Гутлын 22 болон Сэлбэ гол орчмыг шөнийн гудамж болгоно

Шөнийн "Гэрэлт гудамж”-ны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд оролцлоо. Тэрбээр "Нийслэл хотод залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үгүйлэгдэж байсан. Тиймээс Гэрэлт гудамжийг бид нээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэрэлт гудамжийг улам илүү тохижуулж лед дэлгэц байрлуулах, утасгүй өндөр хурдны интернет цацах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн дахин хоёр байршилд шөнийн Гэрэлт гудамжийг байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна. Тухайлбал гутлын 22 гэгддэг гудамжийг авто машингүй шөнийн гудамж болгохоор, мөн Сэлбэ голын эрэг дагуу энэхүү гудамжийг байгуулахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн судалгаагаар өдөрт 10 мянган хүн Гэрэлт гудамжаар зорчсон гэсэн тоо байна. Арга хэмжээ, урлагийн тоглолттой үед 70 хүртэл мянган хүн зорчсон байдаг. Нийтдээ 1 сая 24 мянга гаруй хүн энэ гудамжаар зорчсон байна. Үүнийг дагаад гудамжны худалдаа, хоолны соёл, залуучууд зөв болон биеэ авч явах зэрэг олон давуу талууд бий болж байна. Энд залуус ирээд тоглолт, үзүүлбэр хийхэд ямар нэг үнэ төлбөргүй. Гэрэлт гудамжны төсөл бол төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлсэн томоохон ажил юм” гэлээ.

Гутлын 22 болон Сэлбэ гол орчмыг  шөнийн гудамж болгоно

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх, хайрын цоож зүүх чимэглэлийн "LOVE" хөшөөг Гэрэлт гудамжинд байршуулсан байна.
Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажээ.
 Нийслэлийн зарим хэсэг нь гэрэлт гудамжтай болсонд, тоог нь нэмэх гэж буйд баяртай байгаа ч "нойл"-ын асуудал шийдээгүй, орчин тойрны айлуудын тав тух алдагдаж байна гэж үзэж дургүйцэх хүмүүс ч байгаа юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх