэрэгжиж буй ипотекийн зээлийн хүүг найман хувиас бүр таван хувь болгон бууруулж популизмдана гэнэ шүү. Өр зээлэндээ баригдаж, ипотекийн зээлээ үргэлжлүүлэх үү, эс үргэлжлүүлэх үү гэпэг дээрээ тулж байсан улс чинь чухам яаж, ямар аргаар ипотекийн зээлийг шинээр санхүүжүүлнэ гэж? Ард түмнээ боддог байсан бол анхнаасаа яагаад таван хувь байлгаагүй вэ, гэсэн асуултуудад хэн ч итгэл үнэмшил төрүүлэх эдийн засгийн үндэслэлтэй хариулт өгч чадахгүй байна.

Мордохын хазгай гэгчээр ипотекийн зээлийг анх эхлүүлэхдээ л эдийн засгийн инерци, үр өгөөжөөр биш популизмдаж, төсвийнхөө тал хувьтай тэнцэх хэмжээний их мөнгийг хэвлэн гаргаж зээлийг санхүүжүүлж эхэлсэн нь эдийн засагт өнөөдөр нүүрлээд буй бэршээл, хямралын эх үндсийг тавьсан юм. Ипотекийн зээл чухам хэний эрх ашигт илүүтэй үйлчилсэн бизнес байсан бэ? Хамгийн түрүүн төрд их нөлөөтэй томоохон барилгын бизнесүүд, эрсдэлгүй зээлийг зуучлах үүргийг гүйцэтгэж их ашиг олж байгаа арилжааны банкууд, тэдний охин компани болох Монголын Ипотекийн Корпораци /МИК/-д хамгийн их ашигтай байсан ба эдний дараа л зорилтот бүлэг нь болох зээл авагч иргэд орно. Дунджаар 45 саяар үнэлэгдэж байсан хоёр өрөө байр ипотекийн зээл хэрэгжиж эхэлсний дараахь хэдхэн хоногт хоёр дахин өсч 90 сая хүрсэн хөөс үүссэн бөгөөд үнэ нь хоёр дахин өссөн байрыг найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах болсон хэрэглэгчийг хамгийн их ашиг хүртэгч, тус төслийн зорилтот бүлгийн эзэд байсан гэж үзэхэд бэрхтэй. Ипотекийн зээлийн эрсдлийн гол шалгуур нь зээлийн төлбөр нь өрхийн орлогын 1/3-ээс давах ёсгүй байдаг. Гэтэл манайд үүнийг 45 хувь гэж тогтоосон ба өнөөдөр байдал бүр дордож, ипотекийн зээлтэй олон гэр бүл сарын орлогын 60-аас дээш хувийг зөвхөн байрны зээлийн төлбөртөө өгч буй бөгөөд энэ тоо өссөөр байгаа нь харангын дохио юм. Ипотекаас үүдэлтэй энэ мэтийн олон сөрөг үр дагавар чухамдаа ипотекийн зээл хэрэгжих суурь хөрс манайд бүрэлдээгүй байсныг харуулж байгаа юм.

Өнөөдөр ипотекийн зээлд хамрагдагчдын тоо 75 мянгад хүрч нийт 3.5 их наяд төгрөг уг зээлд "түгжигдчээд" байгаа бөгөөд үүнээс чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна гэдэг эрсдэлгүй, найдвартай зээл гэдгийг харуулж буй хэрэг. Мэдээж зээл өгч, ашиг хүртэж буй өнцгөөс харвал энэ их сайн мэдээ байж болох, харин улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан харвал тийм ч сайн мэдээ биш.

Яагаад гэвэл нэгдүгээрт ипотекийн зээлд хамрагдагчдын ихэнх нь Улаанбаатарын оршин суугчид бөгөөд Улаанбаатарт олгох зээл эрчтэйгээр өсч байгаа нь хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэх урсгал нэмэгдэж буйтай, ипотек нь энэ урсгалыг нэмэгдүүлэх нөлөөтэй байгааг харуулж буй хэрэг гэж үзэх үндэслэл байна гэдгийг нийслэлийн жилээс жилд хурдтайгаар өсөн нэмэгдэж буй хүн ам болоод хорогдохгүй байгаа утаатай яндангийн тоо, агаарын бохирдлын хэмжээнээс харж болно. Эрх баригчидын ярьж буй шиг шинээр ашиглалтанд орж буй орон сууцны тоогоор Улаанбаатарын гэр хорооллын яндангийн тоо хэдэн арван мянгаараа цөөрөөд байна гэдэг бол үлгэр. Цөөн хэдэн залуу гэр бүл айлын хармаа өрөөнөөс гарч нүүсэн байж болно гэхдээ ихэнхдээ мөнгөтэй, байртай хүмүүс нэмж байр авч байгаа нь илүүтэй. Бодлогогүй хэрэгжүүлсэн ипотекийн зээл нь хот төвлөрлийг сааруулах, утааг багасгах, ядуусыг орон сууцжуулах гээд хөгжлийн тулгуур бодлогуудтай нь уялдаагүй болох нь тодорхой байна.

Хоёрдугаарт, хөрөнгө "түгжигдэнэ" гэдэг нь их хэмжээний мөнгө зөвхөн зээлийн хүүгээс ашиг хийж амьдардаг банк, валют олдоггүй харин олсон валютыг ихэнхдээ гадагш урсгаж орон сууц барьдаг барилгын салбар гэх хоёр "паразит" салбарт орж эдийн засгийн тулгуур болсон бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад хөрөнгийн хомсдолыг үүсгэн, мөнгөний эргэлтийг боомилох нөлөө үзүүлж буйг хэлж байгаа юм. Эдийн засаг хямарснаар өнөөдөр зээлтэй өрх дунджаар өрхийн орлогын 60-70 хувийг зөвхөн байрны зээлийн төлбөрт зарцуулж байгаа ба улсын төвшинд авч үзвэл ипотекийн зээлийн зөвхөн хүүнд нь гэхэд иргэд сард дунджаар 23.3 тэрбум төгрөгийг төлж байна. Сүүлийн жилүүдэд банкуудаас бизнест өгөх зээл татарсан, зээлийн хүү буурахгүй байгаа нь банкууд зарим эх үүсвэрээ ипотекийн зээлд шилжүүлсэн, мөн ипотекийн зээлийн зуучлалаар ихээхэн ашиг олж байгаатай зарим талаар холбоотой.

Банкуудын байрны зээлээр нь барьцаалан иргэдийн эрхийг боомилж, хэт дарамталсан үйл ажиллагааг зогсоосон Үндсэн хуулийн цэцийг буруутгах нь үндэслэлгүй юм гэх зэрэг ипотекийн зээлийн эргэн тойронд олон нухацтай асуудлыг ярьж болно. Гэвч товчлоод гол асуудалдаа орьё. Улсын маань эдийн засаг уналтанд орсон, боломжийн нөхцөлтэй зээл, мөнгө босгох чадвараа алдсан, дотоод нөөц бололцоогоо шавхсан өнөөдөр хэрхэн яаж ипотекийн зээлийн хүүг наймаас тавахн хувь болгох юм болоо гэдэг асуудал анхаарлын төвд байна. Ипотекийн зээлийг таван хувьтайгаар хэрэгжүүлэхэд шинээр зээлд хамрагдагчдын тоо 3,750-иар нэмэгдэнэ мөн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгон бууруулж, 10 хувийг нь засгаас төлөх боломжтой гэж популизмдаж аж. Хэрэв энэ тооцоолол зөв бол үүнийг санхүүжүүлхэд хамгийн багадаа 400-450 тэрбум төгрөг олох шинэ эх үүсвэр шаардагдана. Уг нь тийм ч их мөнгө биш мэт, гэвч савныхаа ёроолыг гөвж байгаа өнөө үед бол их дарамт. Гэвч болоогүй найман хувийн зээлд хамрагдчихаад байгаа иргэдийг таван хувийн зээлд шилжүүлнэ гэсэн яриа байна. Ипотекийн зээлтэй 75,000 иргэдийн ихэнх нь найман хувийн зээлтэй байгаа бөгөөд зөрүүнээс гарах гурван хувийг хэн төлөх вэ? Энэ тохиолдолд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн дүн их наядаар хэмжигдэнэ.

Эдийн засгийн бодит чадавхиар үүнийг хийх боломж өнөөдөр үгүй тул чухам ямар гээчийн онцгой арга хэмжээг манай Засгийн газар, үгүй түүнтэй хуйвалдагч гол эзэн Монголбанк авах бол оо?

2012 оных шигээ мөнгө хэвлэх үү? Мөнгө хэвлэж эдийн засагт шахсанаас үүдэлтэй 13 хувиар өссөн инфляц, доллартай харьцуулахад 40 хувиар унасан төгрөгийн ханш зэрэг өвдөлтийг монголчууд санаж байгаа тул энэ нь яав ч зөв сонголт биш.

Гаднаас зээл авах уу? Мэдээж эдийн засаг шалдаа буусан өнөө үед олон улсын зах зээл дээрээс боломжийн нөхцлөөр зээл авах боломж манайд үгүй. 10 хувиас давсан хүүтэй зээл авья гэвэл ердөө л "өрийн боол больё" гээд сөхөрсөнтэй ижил. Угаасаа ипотекийн ажиллагааг өөр бас нэг зээлээр үүн дундаа гадаад зээлээр санхүүжүүлдэггүй. Улсын нийт гадаад өр ДНБ-ий 180 хувьтай тэнцэж дампуурлаа зарласан Гректэй ижил хэмжээнд очоод байгааг хэлэх илүүц. Хятад, Энэтхэгийн Засгийн газраас их хэмжээний зээл амалсан, түүнд найдаж байгаа юм болов уу. Магадгүй Хятадын Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцад зориулан өгч байгаа гэх зээлийг ипотекийн зээлд ашиглах юм болов уу? Угаасаа тэр төсөл хэрэгжих боломж муутай байгааг Дэлхийн банкнаас сануулж байгаа. Эсвэл уул уурхайн ордуудаа барьцаанд тавих уу, газар нутгаа түрээс нэрээр өгөх үү, яах бол?

Монголбанк манай улсын алтны нөөцийг барьцаанд тавиад зээл авч магадгүй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэж. Анх эхлүүлсэн юм дуусгана даа гэх үү? Байгаа бүх алтыг маань тавиад туучина гэсэн үг. Нөгөө 90-ээд онд Монголбанкинд ажиллаж байсан хэдэн залуус Монголын бүх алтыг "дийлэр"-дээд алдчихсан гэдэг шахуу юм болох вий дээ.

Ямартай ч аль нь ч зөв санаа биш. Одоо эрх баригчдаас гарах гоц санааг харах л үлдлээ. Сонгуулийн өмнө цөөн хэдэн хүнд зээл гаргасан болж хошгоруулаад сонгууль дуусмагц зогсоох болов уу? Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, бүр хүүг нь таван хувь хүртэл буулгана гэх нь ядаж яваа эдийн засгийг туйлдуулсан популист ажиллагаа болж хувирах вэ дээ! Уг нь хагарах ёстой хөөс одоо, цагтаа хагарсан бол зүгээр байсан. Сонгуульд зориулсан энэхүү популизмын өртөг эцсийн дүндээ хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэнэ, түүнийг ард түмэн төлнө. Эцсийн хохирлыг ард түмэн л үүрнэ.

Цаг нь болоогүй, нөхцөл нь бүрэлдээгүй байхад ипотекийн зээлийг хэрэгжүүлэх гэж популизмдсаны уршигт үр дагаварыг хэт өссөн байрны үнэ зэрэгээс бид амсаж байна, гэхдээ болоогүй, бүр хэцүү үе сонгуулийн дараагаас эхлэх бололтой. Монголбанк төрийн эрх барих дээд байгууллагуудын нэгдсэн хяналтанд байж улсын эдийн засагтай уялдуулсан мөнгө санхүүгийн бодлого явуулах ёстой гэж би үздэг. Гэвч энэ нь нам, бизнесийн эрх ашгийн бүлгүүдтэй нэгдэж тэдэнд зориулсан шийдвэр гаргана гэсэн үг огт биш юм. Энэ бол жинхэнэ популизм. Гэхдээ зүгээр нэг хоосон ярьж нэр төр олох гэсэн популизм биш харин ард түмнээ хохироож, эрх мэдлээ буруугаар ашиглан маргаашийн хуваарьтай талхнаас нь хулгайлж өнөөдөр өгч хуурч байгаа хорлонтой популизм. Популизм биш шүү дээ гэснээр биш болдоггүй юм. Ипотек гэх популизмын өртгийг ард түмэн төлөх ёсгүй.
Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх