Баадуутай шувууны явдал Тэргүүн дэвтэр. Хулгайч шаазгай. 1984. 6-7 сар.


Тэргүүн дэвтэр. Хулгайч шаазгай. 1984. 6-7 сар.

13. Дэслэгч Мамийн тогтуухан хүүрнэл (II хэсэг)

Түрүүч нь № 6, 7, 8, 9, 10, 11-д

Тэгээд хуруугаа инчидсэн. Тэгтэл хамт ирсэн монгол офицер урагш гарч ирсэнээ шинелийнхээ халааснаас миний хоолойг хэрчинэ шүү гэж занаж байсан цэргийн үзүүлж байсантай ижил хуйтай хутга гаргаж ирсэн. Хутгаа хуйнаас нь гарган толгой дээрээ өргөн харуулна. Өглөөний наранд ган ир нь бүдэгдүү ч гэсэн гялалзаж харагдсан.

-За энэ хүн чухам миний хэлээд байгаа мэргэжилтний нэг дээ. Алив тэр хутгыг нь хар даа. Арьс өвчихөд тусгайлан зориулж хийсэн зэвсэг. Гайхалтай эд! Маш нарийн, хурц, яг л сахлын хутга шиг эд. Ямар нарийн ур чадвартай гэж санана! Хэдэн мянган жил амьтны арьс хуулж байгаа гээд бодохоор аргагүй ч байх. Хүний арьсыг тоорын арьс хуулахаас ч амархан өвчдөг улс. Маш цэвэрхэн, урж цоолохгүй! Би дэндүү хурдан яриагүй биз?

Ямамото чив чимээгүй. Орос офицер үргэлжлүүлэн:

-Яаралгүй хийдэг. Огтолж гэмтээхгүй арьсаа авахын тулд хамгийн гол нь тун тайван, яаралгүй хийх ёстой. Ажил эхлээд явж байхад юм хэлмээр бол хэлээрэй, зовох юмгүй. Шууд л зогсооно. Үхэх хэрэггүй болно. Наадах чинь ийм ажил олон удаа хийсэн, нэг ч хүн дуустал тэсэж байгаагүй, үг яриа нь урсаад л эхлэдэг юм билээ. Энийг нэг бодчихоорой. Эрт дуусвал бид хоёрт хоёуланд нь амар болно.

Ямамото хутга барин зогсох баавгай шиг офицер руу харсанаа мушийна. Хэрхэн мушийж байсныг би одоо ч санадаг. Зүүдэлдэг. Мартах ч аргагүй. Ингээд ажилдаа орсон. Цэргүүд Ямамотогийн гар, хөлийг хөдөлгөхгүй барьж, мөнөөх офицер хутгаараа арьсыг нь хуулж эхэлсэн. Нээрээ тоорын хальс хуулж байх шиг харагдаж байсан. Харж тэвчихгүй болоод би нүдээ аньтал бууны бөгсөөр түс хийлгэсэн. Нүдээ нээтэл минь балбасан. Нүдээ нээсэн ч, аньсан ч Ямамотогийн орилох дууг сонсож байсан болохоор тэглээ гээд өөрчлөгдөх юм байгаагүй л дээ. Эхлээд нэг хэсэг мундаг тэвчиж байснаа сүүлдээ орилж эхэлсэн. Тэр орилоон ёстой л өнөө тамынорноос гарч байх шиг санагдаж байсан. Мөнөөх монгол эр шалмаг хөдлөн Ямамотогийн баруун мөрөн дээр зүссэнээ гарыг нь дагуулан доош нь арьсыг нь яаралгүй, болгоомжтой, хичээнгүй хуулж эхэлсэн. Ийнхүү хийж байгааг нь харахад оросын урлагтай адилтгаад байсан үнэн гэж бодогдохоор байсан. Их орилоон чарлаан байгаагүй бол өвддөггүй юм болов уу ч гэж санагдмаар. Тийм биш гэдгийг галзуу мэт чарлаан бэлээхэн илтгэж байсан.

Ямамотогийн баруун гарын арьсыг тэгсэнээ ганц татан нимгэн хальс шиг хуулан авсанаа дэргэд зогсох цэрэгт өгөхөд хурууныхаа үзүүрээр авсанаа татаж дэлгэн бүгдэд харуулсан. Арьснаас цус бага багаар дусаж байсан. Мөнөөх офицер зүүн гарыг мөн адилхан өвчсөн. Дараа нь хоёр хөлийнх нь арьсыг мулталсанаа хоёр чихийг нь тасдан авсан. Толгойны хуйх, нүүрнийх нь арьсыг хуулахад Ямамото мөн ч хэцүү харагдаж байсан. Энэ зуур тэрээр ухаан алдаж, эргэн сэргэж, дахин ухаан алдаж байсан. Ямамото ухаан алдах үедээ чимээгүй болж, ухаан орох үедээ орилж байсан. Хашгарах дуу нь намссаар намссаар сүүлдээ таг болсон. Энэ хооронд орос офицер гутлынхаа өсгийгөөр элсэн дээр юу ч юм зурж байсан. Монгол цэргүүд юу ч ярилгүй, болж байгаа явдлыг харан зогсоцгоосон. Тэдний царайнд жигшсэн, сандарсан, айсан ер нь ямарч сэтгэлийн хөдлөл алга байсан. Ямамотогийн биенээс арьсыг нь хэсэг хэсгээр хуулсаар байхад гэрээсээ салхилахаар гараад барьж байгаа барилга харж зогсох шиг л тайван сонирхон харж зогссон.

Миний дотор муухайран тасралтгүй огиж байсан. Ходоодонд минь юу ч үлдээгүй байхад л огих минь зогсохгүй байсан. Төгсгөлд нь мөнөөх баавгай шиг монгол офицер Ямамотогийн цээж хавийн арьсыг дэлгэн татаж хөхний нь толгойг ч гэмтээлгүй хуулан авсан. Би үүнээс өмнө ч, хойно ч үүнтэй адилтгаж болох аймшигтай өөр зүйл үзээгүй. Сүүлд авсан арьсны хэсгийг нэг нь авсанаа ямар нэг даавуун дээр тэлэн хатаахаар тавьсан. Ямамотогийн тэлүүрдэж татаж уясан цогцос, үнэндээ бол алга дарам ч арьсгүй улаан мах л харагдаж байлаа. Улаан мах болсон нүүрэн дээр бүлтийн цагаанаараа эргэлдсэн хоёр нүд л хамгийн аймшигтай харагдаж байсан. Чарласан чигээрээ царцан хөшсөн ам, тас огтлогдсон хамрын оронд харлан онгойх нүх. Газар дээр нэлийсэн их цус бүгд л аймшигтай харагдалгүй яахав.

Орос офицер газар руу нулимсанаа над руу харсан. Тэгсэнээ хармаанаасаа алчуур гарган амаа арчаад:

-Үнэхээр юм мэдэхгүй байсан бололтой гэж хэлсэнээ алчуураа буцаан хийсэн. Энэ үед дуу нь нэг л өөр болсон байсан.:-Мэдэж байсан бол хэлэх л байсан. Ийм болсон нь хайран л байна. Гэхдээ мэргэжлийн л хүн байсан болохоор хэзээ нэг цагт нохой шиг үхэх л байсан. Тийм болохоор одоо яая гэхэв. Асуусныг мэдэхгүй байсан ч ялгаагүй болж таарч байна.

Офицер тамхи дахин гаргаж, шүдэнз зуран асаана.

-Одоо тэгэхээр чи бидэнд хэрэггүй. Тарчлааж байцаагаад утга алга. Олзлогдсон гэж амьд үлдээгээд ч хэрэггүй. Энд чухам юу болоод байгааг нууж үлдэх бодол бидэнд байна. Олон юм ярихгүй. Чамайг Улаанбаатарт аваад очвол элдэв яриа үүснэ. Уг нь хамгийн амархан нь толгойг чинь хага буудаад хаа нэгтээ булж, газар булдаг юм уу эсвэл шатаагаад үлдсэн ясыг чинь голын усанд шидчих л байна. Тэгэхэд л болно. За яав? гэснээ нүд рүү минь эгцлэн ширтсэн. Би мөнөөх л янзаараа оросоор юу ч ойлгодоггүй байдал үзүүлсээр байсан.:-Оросоор чи үнэхээр ойлгодоггүй хүн юм байна. Тэгэхээр чамтай яриад ч хэрэг алга. Би зүгээр л ярьж бодсонболог. Гэсэн ч чи сонс. Одоо ингэе. Чамайг баярлуулъя. Ерөөсөө чамайг алахгүй байхаар шийдлээ. Чиний нөхрийг буруу бодон хороосон жаахан буруу надад байна гэж саная, өршөөгөөрэй.Өнөөдөр хүний амь хөнөөж боллоо. Өдөрт нэг байхад хангалттай. Тийм болохоор би чамайг алахгүй гэж шийдлээ. Боломж өгье. Аз таарвал амьд үлдэнэ. За даа, тийм боломж ч бараг байхгүй дээ. Гэхдээ боломж л бол боломж. Ямар ч байсан арьсаа хуулуулсанаас дээр. Тийм биз?

Гараа өргөн монгол офицерийг дуудна. Тэрээр энэ зуур савтай уснаас гоожуулан гар болон Ямамотог өвчсөн хутгаа нямбайлан угааж, жижигхэн нарийн хайрганд хутгаа ирлэж байсан юм. Цэргүүд өвчсөн арьсыг дэлгэж байснаа юуны ч юм тухай маргаж эхэлсэн. Тэд надад арьс өвчих ур чадварын тухай маргасан болов уу гэж яагаад ч юм санагдсан. Монгол офицер хутгаа хуйлж, хармаандаа хийнгээ дөхөж ирсэн.Над руу хяламхийн хараад орос руу эргэхэд монголоор хэдэн үг хэлсэн. Хариуд нь сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүй толгой дохиж харагдсан. Цэргүүд хоёр морь хөтлөн авчирсан. Орос надруу эргээд:

-Бид одоо Улаанбаатар руу нислээ. Хоосон буцах хайран л байна, одоо яая гэхэв. Ажил бүтэлтэй ч байдаг, юу ч бүтэхгүй ч байдаг. Үдэш болтол хоол идэх дур хүрэх болов уу яах бол, би ч итгэхгүй л байна шүү.

Ингээд тэд мориндоо мордоод давхин одсон. Төдөлгүй онгоц хөөрч, намайг хэдэн цэрэг, морьтой хамт энэ газар орхин тэнгэрт бяцхан мөнгөлөг цэг болон далд орсон.

Үргэлжлэл бий

 

Орчуулсан С.Туяа


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх