Сүмогийн залуу од буюу Асашёорюү Д.Дагвадоржийн залгамжлагч хэн бэ?

Сүмогийн залуу од буюу Асашёорюү Д.Дагвадоржийн  залгамжлагч хэн бэ?

 

 

А.ЦЭРЭНДОРЖ

2010 онд Асашёорюү Д.Дагвадорж сүмо бөхийн дэвжээнээс зодог тайлахаа гэнэт зарлаж олон түмний зүрх сэтгэлийг шимшрүүлсэн байдаг. Түүнийг дэвжээнд гарахгүй болсноос хойш "Сумо бөх үздэг хүн байхгүй болсон” гэж хошигнох нь  чухамдаа үнэнийг хэлэх шиг болсон. Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш долоон жилийн дараа буюу 2017 онд нүүр номоороо дамжуулан, "За дүү минь их сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ. Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” гэх үгийг дүүдээ захисан байна. "Асашёорюү Д.Дагвадорж аваргын залгамж халаа болж чадахаар юм байна” гэсэн олны яриа тасрахгүй болсон. Харин олны ярианы сэдэв болсон Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү нь яг хэний хэн бэ.   Энэ жил 18 нас хүрсэн энэ залуу бол  Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү юм.  Ирээдүйтэй сүмоч болох шинжтэй хэмээн мэргэжилтэн, шинжээчдийн анхаарлыг татаж байсан С.Бямбасүрэн "Тацүнами” дэвжээнд элсэхээр болсон байна. Өсвөрийн сүмочдын тэмцээний дараа тэр сэтгүүлчдэд "Чадвал 11 сарын башёгоос мэргэжлийн сүмод барилдмаар байна. Зорилго бол хамгийн хүчтэй бөх болох” гэж ярьжээ. С.Бямбасүрэн 2015 онд Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.  Таван настайгаасаа жүдо, 11 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн, мэдээж үндэсний бөхөөр ч барилддаг олон төрлийн авьяастай. 1.84 метр өндөр, 96 кг жинтэй.
"Тацүнами” дэвжээний ояката нь "Оошима” дэвжээнд барилдаж байсан комүсүби асан Асахиютака. Түүхэндээ гурван ёкозүна, гурван озэкитэй байсан том дэвжээ бөгөөд манай бөх Мооконами Г.Базарсад барилдаж байсан дэвжээ юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх