“Нийслэлийн мандатыг нэмбэл АН сонгуульд яллаа л гэсэн үг”

“Нийслэлийн мандатыг нэмбэл АН сонгуульд яллаа л гэсэн үг”

 

-МАН эсэргүүцэж, бусад нь дэмжиж байна-

Нийслэлийн мандатын тоог нэмэх үү? Энэ асуултын хариуг УИХ энэ баасан гаригт буюу нэгдүгээр сарын 29-нд нэг тийш болгож шийдэх ёстой. Гэхдээ УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд нь ээлжлэн тав хоногийн завсарлага авч байгаа нь гацаа цаашаагаа үргэлжлэх магадлалтайг харуулаад байгаа. Нийслэлийн мандатын тоог Улаанбаатар хот дахь хүн амын тоотой харьцуулан авч үзэж нэмэгдүүлэхийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүсэж, УИХ-ын дарга болон Сонгуулийн ерөнхий хороонд хандсан юм. Одоо нийслэлийн Сонгинохайрхан 3, Баянгол 2, Чингэлтэй 2, Сүхбаатар 2, Баянзүрх, Багануур 3, Хан-Уул, Налайх, Багахангай 2 гэсэн мандаттай. УИХ дахь АН-ын бүлэг дээр энэ тоог нэмэгдүүлж, нийслэлд 22 мандат өгөх тухай яригдаж байгаа билээ. Нийслэлээс сонгогдох гишүүдийн тоог нэмэх дээр УИХ дахь улс төрийн бусад нам ч бас дэмжиж байгаа сурагтай. Бусад нам гэдэгт МАХН, МҮАН, ИЗН багтаж байгаа юм. Эдгээр намуудын тухайд дэмжиж байгаагийн шалтгаан нь их энгийн. Хөдөө орон нутагт, тодруулбал аймгуудад өрсөлдөх боловсон хүчин муутай. Тиймээс хөдөөд цөөн, хотод олон мандаттай байх нь Улаанбаатараас гадагшаа гардаггүй жижиг намуудын тухайд ашигтай байх магадлалтай учраас АН-ын саналыг дэмжиж байна.

Харин МАН-ын хувьд энэ нь тун таагүй мэдээ бөгөөд эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд байгаа. МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт "Малчид бэлчээрээ дагаж нүүдэллэдэг болохоос Их Хурлын гишүүдийг дагаж нүүдэггүй юм” гэж онцолж байгаа. Алслагдсан бүс нутгаа хөгжүүлэх, хүн амын Улаанбаатар хот руу чиглэсэн урсгалыг хязгаарлах, засаг захиргаа бүс нутаг гээд олон талаас нь авч үзээд МАН энэ асуудлыг дэмжих боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа юм. Бас бодох л тайлбар. Төвлөрлийг сааруулна гэчихээд улам төвлөрүүлэх юм хийж байгаа юм биш биз гэдэг болгоомжлол ч гарч ирж байгаа юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсаныг мандатын тоон дээр тохиролцох оролдлого гэсэн хардлага ч явж байгаа билээ. МАН-ын тухайд орон нутагт дэмжлэг ихтэй, одоо Их Хуралд сууж байгаа олонхи гишүүд нь хөдөөнөөс сонгогдсон. Ийм нөхцөлд хөдөөгийн тойргийн тоо цөөрөх нь МАН-д үнэхээр халтай. Тиймээс эсэргүүцэхээс өөр аргагүй биз ээ.

Хотын удирдлагуудын гаргаж байгаа нийслэлээс сонгогдох гишүүдийн тоог нэмэх санаачилга АН-ын хувьд стратегийн гэж хэлж болохуйц ач холбогдолтой чухал санаа. 2012 оны сонгуулиар анх удаа Улаанбаатар хотод АН ялалт байгуулсан. "Хэрвээ Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлбэл АН сонгуульд яллаа л гэсэн үг” гэдгийг АН-ын нэг бус хүн хэлж байна. Өнгөрсөн гурван жилд хийсэн зүйл ч их, бас хийгээгүй зүйл ч их байгаа. Гэхдээ сонгуулийн дүн гэж ярихаас өмнө хотын мандатын асуудал яаж шийдэгдэхийг харж байя.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх