УРЬДЧИЛГААНААС ГАДНА БАГАГҮЙ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ

Мөнгө.мн мэдээлж байна

Зээлээр орон сууцтай болох боломж хангалттай бий. Тэгээд ч энэ жил сонгууль болох тул зээлийн хүүг бууруулахаас эхлээд улстөрчид ард түмнийхээ төлөө гэсэн амлалт олныг өгөх цаг үе. Тиймээс энэ үеийг ашиглаад орон сууцны зээл хөөцөлдвөл бүтэх боломж бусад үеэс арай илүү ч байж мэдэх юм. Байрны зээл авахын тулд эхлээд урьдчилгаа төлбөрөө цуглуулах ёстой. Дараа нь банкны зээл хөөцөлдөнө. Гэхдээ зээл хөөцөлдөх тийм ч амаргүй. Дээрээс нь чамгүй их зардал мөнгө гардаг гэдгийг эртнээс мэдэж, бэлэн байх ёстой юм билээ гэдгийг нэгэн гэр бүлийн орон сууцны зээл хөөцөлдсөн түүхээр жишээ болгон толилуулж байна.

...Эхнэр бид хоёр орон сууцтай болохоор төлөвлөж, байрны зээл авахын тулд нэлээд эртнээс урьдчилгаа мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Оны дараахан урьдчилгаа бараг бүрдсэн тул байраа олоод, банкнаас зээл авахаар хөөцөлдөж, банкинд материал бүрдүүлж өглөө. Хэсэгн хугацаа өнгөрсний дараа таны, танай гэр бүлийн насны мөрөөдөл болсон байрны зээл бүтсэн тухай банкнаас утасдах тэр мөч ямар байх талаар та төсөөлж байсан уу. "Байрны зээл бүтлээ” гэж утастахад төрсөн сайхан мэдрэмжийг биеэрээ мэдэрсний хувьд танд ч бас тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Миний хувьд анх удаа өөрийн гэсэн байрандаа орох болсондоо туйлын баяртай байлаа. Харин зээл бүтсэний дараа ч багагүй мөнгө хэрэгтэй болдог гэдгийг мэддэггүй байснаасаа болж, байраа алдах шахсан юм.

Зээл бүтсэний дараа хаана дахин мөнгө хэрэгтэй болох вэ?

1. Зээлийн гэрээг нотариатоор батлуулах

2. Харьяа аймаг, дүүргийнхээ Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албанд байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх

3. Зээлийн үйлчилгээний хураамж

4. Орон сууцны даатгал

5. Бусад жижиг зардал

Хэдэн төгрөг хэрэгтэй болсон вэ?

Би урьдчилгаа 30 хувьд 27 сая төгрөг өөрөө төлөөд, банкнаас 63 сая төгрөг зээлж, нийт 90 сая төгрөгөөр жижгэвтэр хоёр өрөө байр авсан юм. Яг зээлээ авах хүртэл хүртэл миний тооцоогоор 960 мянган төгрөг гарсан байдаг. Тодорхой хэлбэл,

- Зээлийн гэрээг нотариатоор батлуулах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны долдугаар сарын 5-ны өдрийн 123 тоот тушаалын дагуу 25 саяас 100 сая төгрөгийн зээлийн гэрээг батлах үйлчилгээний хураамжид 50 мянган төгрөг байдаг гэсэн.

-Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албанд байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх

Би 63 сая төгрөг зээлсэн тул зээлийн дүнгийн 0,1 хувь буюу 63 мянган төгрөг барьцаалбарын үнэ 6000 төгрөг төлсөн. Барьцаалбарын үнэ нь зээлийн дүнгээс хамаардаггүй, тогтмол юм байна.

- Зээлийн үйлчилгээний шимтгэл

Долоо хоногийн дараа гэрээгээ аваад, банкнаас зээл авах болоход зээлийн дүнгийн 0,5 хувь буюу 315 мянган төгрөг суутгасан.

-Орон сууцны даатгал

Орон сууцыг заавал даатгах ёстой байдаг гэсэн тул хоёр төрлийн даатгал төлсөн. Эд хөрөнгийн даатгалд орон сууцны үнэ 90 сая төгрөгийн 0,3 хувь буюу 270 мянган төгрөг, гэнэтийн ослын зээлийн даатгалд дүн буюу 63 сая төгрөгийн 0,3 хувь буюу 126 мянган төгрөг нийт 396 мянган төгрөг хураалгасан. Энэ мөнгийг зээлээ төлж дуустлаа жил бүр төлж байх ёстой гэж гэрээнд бичсэн байна билээ.

-Бусад жижиг зардал

Такси, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарлах, байрны зээлтэй эсэх тухай лавлагаа авах гээд бусад жижиг, сажиг зардал ойролцоогоор 130 мянга орчим төгрөг зарцуулсан.

Ингээд тооцож үзэхэд урьдчилгаа 27 сая төгрөгөөс гадна 960 мянган төгрөг зарж байж, хоёр өрөө байр авсандаа одоо ч баяртай байдаг. Одоо надад 20 жилийн турш сар бүр зээлэндээ 527 мянган төгрөг, жил нэг удаа даатгалд 396 мянган төгрөг төлөх ажил л үлдсэн. Та өөрийнхөө зээлийг энд тооцож болно

Үүнтэй харьцуулахад гэр бүлийн аз жаргал минь надад илүү үнэтэй билээ. Иймээс зээлээр байр авахаар зорьж байгаа бол урьдчилгаанаас гадна багагүй мөнгө хэрэгтэй болдог тул эртнээс тооцож байх хэрэгтэй гэдгийг би биеэрээ мэдэрсэн.

 

Давхар зээлтэй байж болох уу

-Миний сарын цалин 1 050 000, эхнэрийнх 1 000 000 төгрөг. Би нийгмийн даатгалаа тасралтгүй хоёр жил төлж байгаа. Эхнэр жирэмсэний амралтаа аваад сая ажилдаа орж өнгөрсөн аравдугаар сараас төлж эхэлсэн. Эхнэрийн нийгмийн даатгал 6-10 сарын хооронд тасарсан. Бид 50м2 байрыг 104 600 000 төгрөгөөр зээлээр авах хүсэлтэй байна. Урдчилгаа 30 хувь нь бэлэн. Гол асуудал нь ХААН банкинд машины зээлтэй, хугацаа нь дуусаагүй, төлж бас дуусаагүй байгаа. Урдчилгаанаасаа одоогийн зээлээ хаачихаар урьдчилгаа дутах гээд хаахгүй гэхээр давхар зээлтэй болчих гээд яахаа мэдэхгүй байгаа тул зөв гаргалгаа гаргаж өгч туслана уу. Мөн хамтран зээлдэгчийн нөхцөл нь манай гэр бүлийн хувьд хэр боломжтой вэ?

-Танай өрхийн орлого 2,050,000 төгрөг байх бөгөөд үүний 45 хувь хувь нь 922,500 төгрөг болох тул орон сууцны зээл авах боломжтой юм байна. Учир нь урьдчилгаа 30 хувиа хасахаар 73,220,700 төгрөгийн зээл авах шаардлагатай болно. Үүнийг 8,0 хувиар 20 жилийн хугацаатай авбал сард 612,447 төгрөг сар бүр төлөх ёстой болно. Танай гэр бүлийн орлогоор тооцоход сард зээлэнд дээд тал нь 922,500 төгрөг төлж болох бөгөөд үүнээс орон сууцны зээлэнд төлөх 612,447 төгрөгийг хасахад цаана нь 310,053 төгрөг үлдэнэ. Энэ дүнгээс таны автомашины зээлийн төлбөр хэтрэхгүй байгаа тохиолдолд машины лизингийнхээ зэрэгцээ орон сууцны зээлэнд давхар хамрагдах боломжтой. Хамтран зээлдэгчийн хувьд таны эхнэр жирэмсний амралтаасаа ажилдаа эргэн орсон бол шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хамтран зээлдэгч нь заавал орлоготой байх ёстой юу

-Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Манайх 90 саяын байр захиалсан юм. 60-70 хувь буюу 60 саяыг нь төлөөд үлдэгдэл 30 хувь дээр банкнаас зээл авах гэсэн хамтран зээлдэгчийн шалгуур заавал надтай адил гээд эхнэр ажилгүй болохоор зээл авахад боломжгүй гэсэн хариу сонсоод. Зээл олдох арга зам байгаа болов уу. Татвараа төлөхгүйгээр сард 950.000 төгрөг авдаг, бас бус нэмэлт орлогоо ХААН банкны дансаар дамжуулаад авчихдаг юм.

-Нэгэнт банк таны хамтран зээлдэгчийг заавал орлоготой байх шаардлага тавьж байгаа бол дагахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд та өөрийн төрсөн ах дүү нараасаа хэн нэгнийг хамтран зээлдэгчээрээ оруулах, эсвэл гэр бүлээ ажилдаа ортол хүлээх л арга байна.

Хоёулаа цалингийн зээлтэй тохиолдолд 8,0 хувийн зээл авч болох уу

-Би сард 1,2 саяын цалин авдаг. Сард 300 мянгыг цалингийн зээлд өгдөг. Нөхөр маань 900 мянгын цалинтай, 500 мянгын зээлтэй. Бид хөдөө амьдардаг. Хотод орон нутгийн байраа барьцаалан байр авах авах хүсэлтэй байгаа юм. Энэ тохиолдолд яах хэрэгтэйг зөвлөөч.

-Та болон таны гэр бүл одоогийн зээлээ хаахгүй бол хүссэн хэмжээний орон сууцны зээлийг авахад танай өрхийн орлого хүрэлцэхгүй байх талтай. Танай өрхийн сарын орлого 2,1 сая төгрөг бөгөөд үүнээс 45 хувьд нь зээлтэй байж болно гэж үзвэл 945 мянган төгрөг байна. Үүний 800 мянган төгрөгийг цалингийн зээлд төлдөг гэвэл сард ердөө 145 мянган төгрөг л орон сууцны зээлд төлөх боломжтой. Энэ тохиолдолд маш бага хэмжээний зээл авах бөгөөд байр худалдан авах боломж үүсэхгүй. Тиймээс одоогийн зээлүүдээ хаагаад тухай орон нутагт байх 8,0 хувийн орон сууцны зээл олгож байгаа банкны салбарт хандаж зээлийн хүсэлтээ гаргаж болно.

 


ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх