Ардчилсан нам Сонгуулийн хуулийг бас “Амарсанаадах” уу?

Д.Баярбилэг

Гээгдэв үү, санаатайгаар гээчихэв үү?

УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг бүгдийг нь багтаасан нэг том Сонгуулийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд батласан. Ёсчлогдож гарч ирэх гэсээр байгаад нэгдүгээр сарын дундуураас л хэрэгжиж эхэлсэн энэ хуулийг дахин өөрчилж магадгүй нөхцөл байдал үүсчихлээ. Сонгуулийн жилээ, хуулиа өөрчилж байсан явдал өмнө нь гарч байсангүй. Харин энэ удаад Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн хоёр ч төсөл Засгийн газрын хуралдаанаар орох болсон нь хуулийг өөрчлөхгүй байх баталгаа байхгүй байгаатай холбоотой. Өмнөх Сонгуулиудын хуульд нэг заалт явж ирсэн. "Ээлжит сонгуулиас зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй” гэж. Харин энэ удаагийн бүгдийг нэгтгэсэн том Сонгуулийн хуульд ийм заалт байхгүй аж. Байхгүй гээгдээд үлдчихсэн гэдгийг УИХ-ын гишүүдийн хэн ч мэдээгүй гэдэг тайлбарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей одоо тайлбарлаад сууж байгаа юм. Нэгэнт хуульд хэзээ өөрчилж, болох эст болох талаар ямар нэгэн хориг хаалт тавьсан заалт байгүй болохоор өнөөдөр эрх баригчид өөрсдөдөө зориулсан нэмэлт өөрчлөлтүүдийг дураараа хийх эрх зүйн боломж нь нээлттэй гэсэн үг.

Сонгуулийн өмнө хуулиараа оролдохгүй байх баталгааг хангаж байсан энэ заалт гээгдэв үү, санаатайгаар гээчихэв үү гэдгийг нарийн нягтлаж шалгаж үзэх ёстой. УИХ-аар батлагдаж байгаа хууль тогтоомжид энэ мэтчилэн чухал заалтууд гээгдэж, эсвэл хэн нэгний эрх ашгийг хамгаалсан үг өгүүлбэр нэмэгдээд байдаг юм биш биз гэсэн хардлага ч эндээс гарч ирж байгаа юм. Хуульч Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа мэдлэгээ хэтрүүлж хууль засаад огцорч түүх бий гэдгийг мартаж болохгүй.

Хууль тогтоол хоёрын аль нь илүү хүчтэй вэ?

Монгол Улсын Их Хурал 2003 онд "Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлажээ. Энэ хөтөлбөрт "Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт байдаг аж. Үндэсний хөтөлбөрийг батласан эрх зүйн бичиг баримт нь УИХ-ын тогтоол. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулчихаад байгаа УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж үндэсний хөтөлбөрийн энэ заалтыг шууд үгүйсгэж байгаа юм. Үүнийгээ тэрээр "Гэсэн ч үүнийг хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. УИХ-аас баталсан хууль тогтоолоосоо илүү хүчтэй гэж би ойлгож байна.Ер нь олон үзэл баримтлал, тогтоол байдаг. Хууль гарснаар тэр нь дагаж мөрдөх бичиг баримт болдог. Тэгэхээр хуулиа дагах ёстой” гэж тайлбарлажээ. Эндээс УИХ-аас батлан гаргаж байгаа хууль, тогтоол хоёрын аль нь том бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ хоёрын аль нэг нь нөгөөгөөсөө эрх зүйн хувьд илүү чадамжтай гэсэн хуулийн зүйл заалтыг Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуулиас хайгаад олсонгүй. Тэгэхээр тогтоолд "Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг хуульд хориглосон заалт байхгүйгээр далимдуулан үгүйсгэж болохгүй. Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуульд "Зургаан сараас өмнө хугацаанд өөрчлөлт оруулж болно” гэсэн заалт байхгүй байгаа билээ. Хуульд заасныг хэрэгжүүлэх нь төрийн байгууллага хийгээд төрийн албан тушаалтны хүлээх үүрэг гэдэг үүднээс авч үзвэл өнөөдрийн Ш.Түвдэндоржийн яриад хууль санаачлаад явж байгаа нь буруу жишиг болж байна.

Засгийн газар ямар санал өгсөн бэ?

Энэ асуултад хариулт алга. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хоёрдугаар сарын 29-нд хэлэлцэж. Хэлэлцээд ямар шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэвлэл олон нийттэй харилцах алба "Хуулийн төсөл санаачлагчид санал уламжлахаар тогтлоо” гэсэн албан мэдээ түгээжээ. Чухам ямар санал уламжлах болсон гэдэг талаар үг, үсэг алга. "Хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр төсөлд тусгасан байна” гэснээс өөр зүйл байхгүй байна. Засгийн газар санал уламжлахаар тогтлоо гэдгийн цаана Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн санаа явж байх магадлалтай. Хэрвээ тийм санаа байгаагүй бол хуулийн төслийг дэмжих боломжгүй гээд буцаалаа гээд шууд хэлчих байсан биз ээ.

Ш.Түвдэндоржийн нийслэлийн мандатыг нэмэх саналын цаана

Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлах болсоны гол агуулга нь нийслэлийн мандаттай холбоотой аж. Тэрээр энэ тухайгаа "Нийслэлийн сонгогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн. Хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэдийг төлөөлөх мандатын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэх шүүмжлэл нэлээд гарч байсан. Түүнчлэн намын нэрсийн жагсаалт нь УИХ-ыг ард түмнээс шууд сонгож байгуулна гэсэн заалттай зөрчилддөг гэж зарим судлаач үздэг. Энэ үүднээс намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28 мандатаас зургааг нь нийслэлийн тойрог тус бүрт нэг нэгийг нэмэх замаар шийдэх боломжтой гэж үзэж төсөл санаачилсан” хэмээн тайлбарласан байна.

Сонгуулийн хуулийг одоо өөрчлөх нь хэнд ашигтай вэ?

Өнгөн талаас нь харвал нийслэлээс сонгогдож байгаа нэг гишүүн 100 мянга орчим сонгогчийг төлөөлдөг, орон нутагт энэ нь 50 мянга байдаг зөрүүг ойртуулах гэсэн санаа мэт. Харин цаана нь улс төрийн зорилго байхгүй биш байгаа. Намынх нь нэр хүнд тааруухан байгаа энэ үед гол найдвар болоод байгаа нийслэлийн тойргоос сонгогдох гишүүдийн тоог нэмэх нь эрх баригч АН-д л ашигтай тусах буй заа.

Сонгууль тулсан энэ цаг үед хуулиа өөрчлөх нь ямар сөрөг үр дагавартай талаар улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од "...Сонгуулийн хуулийн зарим заалтыг санаатайгаар үлдээгээд, тэрийгээ өнөөдөр хөндөх гэж оролдвол эргээд иргэдийн сонгуульд итгэх итгэл үгүй болно. Сонгуулийн дараа төрд итгэх итгэл байхгүй болно. Энэ нь өөрөө нийгмийн сэтгэл зүйд маш их хохиролтой. Улс төрийн намууд арай ч ийм үйлдэл хийхгүй болов уу...” хэмээн саяхан ярилцлагадаа дурдсан байсан. УИХ-ын гишүүн С.Оюун энэ талаар "Эрх баригчид өөрсдөдөө л ашигтай хувилбараар өөрчлөлт хийх гэж байна” хэмээн мэдэгдсэн байсан.

Хэдийгээр улс төрийн намууд сонгуулийн тов тодорхой болсон энэ үед арай хуулиа дахин хөндөж бужигнуулахгүй болов уу хэмээн горьдож байгаа ч, үүнийг эсэргүүцэх улс төрийн хүчин МАН-аас өөр алга. Хөдөө орон нутагт нэр дэвших боловсон хүчин тааруутай МАХН, ХҮН гээд жижиг намууд угаасаа нийслэлээс сонгогдох гишүүдийн тоо нэмэгдэхийг дэмжиж байсан. Тиймээс энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлан хэлэлцлээ гэхэд жижиг намууд "тийм” гэж товч дарах магадлалтай билээ. Ганцхан МАН эсэргүүцлээ гээд АН ирц бүрдүүлсэн олонхиороо хүч түрэн Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг яаж огцруулсан билээ. Харин одоо Сонгуулийн хуулийг бас "Амарсанаа”-дах нөхцөлөө эхнээс нь бүрдүүлж байгаа нь Ш.Түвдэндоржийн санаачилсан хууль, тогтоолын төслүүд гэдэг нь тодорхой болж байна. УИХ-ын хурлын ээлжит бус чуулганы сураг дуулдаж эхэлсэн нь ч энэхүү Сонгуулийн хуультай холбоотой гэдэг мэдээлэл ч улс төрийн хүрээнд гарсан байна. Сонгуулийн хуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, "Амарсанаадах” гэдгийг ээлжит бус чуулган зарлах эсэхээс харагдах нь ээ.

 

Сураг ажиг

"Ж.Батзандан шиг болох юмсан”

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын алба О.Баасанхүүгээс Ж.Батзанданд шилжээд удаагүй байна. Шинэ даргатай байнгын хороо тун завгүй ажиллаж байна. УИХ-ын чуулган завсарласан энэ үед Өргөдлийн байнгын хорооноос өөр ажил хийж байгаа байнгын хороо ч гэж алга. Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, асуудалтай байгаа газар дээр нь очиж ажиллаж байна. Баривчлагдан саатуулагдаад байцаагчаас нь өөр хүн уулзахгүй байгаа Б.Булгантай уулзаж нөхцөл байдалтай нь танилцах ажлыг Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан гишүүн хийчихлээ. Ар гэрийнхэн нь ч уулзаж чадахгүй байгаа гэгдээд байсан Б.Булгантай уулзсан Өргөдлийн байнгын хорооны даргын уулзалт ээжийнх нь сэтгэлийг бага ч болох тайвшруулсан буй заа. Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд өдөр болгон үйл явдалтай мэдээлэлтэй, хэвлэлийнхнийг шавуулчихсан зогсож байгаад нь бусад нь нууцхан атаархаж байгаа сурагтай.

 

Судлаачийн үг

Монгол Улсын институцийн чанарын индекс муу байна

Д. Энх-Амгалан, МУИС, ШУС

 

Институцийг янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайбал, институци нь хүмүүсийн хооронд үүсч буй харилцаа, үйлдлийг (трансакци) зохицуулдаг журмууд ба тэдгээрийг хэрэгжүүлэх орчин ба хэрэгслүүд гэж үзэж болно. Институцийн экономиксийн гол төлөөлөгч Douglass North-ийн тодорхойлолт.

Институци гэдэг нь дүрэм журам, түүнийг хэрэгжүүлэх механизм болон байгууллагыг хэлнэ гэж Дэлхийн банкны тодорхойлсон тодорхойлолт байдаг. Тухайн нийгмийн институцийн шинж чанар ямар байна, хүн ардынх нь баялаг бүтээх чадавхи, эдийн засгийн өсөлт тийм л байна. Сайн институцитай, өмчлөх эрх баталгаажсан, гажуудал багатай бодлого бүхий орон биет болон хүмүүн капиталд илүү их хөрөнгө оруулж, орлогын өндөр түвшинд хүрэхийн тулд эдгээр хүчин зүйлсээ улам үр ашигтай ашигладаг гэж Масачусетскийн технологийн институтийн эдийн засгийн профессор Acemoglu хэлжээ.

Mehlum (2006) судалгааны ажилдаа институцийн чанарын индексийг Political risk services-ийн гаргасан 5 индекс (хуулийн хэрэгжилт, хүнд суртал, Засгийн газар дах авилга, гэрээг цуцлах, өмч эзэмших эрхийн индекс)-ийн дунджаар тооцсон байдаг.

Бид судалгааны ажилдаа 2000 оноос хойшхи Дэлхийн банкны мэдээллүүдийг ашиглан шилжилтийн эдийн засагтай орнуудын институцийн чанарын индексийг тусгасан юм.

Дэлхийн банкнаас гаргасан зургаан үзүүлэлт (үг хэлэх эрх ба хариуцлагатай байдал, улс төрийн тогтвортой байдал ба хүчирхийлэл, засгийн газрын үр ашигтай байдал, зохицуулалтын дарамт, хуулийн хэрэгжилт, авилгын хяналт)-ийн дунджаар институцийн чанарын индексийг тодорхойлсон.

Үзүүлэлтүүд тус бүртээ -2.5 ба 2.5–ийн хооронд утга авах ба утга нь ихсэх тусам институцийн чанар сайжирч байгааг харуулна.

Дээрх зургаан үзүүлэлтийг нэгтгэн шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд авч үзсэн ба эдгээр үзүүлэлтүүдийн дунджаар институцийн чанарын индекс (IQ)- ийг тооцсон. Хэрэв IQ= -2.5 бол хамгийн муу институцитай гэх ба энэ үед хуулийн хэрэгжилт сул, Засгийн газарт хүнд суртал, авилга ихтэй, байгалийн нөөцийн рент эзэмшихийн төлөө тэмцэл өндөр, бусад салбарт муугаар нөлөөлдөг гэсэн утгатай. Харин IQ=2.5 бол хамгийн сайн институцитай улсууд гэж үзэх бөгөөд энэ үед авилга, байгалийн нөөцийн эзэмшлийн төлөө тэмцэлдээнийг зогсоож, бусад салбарт муу нөлөө үзүүлэхгүйгээр байгалийн баялгаа улс орныхоо хөгжил цэцэглэлтэд зүй зохистой ашиглах болно.

Судалгаанд хамрагдсан шилжилтийн эдийн засагтай 27 орныг сайн болон муу институцитай гэсэн хоёр бүлэгт хуваасан ба сайн институцитай гэсэн ангилалд (0;2.5) гэсэн үнэлгээтэй орнууд, харин муу институцитай гэсэн ангилалд (-2.5;0) гэсэн үнэлгээтэй орнууд хамрагдав.

Судалгаагаар Монгол Улс муу институцитай улс орнуудын ангилалд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл байгалийнхаа нөөц баялгийг улс орныхоо хөгжил дэвшилд зориулж чадахгүй байгааг харуулж байна.

Дэлхийн туршлагаас харахад институцийн чанарын индекс муу нөхцөлд байгалийн баялаг өрийн хямралд хүргэдэг. Үүний жишээ нь Мексик, Нигери, Венесуэл юм.

Монгол орны хувьд эдгээр зургаан үзүүлэлт ямар байгааг тоймлон авч үзэхэд үг хэлэх эрх ба хариуцлагатай байдал 2000 онд 0.32 байсан бол 2006 онд 0.20, 2014 онд 0.23 болсон байна. Улс төрийн тогтвортой байдал ба хүчирхийлэл 2002 онд 1.11 байсан бол 2006 онд 0.68, 2014 онд 0.87 болжээ. Засгийн газрын үр ашигтай байдал 2002 онд -0.20 байсан бол 2008 онд -0.52, 2014 онд -0.41 гэж гарсан байна. Кохицуулалтын дарамт 2002 онд -0.09 байсан бол 2008 онд -0.33, 2014 онд -0.25 гэсэн дүнтэй гарчээ. Хуулийн хэрэгжилт 2002 онд 0.11 байсан бол 2006 онд -0.34, 2014 онд -0.35 болжээ. Авилгын хяналт 2002 онд -0.01 байсан бол 2006 онд -0.58, 2014 онд -0.47 байна. Институцийн чанарын индексийг тодорхойлсон эдгээр үзүүлэлтүүд тус бүрдээ бүхэлдээ муу байна.

Энэ нь төрийн аппарат нь улс төрийн дарамтад орсон, үр ашиг муутай, хүнд сурталтай ажилладаг, хуулийн хэрэгжилт ихээхэн хэмжээгээр дордсон, авилгал нэлээд өссөн байгааг харуулж байна.

Ер нь улс орнуудын эдийн засгийн өсөлт өөрөө институцийн чанарыг харуулдаг. Манай улсын эдийн засгийн өсөлт тогтвортой биш хэт их хэлбэлзэлтэй байгаа нь институцийн чанарын индекс муу байгааг бас харуулж байгаа юм. Монгол Улс нь байгалийн арвин их нөөцтэй орон. Тухайлбал зэс, алтны агууламжаараа дэлхийд гуравдугаарт тооцогдох Оюу толгойн, дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэг болох Таван толгойн, мөн төмрийн хүдэр, цайрын томоохон орд газруудтай. Монголын эдийн засгийн өсөлт ХАА болон уул уурхайгаас ихээхэн хамаардаг, тэр тусмаа уул уурхайн салбараас хүчтэй хамаарч байна.

Өнөөгийн даяаршлагдсан эринд аливаа улсын эдийн засаг хэдий хэмжээгээр түүхий эд, тэр тусмаа олборлох салбараас хамааралтай байна төдий хэмжээгээр эдийн засгийнх нь хэтийн төлөв бүрхэг болдог гэдэг. Гэхдээ энэхүү үзэгдлийг нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Эсэргүүцэгчдийн гол санаа нь эдийн засгийн бодлого муутай улсуудад олборлох салбараас өөр салбарууд оршин тогтнох боломж бүрддэггүй. Гол буруутан нь байгалийн баялаг бус эдийн засгийн буруу бодлого, цаашилбал институцүүдийнх нь дорой чадавхи юм гэж үздэг (Gylfason, 2001). Эрдэс бүтээгдэхүүнээс хамгийн их хамааралтай арван улсын нэг нь Монгол Улс байна. (Kolstad and Soreide, 2009).

Ардчилсан нам Сонгуулийн хуулийг бас “Амарсанаадах” уу?

 

 

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх