Аавын хэт


Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж

Эцгийн

Эцгийн эцгийн

Элэнц хуланцын

Элэгдсэн төмөр хэт

Элээсэн насаа мэдэхгүй

Хаанахын ямар дархан

Хатуу төмөр улайсгаж

Хат ширээн давтаж

Хэт болгосныг хэлэхгүй

Аавын хэтнээс

Адууны хэт үнэртэнэ

Аяны тоос үнэртэнэ

Аргалын утаа үнэртэнэ

Энэ хуучин хэт

Эрт баларын цагт

Эзэн голомт тулахад

Эхний галыг асаасан байж мэднэ

Алтанд, Тужийн нарсанд

Ардын журамт цэргийн

Анхны хувьсгалын түүдэг

Асаалцсан байж болно

Ган хэцээ хотойтол

Гар дамжин элэгдэж

Гал хүнд хайрласан

Гавьяа нь түүхэнд байхгүй

Аавын хар хэт

Алт мөнгөн тоноггүй

Ажлын хар хэт

Ардын төмөр гал

Оддын зуунд

Одоо хэрэггүй болсон ч

Орчлонд би түүнийг

Ор тас мартах эрхгүй

1987 он


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх