Ж.Батбаясгалан: Хот гэдэг чинь их айл, бүгд ирж амьдрахад нээлттэй том орчин

Ж.Батбаясгалан: Хот гэдэг чинь их айл, бүгд ирж амьдрахад нээлттэй том орчин

Ц.ЭНХМАА

 

Нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогчтой. Тэдний нэг Ж.Батбаясгалан хэдийгээр нас залуу ч хотын ажилд туршлагатай хуучин кадр. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант тэрбээр 2008 оноос хотод ажиллаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн сонгуулиар Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Нийслэлийн Засаг даргын орлогчтой ярилцлаа.

 

АГААРЫН БОХИРДЛЫГ ХОТ ДАНГААРАА ШИЙДЭЖ ЧАДАХГүЙ

 

-Хотын даргын орлогчийн ажлаа аваад овоо хэдэн сар болчихов уу?

-Монгол Улсын Засгийн газрын наймдугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамж гарч Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчоор томилогдон ажлаа наймдугаар сарын 8-нд хүлээж авсан.

-Өмнө нь байгаль орчин л гэж байснаас агаарын бохирдлыг дангаар нь хариуцсан орлогч байгаагүй. Тэгэхээр энэ асуудалд илүү анхаарч ажиллахаар шийджээ?

-Өмнө нь ногоон хөгжил, байгаль орчин гэсэн агуулгаар явж ирсэн. Ахиц төдийлөн гарч чадаагүй. Тиймээс агаарын бохирдлыг хотын тулгамдсан том асуудал гэдгийг ил хэлж байгаад шийдэх гарцыг хайж, ахиц гаргая гэдэг нь хотын даргын санал л даа. Агаарын бохирдол туйлдаа хүрсэн. Тиймээс энэ асуудлыг байгаль орчин, ногоон хөгжлийн нэг салбар төдий биш тусгайлан энэ чиглэлд бодлоготой ажиллах нь зөв хэмээн үзэж Засгийн газарт санал оруулж дэмжүүлсний дагуу нийслэлийн бүтцийг баталж өгсөн. Агаарын чанарын албыг Агаарын бохирдлыг бууруулах газар болгосон нь ч үүнтэй холбоотой. Өмнө нь агаарын чанарын хэмжилт, мониторинг хийж мэдээлэх үүрэгтэй байсан энэ газрын чиг үүргийг агаарын бохирдлыг бууруулах гэж өөрчилсөн.

-Агаарын бохирдлын талаар олон жил ярилаа, их ч хөрөнгө зарлаа. Өнгөрсөн дөрвөн жилд л гэхэд орон сууцжуулна, айлууд руу дэд бүтцийг нь хүргэж хаус хороолол бий болгох замаар хотын агаарыг цэвэрлэнэ гэсэн ч дорвитой үр дүн гараагүй. Хот энэ асуудлыг шийдэж чадна гэсэн итгэл танд байгаа юу?

-Хот дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг би хатуу хэлнэ. Их хурал, Засгийн газраас бодлогын үндсэн өөрчлөлт гаргахгүй бол өнөөдрийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заагдсан эрх хэмжээний хүрээнд Улаанбаатар хот энэ асуудлыг дангаараа шийдэх ямар ч боломжгүй.

-Яагаад?

-Та бүхэн бодоод үз. Улаанбаатар хотод өнөөдөр нэг сая 350 мянган хүн албан ёсоор бүртгэлтэй. Гэтэл жилд 30-35 мянган хүн хөдөөнөөс нүүж ирж, 45-47 мянган хүүхэд шинээр төрж байна. Дээр нь их дээд сургуульд сурахаар ирж байгаа оюутны тоо хэд билээ. Сүүлийн үед манай хөдөөгийнхөн хүүхдүүдээ хотод дунд сургуульд, цэцэрлэгт сургахаар ирдэг болсон. Тэднийг харах гэсэн хүмүүс нь дагаад ирдэг. Ингээд өнөөдөр Улаанбаатар хот албан бусаар 1,7-1,8 сая хүн өвлийн энэ хугацаанд амьдарч ажилладаг. Мөн томоохон худалдааны төвүүд байна, бүх аймаг сум Улаанбаатар хотоос хүнс болоод бусад бараа бүтээгдэхүүнээ хангах том урсгал эндээс явж байна. Дээр нь эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн хүмүүсийн урсгалыг нэмээд тооцохоор Улаанбаатарын ачаалал ямар байгаа нь ойлгогдох байх. Тэгсэн мөртлөө өнөөдөр манай нийслэлийн эрх хэмжээ орон нутаг, тухайлбал, Говьсүмбэр, Дундговь ч юм уу аймагтай адилхан. Яг өнөөдрийн хууль эрх зүйн байдал, эдийн засгийн бололцоогоор буюу Улаанбаатар хот байгаа эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг яагаад ч шийдэж чадахгүй.

-Боломжгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэхгүй байсан хэрэг үү?

-Өнгөрсөн хугацаанд юу хийгдэв ээ гээд ярих гэхээр хэн нэгнийг муулах болно. Ингэж яримгүй байгаа юм. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, зөв гэж үзсэн зүйлээ хийх нь бидний үүрэг. Ард түмэн итгэсэн, саналаа өгсөн. Одоо зөв бодлоготой ажиллахын тулд Улаанбаатар хотын шинэ удирдлага ямар асуудал тавьж байна вэ гэдэг л хүмүүст сонин байх. Зуух, түлш, нүүрстэй зууралдаад утаанаасаа салж чадахгүйг өнгөрөгч хугацаа нотоллоо шүү дээ.

 

 

 

 

УТААТАЙГАА БАЙЯ ГЭСЭН

НЭГ Ч ХүН, НЭГ Ч НАМ

ЭВСЭЛ БАЙХГүЙ

 

-Тэгвэл хот нэн тэргүүнд юу хийж байна вэ?

-Бидний нэрлэж заншсанаар гэр хороололд 190 мянга орчим өрх байгаагийн 90-ээд мянга нь уламжлалт гэр сууцанд амьдардаг. Агаарын бохирдлын үндсэн үүсвэр нь гэр хорооллоос гарч буй нүүрсний утаа. Дээр нь 400 гаруй мянган автомашин, мөн жижиг оврын уурын зуух, станцуудаас гарч байгаа утаа нэмэгдэнэ. Дийлэнх нь хүмүүс дулаан байх, хоол ундаа хийж идэхийн тулд нүүрс түлснээс үүдэн гарч байгаа. Тиймээс энэ хэрэгцээг зөв бодлого, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологиор хангах замаар бохирдлыг бууруулъя гэж байгаа юм. Энэ ажилд миний түрүүнд ярьснаар төр, улсын дэмжлэг хамгийн чухал. Маш олон улс, хот бидний энэ замыг туулаад даваад ирсэн. Мундаг туршлагууд байна. Тэгэхээр бид ямар нэг технологи гаргах гэж цаг зав хөрөнгө хүчээ зарах шаардлага алга. Харин зоригтойгоор тэр ноу хауг нутагшуулж, тэр өндөр технологийг авах ёстой гэсэн зорилго тавьж байна. Өндөр технологид суурилсан байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн технологи нь өөрөө асар өндөр өртөгтэй. Гэтэл манай улсын хууль тогтоомж хамгийн хямдыг нь авахаар хуульчилсан болохоор бид ногоон хөгжил рүү биш эсрэгээрээ хүрэн хөгжил рүү явж, байгаль орчинд ээлгүй хууль тогтоомжтой байгаад байна. Тиймээс бид эхлээд энэ ээлгүй эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Хамгийн түрүүнд хийх ажил энэ. Агаарын бохирдлоос салахын тулд шийдвэр гаргаж буй хүмүүсийн сэтгэлгээ ногоон болох ёстой, зоригтойгоор. Байгаль орчинд ээлтэй технологи ашиглах ёстой гэдэгт дэлхийн бүх улс орон нэгдэж байгаа. НҮБ-ын 71 дүгээр ассамблейн хэлэлцсэн үндсэн асуудал нь уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд таарсан технологио түлхүү хэрэглэх тухай байсан. Гэтэл бид Үндсэн хуулиасаа авахуулаад ямар ч эрх зүйн чадамжгүй учраас хот дангаараа хийж чадахгүй байна. Түүнээс утаатайгаа байя гэсэн нэг ч хүн, нэг ч удирдлага, нэг ч нам эвсэл байхгүй.

-Эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэн тэргүүнд ямар хуульд өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Үндсэн хуулиас эхлээд Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гээд олон бий. Хамгийн наад зах нь аймаг, нийслэл хоёр яг адилхан эрх хэмжээтэй. Гэтэл нийт хүн амын талаас илүү нь амьдардаг Улаанбаатар иргэддээ төрийн болон нийгмийн суурь бүх төрлийн үйлчилгээг хүргэхийн тулд улсын төсвийн 30 орчим хувийг л зарцуулдаг.

Монгол Улсын хүн амын талаас илүү нь амьдардаг нийслэлийн асуудал бол Монгол Улсын асуудал. Тэгэхээр эхний ээлжинд үндсэн платформ буюу эрх зүйн орчноо сайжруулъя, өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас эхний ээлжинд эрх зүйн орчноо сайжруулъя, олон түмнийхээ анхаарлыг хандуулъя гэж шийдсэн. Ардын нам үнэмлэхүй олонх байгаа үедээ ядаж энэ асуудлыг шийдчих хэрэгтэй байна.

-Эрх зүйн орчныг сайжруулах, өөрчлөх гэдэг ганц хот шийдчих асуудал биш учраас амархан хийх ажил биш байх. Тэр хооронд нүүрс, зуух гээд хуучнаараа үргэлжилж таарах нь дээ?

-Эрх зүйн орчны шинэчлэл хэдийгээр УИХ-аас, гишүүдээс хамаарах ч бид өөрсдөөс шалтгаалах зүйлээ маш яаралтай хийнэ. Мөрийн хөтөлбөрт туссан өндөр технологи, инновац шингэсэн технологийн асуудлаа бүрэн шийдэх хүртэл нүүрсээ түлэхээс өөр гарц үгүй. Монгол орны уур амьсгал ямар билээ. Жилийн бараг арваад сард нь дулааны эрчим хүч заавал шаардагдаж байна. Тийм учраас бид ард түмнээ нүүрс түлж болохгүй, зуух хэрэглэж болохгүй гэх эрх байхгүй. Гэхдээ төсвийн хөрөнгийг буруу зүйлд зарж, дэмжих бодлого барихгүй. Татвар төлөгчдийн халааснаас гарсан нэг төгрөг ч зөв зүйл зарцуулагдах ёстой гэсэн байр суурьтай байдаг, би. Зөв гэдэг нь байгаль орчинд ээлтэй, ард түмэнд өөрөөр хэлбэл, хүн болгонд ээлтэй технологи руу явна гэсэн үг.

-Гэхдээ ээлтэй технологийг нэвтрүүлэхэд өнөө л хөрөнгө мөнгөний боломж бололцоо саад болох юм биш үү. Ялангуяа эдийн засгийн хямралтай өнөө цагт?

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудлыг шийдэхийг хичээж байна. Байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлдэг олон улсын сан олон байдаг. Жишээ нь, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлаар зөв зүйл хийж байгаа хүмүүс, улс орнуудад дэмжлэг үзүүлдэг Парисын хэлэлцээрийг манай УИХ соёрхон баталснаар дэмжлэг авах боломж нээгдсэн. Мөн Азийн хөгжлийн банк зэрэг бусад том санхүүжүүлэгч байгууллагуудтай бид ажиллаж байгаа. Энэ мэтчилэн олон эх үүсвэрийг ашиглах боломж бий.

 ОРЛОГОД НЬ НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ БОДЛОГООР ГЭР ХОРООЛЛОО БАРИЛГАЖУУЛЖ ЧАДНА

 

-Гэр хорооллыг барилгажуулах нь утаанаас салах нэг арга. Таны хувьд орон сууцжуулах ажлыг яаж явуулбал зохистой гэж харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг энд тэндгүй дэд бүтэц татах гээд үр ашиг муутай зарцууллаа гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга мэдэгдэж байсан. Бид цөөнх байхдаа хэлж, амласан зүйлээ хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьж байсан. Хүн бүр өндөр байшинд амьдрахыг хүсэхгүй байна. Аминыхаа орон сууцанд дулаахан сайхан орчинд амьдрах хүсэлтэй хүмүүс байна шүү дээ. Гол нь тэр боломжийг нь олгох, зөв хот төлөвлөлтийг бий болгох гэсэн агуулга ард түмний сонголтын үр дүн байсан. Гэтэл тэр амлаж байсан бодлого нь хаашаа уялдсаныг мэдэхгүй. Тиймээс бид мөрийн хөтөлбөртөө өрхийн орлогод нийцсэн орон сууцтай болгох том бодлогыг тусгасан. Жишээ нь, зургаагаас дээш давхартай байшин барихаар заавал лифттэй байх ёстой. Энэ чинь том зардал. Маш их зардал шингэсэн байр барьдаг, энэ нь иргэдэд өндөр үнэтэй очдог. Тиймээс орлогод нь нийцсэн орон сууцны бодлого явуулж байж бид гэр хорооллоо барилгажуулж чадна. Энэ бол шинэ ажил биш. Одоогийн Барилгын сайд Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа санаачилж түүхэндээ анх удаа хотын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаад гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж байсныг та бүхэн сайн мэднэ. Яндангийн тоог цөөрүүлж, утааг багасгах ажлыг бодитойгоор зоригтой эхлүүлсний үр дүнд олон ч хороолол баригдлаа. "Бэрэн”-гийн барьж байгаа VII хороолол л гэхэд энэ төслийн үр дүн. Тэр үед ганцхан чиглэл барьсан. Хот дэд бүтцийг нь шийдэж, газрыг нь чөлөөлж өгнө. Бусад асуудал иргэд, аж ахуйн нэгжийн хооронд зах зээлийнхээ жамаар шийдэгдэхээр. Айл болгоны хашаанд өөр амьдрал байгаа болохоор барилга барихыг хүсч байгаа аж ахуйн нэгж, хашаанд амьдарч байгаа нөхөр Батбаясгалан хоёрын хооронд хийх хэлэлцээрт төр оролцохгүй байя. Харин хэн нэгнийх нь эрх ашиг зөрчигдөх үед оролцож хамгаалах ёстой гэж. Зөв зүйлийг дэмжиж ажиллана, болохгүй байгааг нь хэлж байгаад зоригтой зогсооно. Тэрнээс биш аль нэг намын эхлүүлсэн ажил гэдэг утгаар нь зогсоох хаах тухай асуудал байхгүй.

-Ногоон хөгжил, агаарын бохирдол яг дөрвөн жилийн дараа гэхэд ийм үр дүн гарч, ийм болчихсон байна гэдэг төсөөлөл танд байгаа юу?

-Байна, хийнэ. Хийж ч байгаа. Тэр ч утгаараа мөрийн хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогоор бүтэн бүлэг оруулаад батлуулж чадлаа. Зөвхөн агаар биш. Өөр нэг том асуудал нь хөрсний бохирдол. 190 мянган өрхийн хашаанд жорлон байна. Бүр заримд нь шинээр нүх ухах газаргүй болсон. Нэг айлын хашаанд таван жорлон булаатай байна гээд бод доо. Зун бороо орно, хальж урсаад хотын төв рүүгээ ороод ирнэ. Тэр газар нь хүүхдүүд тоглоно, бид гутландаа наагаад гэртээ аваад ордог. Ийм орчинд айлууд амьдарч байна. Ингээд харахаар бид асар аймшигтай орчинд амьдарч байгаа юм. Юун цөмийн бөмбөг. Хөрснөөс улбаалаад усны бохирдол үүссэн. Дээр нь дэлхийн цаг уурын өөрчлөлт нөлөөлж ундны усны нөөц хомсдож эхэлсэн. Нөөц нь багасч байхад бид нэмээд бохирдуулаад байдаг. Асуудал ийм түвшинд хүрсэн учраас ногоон хөгжлийн бодлогыг бид бүтэн бүлэг болгон 2016-2020 онд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнд онцгойлж оруулсан юм. Хөрсний бохирдлыг багасгах замаар ундны усны эх үүсвэрээ хамгаалж, агаарын бохирдлоо бууруулна. Байгаль орчинд ээлгүй бол бид өөрсөддөө ээлгүй байна гэсэн үг.

 

БИ ХОТЫН ДӨРӨВ ДЭХ ДАРГАТАЙГАА АЖИЛЛАЖ БАЙНА

 

-Хотын орлогчоор ажиллаач гэдэг саналыг танд хэн тавьсан бэ?

-Хотын дарга.

-Агаарын бохирдлоос өөр арай хэл ам, төвөг багатай салбарыг хариуцах сонголт байгаагүй юу?

-Агаарын бохирдол хариуцсан орлогч даргаар ажиллаач гэж хотын дарга санал болгохдоо "Чи хотын хүн. Хотын үе үеийн олон даргатай хамтарч ажилласан чамайг чадна гэж бодож байна” гэсэн. Би чинь Мөнхбаяр даргыг Иргэдийн хурлын дарга байхад нарийн бичгийн даргаар томилогдож байсан. Дараа нь Билэгт даргатай, Бат-Үүл даргатай хамтарч ажилласан. Одоо дөрөв дэх даргатайгаа ажиллаж байгаа юм.

-Хотын хүн гэдэг нь хотод ажилласан туршлагыг хэлж байна уу, ерөөсөө хотод төрж өссөн, хотын унаган иргэн гэдгээр нь хэлэв үү?

-Би хөдөө, хотод төрсөн гэж ялгаж ярих дургүй. Хөдөө ч, хотод ч төрсөн бид нэг монгол. Гэхдээ энэ удаа хотын дарга миний их хотод ажилласан өчүүхэн хугацаа, туршлагыг минь үнэлж дэмжлэг үзүүлж дэвшүүлсэн, том асуудлыг хариуцуулж итгэл үзүүлсэн байх. Үүнд нь их баярлаж байгаа. Баярлахаасаа илүү зүтгэнэ. Хойшоо суух боломж цаг хугацаа бидэнд байхгүй. Амласнаа биелүүлэх ёстой.

үнийг хотын, хөдөөгийн гэж ялгах дургүй гэсэн л дээ. Гэхдээ та хөдөөний хүүхэд үү, хотын хүүхэд үү?

-Хотын унаган хүүхэд. Хорооллын эцэст, Гэмтлийн эмнэлгийн зүүн талын 25 дугаар байранд 33 жил амьдарч байна. Манайх тэр байрыг ашиглалтад ороход л орсон. Сүүлийн үед зарим хүмүүсийн гэр хорооллыг муулахаар дургүй хүрдэг болсон. Муу муухай зүйлийн үүр уурхай юм шиг ярьцгаах юм. Би хэдийгээр байранд өссөн ч миний амьдралын баяр баясгалантай хүүхэд нас найз нөхөд, эмээ өвөөгийнхөө хашаанд тоглож, ус зөөж, түлээ мод хагалж байсан сайхан дурсамжаар дүүрэн. Манай хойхно Харанхуй гэдэг хороолол байлаа. Би тэр дэнж дээр л өссөн. Найзындаа байнга очно, ус авч, түлээ хагалахаас эхлээд ажилд нь тусалдаг байлаа. Ийм амьдралаас харин ч хамгийн илүү амжилттай яваа хүмүүс төрсөн гэж боддог учраас гэр хорооллынхон гэж ялгаж харилцахад дургүй. Гэр хороолол, орон сууцны бодлого өөр өөр байх ёсгүй.

Үүнд шүүмжлэлтэй ханддаг. Дэлхийг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, цаг агаарын өөрчлөлтөд хамгийн тэсвэртэй байсан сууц бол манай монгол гэр шүү. Монгол Улсыг гэргүйгээр, малгүйгээр төсөөлөх аргагүй. Европ, Хойд Америкт манай гэрийг дуурайж сууц хийдэг, тэр нь их алдартай болсон байна. Гэр бол манай гайхалтай өв, Улаанбаатарын нэг том онцлог гэж би боддог. Өөр хаана ч байхгүй. Азийн цагаан дагина гэдэг чинь гэрээр минь өгсөн алдар. Энэ л гэрээр минь биднийг таньсан. Харин бид яаж байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг суурилуулж өгөх вэ гэдэг л чухал. Үүний төлөө би ажиллана. Түүнээс биш бүх айлыг орон сууцанд оруулчихаар сайхан болчихно гэж боддоггүй. Энэ тал дээр би өөр байр суурьтай.

 

ХОТЫН ИРГЭН БАЙХАД ТЭР ХүНИЙ ХААНА ТӨРСӨН НЬ ОГТ ХАМААГүЙ

 

-Орчин үеийн дарга нар, баячууд томчууд бүгд л Зайсанд амьдардаг. Хотын орлогч дарга яагаад өнөөг хүртэл гуравдугаар хороололдоо л амьдарч байна вэ?

-Би хоёр буурайтайгаа, эхнэр гурван хүүхэдтэйгээ долуулаа амьдардаг. Нүүдэл хийж болно л доо. Гэхдээ надад Зайсанд амьдрах нэг л таалагддаггүй юм. Хүүхдүүд минь ч сэтгэл дүүрэн байж чадахгүй санагддаг. Хороололд гоё шүү дээ, хүүхдүүд хүртэл нэг нэгэнтэйгээ чөлөөтэй тоглоно. Тэндээ амьдрахын гол үндэс нь хоёр буурай минь юм. Тэдэнтэйгээ хамт байх нь миний гол хүсэл. Хүүхдүүдээ хоёр буурайтай нь байлгаж амьдрал ойлгог, мэдэг гэж боддог. Хоёр буурайгийн намайг өсгөсөн хүмүүжил, соёл тэр байранд байдаг болохоор холдох дургүй.

-Хэдэн жилийн өмнө гурав, дөрөвдүгээр хороолол их замбараатай, хүмүүс нь соёлтой байсан санагддаг. Одоо нэг л биш ээ, орж гарах нь ч ойлгогдохгүй шамбааралдсан газар болсон. Танд тэгж санагддаггүй юу?

-Санагддаг. Замбараагүй бодлого, замбараагүй хот төлөвлөлтөөс л болсон гэж хардаг.

-Хэн буруутай юм бэ. Хөдөөнөөс олноороо нүүж ирж байгаа хүмүүс үү?

-Би нүүж ирж байгаа хүмүүсийг хэзээ ч буруутгадаггүй. Хэн нэгэн хүнээс хамааралтай бус. Хот буруутай, юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг. Гэтэл яагаад энэ хүмүүс жилд 40 мянгаараа нүүж ирээд байгаа юм бэ. Нүүж ирсэн хүмүүсийг бид буруутгаж хөөж чадахгүй. Тэр хүмүүс амьдрал хайж ирж байна, суманд ажлын байр байна уу. Хэдэн төрийн алба хаагч л байна, өөр юу ч алга. Сумаар дүүрэн ажилгүй хүмүүс. Сайхан амьдрах гээд л сайн сайхан зүйл рүү тэмүүлнэ биз дээ. Наад зах нь суманд амьдарч байгаа залуу "Өргөө” ч юм уу, "Тэнгис” шиг театрт кино үзмээр л байгаа. Тэр хүсэл тэмүүллийг хязгаарлах эрх бидэнд байхгүй. Тэгэхээр зөв бодлого л хэрэгтэй. Ажлын байр хэрэгтэй байна. Хот руу биш харин ч бүр аль нэг сум руу зүтгэдэг тийм тэмүүллийг бий болгох ёстой.

-Хотынхон бол хөдөөнөөс ирсэн шинэ хүнд дуртай биш.

-Асуудал л даа, нэг яндан, нэг жорлон нэмэгдэнэ, хотын соёлоос авахуулаад зөрчилдөх зүйл бий. Ер нь асар том зүйл бол нөлөөлөл. Сайн нөлөөлөх, үлгэрлэх ёстой. Хүн шүүмжлэхээсээ өмнө өөрөө үлгэр жишээч хотын иргэн байх ёстой шүү дээ. Бусдадаа уриалдаг, нөлөөлдөг, хэлдэг, хянадаг, хаясан хогоо аваач гэж шаарддаг байх хэрэгтэй. Бидний багад хагас сайн болгонд субботник хийж байрныхаа орчныг цэвэрлэдэг, орцныхоо ханыг угаадаг байсан. Гэтэл өнөөдөр гэрийн доторх нь л цэвэрхэн байвал болдог, босгоо давуулаад хогоо хаячихдаг, тэр ч бүү хэл цонхоороо хогоо шидчихдэг болсон. Үнэтэй ганган машин унасан залуу тамхины иш, уусан ундааны саваа хээв нэг цонхоороо хаячихаж байна. Энэ бол хотын иргэний соёл биш. Хотын иргэн байхад тэр хүний хаана төрсөн нь огт хамаагүй. Хот гэдэг чинь их айл, бүгд ирж амьдрахад нээлттэй том орчин. Энд амьдрах гэж байгаа бол үүрэг хүлээж, соёлтой байх ёстой. Соёлтой гэдэг нь Улаанбаатарт амьдрах хэмжээний сэтгэл гаргадаг байх ёстой л гэсэн үг. Бие биедээ хайртай, хотоо хайрлаж байж би аз жаргалтай болно гэдгээ бүгд ухамсарладаг байгаасай гэж хүсдэг.

-Гадаадын олон хотоор явсан байх. Нийслэлээ энэ хэмжээнд хүргэчих юмсан гэж харьцуулж харсан хот бий юу?

-Өөр хоттой харьцуулахаас илүү Улаанбаатар гэдэг өөрийн онцлогтой хот байх ёстой гэж үздэг. Баян улсын гоё хот шиг болгочих юм сан гэхээс илүү Монгол Улсын нийслэл Улаанбаатар гэсэн бусдаас ялгарах өөрийн гэсэн өнгө төрхтэй хот байгаасай гэж хүсдэг. Монгол ардын намын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр биелж "Аз жаргалтай хот” болгохсон гэж хүсч байна. Иргэд нь сэтгэл амар, ажилтай орлоготой, орох оронтой, айдасгүй, аюулгүй, эрүүл ногоон хот байвал хаана ч байхгүй Улаанбаатар болж чадна. Гадныхан манай хотод ирээд улсаа Улаанбаатар шиг болгох юм сан гэж хүсдэг байгаасай гэдэг миний мөрөөдөл.

-Гэтэл таны үеийнхэн гадагшаа тэмүүлж байна шүү дээ?

-Би яагаад ч юм гадагшаагаа тэмүүлдэггүй. Улам дотогшоо тэмүүлдэг зантай юм. Энэ магадгүй настай аав ээжтэй минь холбоотой ч байж болно. Гэхдээ монголчууд амьдрах л гэж гадагшаа явж байгаа болохоос Монгол эх орондоо дургүй болсондоо тэр гэж огт боддоггүй. Ажилтай орлоготой байхын тулд, аятайхан орчинд амьдрахын тулд амьдрал эрэлхийлж явж байгаа. Тэгэхээр Монгол төрийн бодлого ая тухтай, ажилтай, орлоготой, аюулгүй сайхан орчинд ард иргэдээ амьдруулахад чиглэж, улсаа хөгжүүлж чадвал монголчууд гадагшаа явах биш, харин ч гадныхан манайд ирж амьдрахыг хүсдэг болно. Шийдвэр гаргах түвшний хүмүүс үүний төлөө л зүтгэж байгаа гэж би боддог. Улс орноо муухай болгоё гэж явдаг нэг ч хүн байхгүй. Мэдээж алдаа дутагдал гардаг, алдаа дутагдлаа бага болгохын төлөө бүгдээрээ хичээж ажиллах л хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


 

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх