Э.Сумъяа: Хэрэг эрхлэхийн ажил нэг хүнийх биш, хамтын бүтээл байдаг

Төрийн жирийн л нэгэн албан хаагч, Засгийн газрын ахлах референт Энэбишийн Сумъяа гуайтай уулзаж ярилцлаа. Энэ онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ой тохиож байгаа. Энэхүү түүхэн байгууллагад референтээр олон жил ажиллаж байгаа энэ эрхмийг онцолсон учир нь түүний эрхэлж буй ажил иргэд бидэнд ямар хамаатай, ийм том нэр, албан тушаалын ард чухам ямар хувь хүн байгааг "илчлэх” гэсэн хэрэг билээ.

 

-Төрийн ордны гэрэлтэй цонх нь Сумъяа гуайнх. Орой 23.00 болтол гэрэлтэй байдаг, хагас бүтэн сайнд ч ажилладаг гэж хамт олон чинь хэлсэн. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Ажилладаг, өдөр бүр биш шүү дээ.

-Ачаалал ихтэй байдаг хэрэг үү, ингэж их сууж байна гэдэг?

-Хоёр талтай. Ажил бол мэдээж байдаг. Хоёрдугаарт, тайван ажиллах нөхцөл бүрддэг. Өдрийн цагаар бол хүмүүс орж ирж ярилцана, би өөрөө ч холбогдох удирдлага, хүмүүстэй уулзана. Ингэж тодорхой асуудлаар мэдээлэлтэй болох нь бидний ажилд чухал. Референтүүд тодорхой салбар, асуудал хариуцдаг ч Хэрэг эрхлэх газар салбар болгоныг өөр хооронд нь болон улсын хэмжээнд уялдуулж, зохицуулах чиг үүрэгтэй. Референт бүх салбарын мэдээлэлтэй байх учиртай. Үүний тулд утсаар ярьж, уулзаж ярилцахаас гадна лавлагаа материал, судалгаа хэрэгтэй болдог. Үүнд цаг хэрэгтэй. Орой суухдаа зарим цагаа интернэтээс мэдээлэл авах, шинэ мэдлэг олж авахад зарцуулдаг.

-Та ямар салбар хариуцдаг вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр.

-Үүнээс гадна бас хэд хэдэн салбар хариуцдаг юм биш үү?

-Төрийн байгууллагуудын өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хариуцдаг. Референтүүд хүн юм чинь амарна, хөдөө, гадаа томилолтоор явна аа даа. Ийм тохиолдолд бид нэгнээ орлон ажилладаг. Нэг маань тэтгэвэрт гарна, орных нь хүнийг автал хугацаа гарна. Ажлыг нь эзэнгүй байлгаж болдоггүй, тиймээс тодор хой хугацаанд янз бүрийн сал барын асуудал хариуцдаг.

-Яам, тамгын газарт референт гэдэг албан тушаал байдаггүй юм билээ. Засгийн газрын референт гэж ямар ажил эрхэлдэг хүнийг хэлээд байна аа. Та ахлах референт юм байна шүү дээ?

-Асуудлыг зангидаад биччихдэг, боловсруулчихдаг хүнийг хэлээд байгаа юм. Манай дээр үеийн яамдад "эх зохиогч” гэж албан тушаал байсан. Аливаа бичиг, тогтоол, шийдвэрийн эхийг бичдэг хүнийг референт гэж ойлгож болно. Яамдын боловс руулсан тогтоол шийдвэр, хуулийн төслийг нэгтгэн цэгцлэх, бусад яамд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хуралдаанд бэлтгэх нь референт хүний хийх гол ажил. Мөн Засгийн газрын ХЭГ-ын хүрээнд тогтоол шийдвэрийн төслийг бие дааж болон бусад ажилтнуудтай хамтарч боловсруулна. Мөн байгууллага, албан тушаалтан, иргэдийн Засгийн газар, Хэрэг эрхлэх газарт тавьсан санал хүсэлтийг судалж, шийдвэрлэх арга замыг сонгож, удирдлагад зөвлөгөө өгдөг. Аливаа ажил манай улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцэх учиртай. Бизнес эрхэлж байгаа хүн аж ахуйн нэгж байгуулахаас эхлээд Улсын бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хуулийг судлах, дараа нь зээл авахын тулд банкны тухай хуулиудыг судлах хэрэгтэй болно. Энэн шиг Засгийн газрын шийдвэрийн төсөл хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Үүнийг л анхаарч асуудал боловсруулдаг, зохицуулдаг хүнийг референт гэдэг гэх үү дээ.

-Засгийн газраас гарах тогтоол, шийдвэр буюу бод логын боловсруулалтыг хийдэг гэсэн үг үү.

-Тийм. Би цаас нухаад сууж байгаа юм шиг мөртлөө энэ маань эргээд бизнес, иргэний харилцааг зохицуулах, бизнесийг дэмжих, нийгмээ хөгжүүлэх зохицуулалтын эх суурь болдог. Ер нь стратеги төлөвлөлтөөр мэргэшээгүй хүн Засгийн газрын референт хийхэд төвөгтэй. Уг асуудал ямар зорилготой юм, яаж хэрэгжүүлэх юм, энэ хүрээнд ямар үйл ажиллагаа явуулах юм бэ, хөрөнгө хүч гээд олон талаас урьдаас харж зохицуулах шаардлагатай болдог. Энд онгорхой цоорхой гаргачихгүй юмсан гэж хичээж ажиллаж байгаа юм. Уранхай, цоорхой хувцастай гадаа гаргачихвал хүүхэд өвдөнө, хатгаа авчихна биз дээ.

-Та хэчнээн жил бодлогын асуудал боловсруулж байна вэ?

-Би ХААИС-ийг 1974 онд төгсөөд Дундговь аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчээр очсон. Зургаан сарын дараа дөрвөн байгууллагын дундах эвлэлийн үүрийн даргаар томилогдсон. 1980 онд Дундговь аймгийн намын хороонд Хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч боллоо. Энэ бол жинхэнэ боловсруулах ажлын эхлэл байсан. Тэнд зургаан жил ажилласан. Дараа нь Намын төв хороонд ажилласан. Мөн л бодлогын асуудал байсан. Бүр улс төр судлалын асуудал болж хувирсан. Хэрэг эрхлэх газарт 1994 онд ирсэн.

-Энэ хугацаанд хэчнээн баримт бичиг боловсруулсан бол. Багцаа тоо гарах уу?

-Тоо гаргахад хэцүү. Гэхдээ миний оролцож, боловсруулаад Засгийн газрын тогтоол, шийдвэр болж гарсан материалын судалгаа бий. Ийм 15 боть байна

-Он оноороо юм байна. Сүүлийн жилүүдийнх нь ямар зузаан юм бэ. Энэ чинь нэг хуудас нь л нэг шийдвэр, тогтоол байна шүү дээ..

-Энэ бол зөвхөн Засгийн газрын албан шугамаар гарсан тогтоол, шийдвэр шүү дээ хө. Цаана нь хуулийн төсөл хэлбэрээр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн бас олон бий. Зарим асуудлыг ажлын хэсэг гарч боловсруулж, гадаад, дотоодын зөвлөхтэй хамтраад зөвлөмж хэлбэртэй төслийн баримт бичиг гаргадаг. Би бас Үндэсний зөвлөх гэсэн үнэмлэхтэй ухаантай, төслийн менежментээр мэргэшсэн хүн. Тэр чиглэлээр 10 гаруй төсөл дээр ажилласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний үе үеийн удирдлага, хамт олон надад мөн ч их юм сургасан, тэр хэмжээгээр ажил шаарддаг гэж боддог.

-Гэхдээ эдгээр ботийг харахад багцаа тоо гаргаж болох нь шиг байна. 2009 онд л гэхэд таны гараар орсон Засгийн газрын тогтоол, тэмдэглэл, захирамж, шийдвэр хэд байна?

-Алив харъя. 2009 онд 129 байна. Энэ дотор хөтөлбөр, дүрэм, журам зэрэг цаг хүч шаардсан 20 гаруй асуудал байна. Манай байгууллагад удах тусам тухайн хүний боловсруулах асуудлын цар хүрээ томроод байх шиг байдаг. Гэхдээ ХЭГ-ын ажил хэзээ ч нэг хүнийх биш, хамтын бүтээл байдаг. Асуудал боловсрууллаа, хяналаа, найрууллаа, дараа нь удирдлага үзээд чиглэл өгнө. Эцэслээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ, албажуулахыг опе раторууд хийнэ, дараа нь уг шийдвэрийг Засгийн газрын Хэвлэлийн алба нийтэд сурталчилна, чиглэлийн яамд, орон нутаг хэрэгжүүлнэ. Асууд лыг судлах, боловсруулах үүрэг нь нэг хүн дээр байгаа мэт боловч шийдвэр бүр хамтын бүтээгдэхүүн. Яамдын боловсруулсан асуудал ч ялгаагүй хамтын шийдвэр, бүтээгдэхүүн болж өөрчлөгдөн гардаг.

-Засгийн газрын шийдвэр, тогтоол, тэмдэглэл гэсэн ганц хуудсыг гаргахад цаг их орно биз?

-Тэмдэглэл, жижиг хэмжээний шийдвэр бол гайгүй ээ. Том асуудлууд бол цаг их зарцуулна. Миний ажлын цагийн нэлээдийг авдаг хоёр зүйл байдаг юм. 1994 онд Жасрай гуайн Засгийн газрын үед "Удирдлагын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлж, Засгийн газар, яам, төрийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлийг зах зээлийн нөхцөлд тохируулан хийсэн. Анхны төслөөс нь оролцсон, одоо ч энэ асуудалтай холбоотой явж байгаа. Тиймээс яамд, Засгийн газрын зарим агентлагийн бизнес төлөвлөгөө, бүтцийн өөрчлөлт, зардал төсөв хэмнэх зэрэг асуудлыг хөндөхөд намайг оролцуулдаг. Монгол Улс хөгжиж байгаа учраас хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж, энэ нь төрийн үйлчилгээний орон тоог улам өргөтгөж байна. Энэ бол нийгмийн хэрэгцээ. Яамдын орон тоо томорлоо гэдэг, хэрэг дээрээ яамдад 800- 1000 орчим, Засгийн газрын агентлагуудад 3000-4000 гаруй хүн байна. Төрийн тусгай алба бас хуультай, нийгмийн захиалгатай алба. Тэгэхээр бид цаашид, төрийн албыг төрийн жинхэнэ алба, үйлчилгээний алба гэж одоогийн ангиллаар нь ялгаж, төрийн үйлчилгээний албыг өөр хууль тогтоомжийн хүрээнд тусад нь гаргах зайлшгүй шаардлага байна. Энэ бол миний хувийн л санал.

-Цагийг чинь авч байгаа хоёр дахь ажил нь юу вэ?

-Нэг шийдвэр гаргахын тулд ажлын хэсэгт референтүүд ороод явчихдаг. Тухайлбал би 2006 оноос Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ийм ажил үндсэн ажлын цагаас их авна. Мөн бизнесийн чиглэлийн асуудал бас надад цохогдоод ирдэг юм. Заримдаа өөрийн хариуцсан яамныхныг егөөдөж, танай ажил миний ажлын 40 хувийг эзэлж байна гэж хэлдэг.

 

-Танд уурлах үе гардаг уу?

-1990-ээд оны эхээр хааяа бухимддаг байсан, одоо больсон. Эрүүл мэндээ эхлээд бодох ёстой. Хааяа хариуцсан ажлаа хийхгүй байгаа хүнийг хараад бухимддаг.

-Дундговьд мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчээр очсоноос хойш л Та төрийн ажил хашиж байна. Төрийн хар хүн гэдэг дээ, Та ийм хүн бололтой?

-Миний хийж чадахгүй ажил бол мал муулах, машин барих. Тэгэхээр төрийн хар хүн гэж хэлж болох юм шиг байна.

-Та Засгийн газрын бодлогыг 17 жил боловсруулалцаж байна. Төрийн бодлого болоод албанд уламжлал байхгүй бол болохгүй биз. Хэргийг ноён шийднэ, төрийг түшмэл барьдаг гэж үг ч байдаг шүү дээ.

-Уламжлал гэдгийг би дангаар нь авч ярихаас болгоомжилдог. Уламжлал, шинэчлэлийг төрийн бодлогод хослуулж байх учиртай. Уламжлалаар явна гэдэг бол хуучнаа хуулна, барина, өвлөнө гэсэн үг. Тэгэхээр уламжлал заавал шинэчлэлийг дагуулж явах учиртай. Хөгжил өөрөө үргэлж урагш тэмүүлж явдаг. Манай улсын хөгжил жилээс жилд урагшилж байна, хамгийн энгийнээр хэлэхэд улсын төсөв жилээс жилд томорч байна. Бид хөгжлийн төлөө явж байгаа, хөгжил заавал шинэчлэлийг шаардаж байдаг. Шинэчлэлийг бий болгохын тулд хувь хүн, албан хаагч мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж байх учиртай. Тийм ч учраас би суудаг, онол, арга зүйн болоод бусад улсын хөгжлийн талаар ном уншдаг. Уламжлал гэдэг утгаар нь хуучныг мөн сөхөж хардаг.

-Танд илүү цагийн мөнгө бодогддог уу?

-Үгүй. Амралт дутуу эдлээд орсон ч нэмж юм өгөхгүй. Төрийн алба нийтээрээ л ийм байгаа шүү дээ. Төрд алба хашдаг, тангараг өргөсөн төрийн албан хаагч гэдэг үүднээс тангаргаа л биелүүлж яваа. Ажлаа бүрэн, зөв хийх гэж хичээдэг.

-Төрийн албан хаагч гэдэг үгийн нэр хүнд тааруухан байх шиг байна. Хүмүүс төрд шургаллаа, төрийнхөн авлига хээл хахууль авч, баяжиж байна гээд байдаг. Та олон жил төрд зүтгэж байна. Хэр баян хүн бэ?

-Өөртөө, толгой дахь мэдлэг, ажиллах туршлага, арга барил, ур чадвараар бол баян хүн. Ном бас их бий. Мөнгө, эд хөрөнгөөр хэмжвэл тийм биш. Орон сууцтай, 41-41 гэсэн өөрийн унаатай л хүн / алхаж явдгаа хэлэв бололтой/.

-Яагаад ийм яриа, хэл ам гараад байдаг юм бол та юу гэж боддог вэ?

-Байдаг болоод л гарч байгаа.

-Тангаргаа биелүүлж ажиллаж байгаа хүмүүст ийм яриа сонсох харамсалтай л санагддаг байх даа?

-Ийм зүйл бодоод байвал яаж ажил хийх юм бэ. Нэг бол ажлаасаа гарна, эсвэл атаархана.

-Атаархана аа, юу гэсэн вэ?

-Тийм болох юмсан л гэж бодохгүй юу.

-Зарим хүмүүс баяжиж байна, унаа машинтай, хауст амьдарч байна. Танд тэдэн шиг болохсон гэсэн бодол төрдөггүй юү?

-Хэрвээ төрийн албан хаагч хүн ингэж хүсдэг бол бизнес эрхэлсэн дээр. Бизнес эрхлэхийн тулд дахин сурч, шинэ ур чадвар бий болгох ёстой биз. Одоо миний нас хүрэхгүй. Гэхдээ хүнд муугаа үзүүлэхгүй, нийгэмд ад үзэгдэхгүй байх учиртай. Дундаас дээш зорилготой, болж өгвөл манлайлагч байх ёстой. Ингэж байж бид нийгмээ хөгжүүлнэ. Сэтгүүлч нь сэтгүүлчээрээ, төрийн албан хаагч нь албан хаагчаараа, судлаач нь судлаачаараа, эцэг эх нь үүргээрээ манлайлах ёстой.

-Хэрэг эрхлэх газар бол Засгийн газрын ажлын алба. Та олон Ерөнхий сайд, удирдлагатай ажилласан байж таарна. Өмнөх бодлого өөрчлөгдөх тохиолдол байх уу?

-Улс төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зам өөрчлөгдөнө, үүнд бид зохицоод яваад байгаа шүү дээ. УИХ-аар баталсан 2008- 2012 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хамтарсан Засгийн газар явж байгаа. Харин Ерөнхий сайд өөрчлөгдөхөд нэмээд өөр бодлого гаргаад ирж байгаа биз. Европ стандартыг нутагшуулна, Кембрижийн тогтолцоог сургалтад нэвтрүүлнэ, компанийн засаглалыг сайжруулна, иргэний хяналтыг бий болгоно, IPO гаргаж, ард иргэдээ хөрөнгөжүүлнэ гэхчлэн Ерөнхий сайд С.Батболд олон шинэ бодлого гаргаж тавьсан. Европын холбооны стандартыг нутагшуулна гэхэд тэнд тавигдаж байгаа бүх шаардлагыг Монгол Улс хууль тогтоомж, стандартдаа нийцүүлж, хэрэгжүүлэх болж байна. Тэгэхээр бид Европын орнуудын төрийн албан хаагчийн дайны мэдлэгтэй байхгүй бол үүнийг хэрэгжүүлж чадахгүй. Өөрийн орны хууль тогтоомж, стандартыг Европын орнуудад мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарттай уялдуулахаас өөр аргагүй. Энэ нь төрийн албанд тавигдах шинэ шаардлага болох байх.

-Ажилдаа баяртай ирж, гэр рүүгээ баяртай харьдаг хүнийг аз жаргалтай хүн гэдэг. Тиймээс ч ажлаасаа кайф авдаг, авдаггүй тухай ярьдаг байх. Таны ажлын кайф нь юу вэ?

-Сайхан хамт олонтой хамтарч ажиллах нь кайф юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажил хүнд дандаа шинийг мэдрүүлж, таниулж байдаг. Тэгэхээр уншихаас өөрцгүй, шинийг сонирхохоос аргагүй. Тэгэхгүй бол бидний ажил урагшлахгүй.

-Ерөнхий сайд хүн л юм болохоор алдана, буруу бодлого гаргаж болно биз дээ. Үүнд та санал бодлоо хэлдэг биз. Засгийн газрын референт гэдгийг зарим хүн Засгийн газрын зөвлөх гэдэг.

-Саналаа удирдлагадаа хэлнэ, тэд Ерөнхий сайдад уламжилна, энэ бол зөвлөж байгаа хэрэг. Удаан ажиллаад ирэхээр яамдын боловсруулсан материалын агуулгыг өөрчилдөг ч концепцийг нь өөрчлөхгүй болно. Концепц бол улс төрийн бодлого байдаг. Үзэл баримтлалын хувьд бид найруулга л хийнэ. Заримдаа бид бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хувилбар, сонголтод өөрчлөлт оруулна, бид ийм л ажил хийж байгаа. Гэхдээ нэг барьдаг зарчим бол санаан зоргоороо хүний юмыг өөрчлөхгүй, удирдлагадаа танилцуулна, ингэж өөрчлөх шаардлагатай байна аа гэнэ, ингэж эрх авна. Түүнээс референт дангаараа асуудлыг шийдэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол эрхэлсэн сайдтай ярь гэдэг, сайд зөвшөөрвөл "хүрд эргүүлэх боломж” гарч байгаа юм.

-Долоон буудлын ойролцоо амьдардаг Дорж гуай таны хийж байгаа ажлыг юу гэж ойлговол зөв юм бэ? Түүний амьдралд таны боловсруулсан бодлого шууд хүрч чаддаг уу?

-Шууд нөлөөлөх ажил бий. Тухайлбал, Эх орны хишиг хувь хүртээх асуудлыг Ч.Хүрэлбаатар дарга ахалж, манай ахлах референт Д.Ганчимэг боловсруулсан. Энэ хувь хишиг иргэнд шууд очиж байгаа. ХЭГ салбарын асуудал хариуцсан найман референттэй. Тэднээс нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр боловсруулж гар гасан шийдвэр иргэдэд шууд очдог. Миний эрхэлж байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон төрийн байгууллагын өөрчлөлтийн асуудал иргэнд шууд очихгүй л дээ. Харин бодлого шийдвэр хэрэгжээд үр дүн, нөлөө нь тодорхой хугацааны дараа хувь иргэнд очдог. Ингэхдээ зөвөөр, бас буруугаар ч очиж болох талтай. Сайн бодлого гаргавал бизнес эрхлэгчдийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тааруухан бодлого гарчихвал иргэдийн хөдөлмөрлөх, ажиллах нөхцөлийг улам хумина.

-Та хамрын тамхи бас овоо татах юм аа, кайф авдаг бас нэг зүйл чинь байх, тийм үү.

-Хариулахгүй байж болох уу. Энэнээс чинь болж хөгшинд өө загнуулдаг юм. Ер нь бол миний энд суугаад байгаа чинь ар гэрийн дэмжлэг сайных. Гэрийнхэн маань миний ажлыг, намайг ойлгож дэмждэг.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр. Хүү маань бизнесийн салбарт ажилладаг. Охин Японд докторантурт сурч байгаа. Бэр, хүргэн хоёр хувийн хэвшилд ажилладаг. Хөгшин маань миний арыг бат даадаг. Би цалингийнхаа хэдэн төгрөгийг л аваачиж өгдөг.

-Эхэндээ таныг ажлаасаа эрт ирэхийг шаарддаг байсан байлгүй, тийм ээ?

-Дундговьд манай хөгшин бид хоёр хамт ажиллаж байсан юм. Ажлаа тараад гангар гунгар гээд хамт харина. Ажил ихтэй үед "За хө чи хүүхдүүдээ аваад харьж бай” гэнэ. Заримдаа жаахан ядрах ч хүүхдүүдтэйгээ инээлдэж хөхрөөд сэргэчихнэ. Одоо ач маань бидэнтэй байдаг. Тэрнийгээ эрхлүүлнэ. Эцэг, эх нь гадаадад байгаад, бид хоёр өсгөсөн юм. Тэр одоо бид дөрвийн дунд эрхэлж байна. Японд амьдардаг хоёр зээтэй, зун ирж бужигнадаг юм. Зун, намар зусланд гарахаараа арай эрт харьдаг шүү.

-Та аль нутгийнх вэ?

-Өвөрхангай аймгийн Баянгол сум.

-Яагаад Дундговь явсан юм бэ?

-1974 онд Өвөрхангайн таван хүн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн анги төгссөн. Тэгтэл Өвөрхангайн гурван хуваарь ирээд... Дундговиос хүн төгсөөгүй. Өвөрхангайн хоёр, дээр нь манай хөгшин, ингээд гурвуулаа Дундговьд очиж байлаа. Ажлын гараагаа эхэлсэн ээлтэй, сайхан нутаг. Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч гэдэг аймгийн мал эмнэлэгтээ гуравдугаар хүн. Ийм албанд дөнгөж төгссөн хүн барагтай очдоггүй байсан, миний хувь заяа түшсэн хэрэг.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Та хамт олныхоо тухай яриач?

-Сайхан хамт олон. 1994 онд ирэхэд би насаараа референтүүд дотроо дороосоо хоёрт ордог байлаа. Манай хэлтэст дандаа луугар томчууд ажилладаг байлаа. Сайд байсан У.Мавлет гуай, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга байсан Б.Лувсанцэрэн гуай, аймгийн дарга байсан Г.Чингэл, гадаад эдийн засгийн Буд, олон жил референт хийсэн Н.Баяраа, Б.Шарбанди, Ш.Солонго, М.Сандаг-Очир зэрэг референтүүд, ХЭГ-ын дарга С.Банзрагч, дэд дарга Л.Лингов, З.Саарал гуай, хэлтсийн дарга Ц.Самбаллхүндэв гээд нэрлээд байвал олон хүн болно. Тэднээс их зүйл сурсан. Одоо ах нь хамгийн ахмад нь болжээ, хамт олон дундаа. Одоо тэднээс Н.Буяндэлгэр, М.Сандаг-Очир бид гурав, дээр нь Д.Ганчимэг, Ж.Уранчимэг зэрэг ахлах референтүүд ажиллаж байгаа. Би дээр хэлсэн, бидний ажил бол хамт олны хөдөлмөр байдаг гэж. Засгийн газрын референтүүдийн тулж ажилладаг хүмүүс бол ХЭГын удирдлага, хэлтсийн дарга нар, түүн дотроо Хуулийн болон Захиргааны хэлтсийн ажилтнууд. За ер нь бараг бүх хүн орно доо. Референт хүний ажил хамт олныхоо дэмжлэгт явдаг, "баг”-аар хийдэг ажил юм.

-Таны ирж байсан үетэй харьцуулахад Хэрэг эрхлэх газар их залуужиж байна уу?

-Үнэхээр залуужиж байна. Би залуу байж үзсэн. Гэнэн байдаг, юмыг дутуу хардаг, шинэлэгээр хардаг хэрнээ хайш яйшхан ханддаг дутагдал бий. Гэхдээ залуучууд байгууллагын уур амьсгалыг их зөөллөдөг. Урлаг, спорт, нийтийн арга хэмжээнд тэд байгууллагын нүүр царай болдог. Заримдаа тэднийгээ цаашлуулдаг, боловсруулсан зүйлийг нь хараад инээдэг. Хааяа удирдлага ч миний боловсруулсан асуудлыг үзээд ингэдэг л байлаа. Нэг биш нэлээд хэсэг хугацааны дараа тэд маань мундаг болно оо. Би энд ирсэн эхний таван жилдээ одоогийн залуучууд шиг л байсан. Тэгэхэд би чинь нэлээд гайгүй ажил хийж байгаад ирсэн хүн байлаа шүү дээ. Энэ ажлын онцлог, шаардлага өндөр л дөө. Түүнд зохицож хүн өөрчлөгддөг, хөгждөг. Энэ бол залуучуудын ирээдүй.

-Баярлалаа, танд сайн сайхныг хүсье.


Ярилцсан Ц.Энхмаа "ӨНӨӨДӨР" сонин, 2011 он

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх