Бургунд маягаар жигнэсэн мах

Бургунд маягаар жигнэсэн махны жор "Жули, Жулия хоёр” кино дэлгэцнээ гарснаас хойш эзэгтэй нарын дунд эрэлттэй болжээ. Энэ кинон дээр гол баатар бүсгүй ийм хоол хийдэг юм. Хийхэд огт хэцүү биш.

Үхрийн махаа ногоотой хамт шөл, улаан дарсанд жигнэдэг энэ жор франц эзэгтэй нарын хувьд заавал хийж чаддаг хоолны нэг. Гэхдээ тэд өөр өөрийнхөөрөө хийдэг. Харин энэ удаа алдарт хөлбөмбөгчин Бэкхемийн хүүхдүүдэд зориулан Эктор Хименес Бравогийн жорыг танилцуулж байна.

Орц:

Үхрийн зөөлөн мах \тугалынх байсан ч болно \-700 гр

Бөөрөнхий сонгино-нэг томхон

Гахайн утсан мах-200 гр

Үхрийн ясны шөл-150 гр

Улаан лоолийн нухаш-нэг хоолны халбага

Чидун жимсний тос-2-3 хоолны халбага

Сармис-хоёр хумс

Хуурай улаан дарс-250 гр

Мөөг-300-400 гр

Давс, хар перец

Хийх арга:

Махаа 2,5 см хэртэй жижиг дөрвөлжин хэрчинэ. Сармис, сонгиноо жижиглээд гахайн утсан махаа ч мөн хэрчиж жижиглэнэ. Сайтар халсан тогоондоо чидун жимсний тосоо хийгээд махаа шаргал хайрстай болтол нь шарна.

Шарж байх үедээ байнга хутгах ёстой. Боллоо гэж үзвэл махаа тавганд гараад үлдсэн тосонд ньсонгино, сармисаа шарж дээр нь шөл, дарснаасаа хийгээд тогоонд үлдсэн шарсан махны шүүстэй хамт буцалгана. Дээр нь гахайн утсан махаа хийгээд 2-3 минут жигнэээд үлдсэн шөл болон дарсаа улаан лоолийн нухашны хамт хийгээд хэсэгхэн буцалгахад сүмс бэлэн болно. Үүнийгээ тавагтай махан дээр жигд асгаж өгнө.

Гэхдээ ингээд л боллоо гэж андуурав. Сүмстэй махаа дахин жигнэнэ. Үүний тулд хайруулын таваг, эсвэл тагтай ваар ашиглаж болно. Махаа саванд хийгээд 150-160 градус хүртэл халаасан шарах шүүгээнд нэг цаг хэртэй жигнэнэ. Ингэхдээ савандаа дууртэл нь хийж болохгүй. Шөл гарч асгарах магадлалтай тул гуравны хоёроор нь хийхэд л хангалттай. Махаа жигнэж байх хооронд сонгино, мөөгөө жижглэж хэрчинэ. Гэхдээ жижиг мөөгийг заавал хуваах хэрэггүй. Нэг цаг болсон бол махаа шарах шүүгээнээс гаргаж давс, перецээр амталж дээр нь мөөг, сонгиноо тавиад дахин шарах шүүгээнд хийгээд 30 минут болгоход л бургунд маягаар жигнэсэн амттай үхрийн мах бэлэн болно. Жингэсэн махныхаа хажууд төмс, будаа, байцаа өөр юугаар ч хачир хийж болох бөгөөд чухам юу сонгох нь эзэгтэйн сэтгэмжийн асуудал. Амтны хувьд ёстой л дэргэдэх хүндээ өгөмгүй гэдэг л байна шүү.

Бургунд маягаар жигнэсэн мах

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх