З.Болдбаатар: Гаднын хүчинд тулгуурлаж, аюулгүй байдлаа хангах хэлбэр үеэ өнгөрөөж байна

З.Болдбаатар: Гаднын хүчинд тулгуурлаж, аюулгүй байдлаа хангах хэлбэр үеэ өнгөрөөж байнаГ.УЯНГА

 

"Монгол генералын өдөр" энэ дөрөвдүгээр сарын 28-ны пүрэв гаригт тохиож байна. Түүхэн өдрийг угтаж цэргийн ухааны доктор, профессор хошууч генерал З.Болдбаатартай ярилцлаа. Энэ удаад бид цэргийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар ярилцав.

-Танд "Монгол генералын өдөр"-ийн мэнд хүргэе. Цэргийн эрдмээр дагнасан мэргэжлийн хүнтэй уулзаж ярилцаж байгаагийн хувьд Монгол Улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлтийг цэргийн аюулгүй байдлын талаас нь юу гэж үзэж байна?

-Олон улсын аюулгүй байдлын тогтолцоо, ялангуяа цэрэг улс төрийн нөхцөл байдалд сүүлийн 4-5 жилд цэрэг-стратегийн агуулга талаасаа нилээд өөрчлөлтүүд орж, Зэвсэгт хүчнээ чадавхжуулах, батлан хамгаалах төсвөө нэмэх, шинэ зэвсэглэл техник худалдаж авах чиглэлээр улс орнууд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боллоо.

Хүйтэн дайны дараагаар энхтайван, аюулгүй байдал тогтворжиж дэлхийн улс орнууд тайван амгалан байж чадсангүй гэж дүгнэж болохоор байна.

Тухайлбал Гүрж-Оросын хурцадмал байдал Украйны хямрал, "Исламын Улс” Халифатын өдөөсөн бүс нутгийн хэмжээний дайн, Хойд Солонгосын цэрэг улс төрийн тогтвортой бус төлөв байдал, Армян Азербайжаны хоорондохь мөргөлдөөн, Зүүн хойд Азид батлан хамгаалах хүчин чадлаа зузаатгах өрсөлдөөн гүнзгийрэх хандлагатай байгаа байдал, Ойрхи Дорнод Хойд Африкийн нөхцөл байдлаас үүдсэн дүрвэгсэдийн асуудал улс үндэстний гэхээсээ геополитикийн, соёл иргэншлийн зөрчлийн хэмжээнд хүрэх маягтай болж байна. Эдгээр үйл явдлуудаас дүгнэлт хийхэд цэргийн аюулгүй байдлыг хангах, цэргийн хүч хэрэгслийн үүрэг оролцоо буурайгүй харин илүү их болох хандлага ажиглагдаж байна. Хамтын аюулгүй байдлын тогтолцооны эрч суларч улс орнууд өөрийн хүчинд тулгуурлан газар нутгаа, бүрэн эрхт байдлаа хамгаалах хандлага нэмэгдэж, Зэвсэгт хүчнийг сонгодог үүргүүд олон хэлбэрээр нэмэгдэж бэлэн байдал, сургалт бэлтгэл цэргийн номлол, зэвсэглэл техникийн шинэчлэлд илүүтэй анхаарах болоод байна. Дүрвэгсдийн асуудлаас болж соёл иргэшлээ хамгаалах, хил хамгаалалтыг бэхжүүлэх, асуудлууд их яригдаж бичигдэх боллоо. Ер нь гадны хүчинд тулгуурлаж, аюулгүй байдлаа хангах хэлбэр үеэ өнгөрөөж байна гэж дүгнэж болно.

-Эдгээр өөрчлөлттэй уялдаж бидэнд анхаарч авч үзмээр ямар зүйлүүд байна гэж та үзэж байна?

-Бид батлан хамгаалах асуудалдаа нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн ажиллагаа олон хувилбарт ажиллагааны төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүд, төрлийн цэргийн командлалууд байгуулах асуудал, зэвсэг техникийн шинэчлэлт, түргэн байрлах тусгай хүчний асуудал гэх мэт олон зүйлийг анхаарч судалж өөрийн орны онцлогтойгоо уялдуулан авч үзэх хэрэгцээ байгаа болно.

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгуулалт талаас нь авч үзвэл үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд, төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл ажиллагаа, аюултай хямралт нөхцөлд ажиллах олон хувилбарт нэгдсэн төлөвлөлтүүдийг хийж, хамтарсан дадлага сургуулилтуудыг хийж байх нь зүйтэй. Дээрх байгууллагуудтай цэргийн мэргэжлийн талаас нь сургалт бэлтгэл, цэргийн ёс зүй, эрүүл мэнд, бие бялдарын хөгжилтөд тавигдах стандарт шаардлага, мэргэжлийн ур чадвар зэргээр нэгдмэл байдалд оруулж, жигдрүүлэх хэрэгтэй байгаа юм. Хүчний байгууллагуудын удирдлагын том бүтцийг задалж үндсэн суурь болсон цэргийн ажиллагаа явуулах нэгж салбаруудаа сайн бэхжүүлж чадваржуулах нь их чухал болоод байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт байршилуудыг эргэж харж үзэж тодотгол хийх шаардлага байна гэж үзэж байна.

-Дэлхийн орнуудын армийн бодлогын өөрчлөлтүүдийг та бүхэн анхааралтай ажигладаг байх?

-Ер нь гадны улс орны армиуд нүсэр том удирдлагын бүтцээс татгалзаж, бүс цэргийн тойргийн, төрөл цэргийн командлалуудыг бий болгож тэдгээрийн ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, бэлэн байдал, техникийн шинэчлэл, бие даасан цэргийн ажиллагаануудад ихээхэн ач холбогдол өгөх боллоо. Цэргийн байгууллагууддаа техник технологийн орчин үеийн ололтуудыг нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд түлхүү анхаарах, тусгай хүчний түргэн байрлах бүлэглэлүүдийг байгуулах, агаарын цэргийг бэхжүүлэх талд нилээд анхаарч байгаа нь ажиглагдаж байна.

Эдгээр өөрчлөлтийг өөрийн орны онцлог, боломжиндоо тулгуурлан сайн төлөвлөлт, хатуу хяналт, удирдлагын дор тодорхой дэс дараалалтайгаар тусган ажил хэрэг болгох шаардлагатай. Манай Зэвсэгт хүчний өөрчлөлтөд дотоодын гэж болох сургалт, бэлтгэлжилтийн чанарыг сайжруулах, офицер, ахлагч нарын цэргийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх техник зэвсэглэлийн чанарыг сайжруулж нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь цогцоор нь шийдвэрлэх, төрөл цэргийн хөдөлгөөнт маневрлаг байдлыг сайн хангах асуудлууд шийдлээ хүлээж байна.

- Оны өмнө УИХ-аар "Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн баталлаа. Энэ нь салбарын эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт авчирлаа?

-Энэхүү баримт бичиг нь Үндсэн хуулийн "Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна”, иргэн бүр батлан хамгаалах үүрэгтэй гэсэн үзэл санаанд тулгуурлаж хийгдсэн гэж ойлгож болно. Улс орны батлан хамгаалах асуудлыг тогтолцоо талаас нь тодорхойлж нийгэм, эдийн засгийн, эрх зүйн, улс төрийн, цэргийн чиглэлүүдийг тодорхой гаргаж өгсөн. Мөн төрийн цэргийн байгуулалт гэдэг цэргийн стратегийн нэр томъёог гаргаж түүндээ Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ерөнхий газруудыг багтаан авч үзсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон. Ингэснээр цэргийн байгууллагууд нь тодорхой болж, нэгдсэн төлөвлөлт, ажиллагаа нэг стандартад орох болсон. Манай улсад байгаа олон хүчний байгууллагуудыг цэргийн, цэрэгжсэн, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой дүрэмт хувцас бүхий байгууллагууд гэж үзэж болохоор болсон.

Батлан хамгаалах бодлогын баримт бичигт батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, зэвсэглэл техникийн шинэчлэл хийх асуудлыг тухайн жилийн төсөвт суулгаж төлөвлөж байхыг төрийн бодлого болгож тавьсан нь ихээхэн чухал зүйл болсон. Улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болсон батлан хамгаалах үйл ажиллагааны тулгуур үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчинд, нэгдсэн удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаа гэж тодорхойлж гаргаж өгсөн нь бодлого үйл ажиллагааны зааг ялгааг тогтоож, тодорхой эзэнжүүлж өгсөн гэж үзэж байна.

-Төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнийг яаж тодорхой зааж өгсөн байдаг вэ?

-Төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн болох Зэвсэгт хүчний бүтцийг хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэж, улс оронд хүнд хямралт нөхцөл байдал үүсвэл хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага шууд бүтцэд нь орно гэж тодорхой зааж өгсөн. Энэ нь зэвсэгт хүчний байгуулалт түүний үйл ажиллагааны төлөвлөлт, бэлтгэл харилцан ажиллагааг тодорхой болгож өгсөн. Манай улсын иргэн бүрийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг хангах, өсвөр залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлж тэдний эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлж, тэсвэр хатуужил олгох зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг эх оронч үзэл хүмүүжлийн хичээлийг суулгаж хэрэгжүүлэх зорилтыг бодлогоор дэвшүүлж тавьсан.

Гадны улс орнуудын батлан хамгаалах бодлогын өөрчлөлт цаашдын хөгжлийн чиг хандлагуудыг судалж, Агаарын цэргийн хүчнийг бий болгох хөгжүүлэх томоохон зорилтыг мөн бодлогын баримт бичигт тусгасан. Эдгээр аюулгүй байдлын бодлого стратегийн зорилтуудыг ажил хэрэг болгохоор манай салбарынхан бүтээлчээр ажиллаж байна.

-Батлан хамгаалах бодлогын эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл саад учирна гэж та бүхэн төсөөлж байна ?

-Юуны өмны эдийн засгийн хүндрэл байж болох талтай. Гэхдээ дээрх бодлогын зорилтуудыг эрх зүйн талаас нь баталгаажуулж хуульчлах ажлыг юуны түрүүнд хийхээр бид ажиллаж байна. Дээрх бодлого стратегийн зорилтуудын агуулга мөн чанарыг дутуу ойлгодог, өргөн том хүрээнд сэтгэж харж чаддаггүй тулга тойрсон зөвхөн байгууллага, нэгжийнхээ эрх ашгийг харсан цаашид асуудал яаж өрнөх, ямар үр дүн авчрахыг тооцож мэдэрч чадахгүй байдал нилээд ажиглагддаг энэ нь ажил явуулахад ихээхэн хүндрэл болдог талтай.

Аюулгүй байдал, батлан хамгаалах төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ олон талт аюул заналыг олон хувилбараар тооцож анхаарах, шинжлэх ухаан, эдийн засгийн өнцгөөс батлан хамгаалах хэрэгцээгээ тооцох, батлан хамгаалах зэвсэгт хүчний байгуулалтаа аюулгүй байдлын тохиромжит байр сууринд нь байлгах, цэрэг стратегийн өнцгөөс цаг үеийн хэрэгцээгээ тодорхойлох зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан тооцож байх нь чухал байгаа юм.

Батлан хамгаалах үйл ажиллагаа хэрэглэгч байх хандлагаас татгалзаж аюулгүй байдлын батлан хамгаалахын үйлдэрлэгч байх нийгэмд бүтээгч байх хандлагууд гадны улс орнуудад их илрэх боллоо. Бид ч үүнийг цаашдын үйл ажиллагаандаа анхаарч, батлан хамгаалах төлөвлөлтөндөө тусгах нь зүйтэй. Ийм учраас батлан хамгаалах хөгжлийн хувьсал өөрчлөлтийг шинжлэх ухаанч, мэдээлэл технологи, техникийн ололтонд тулгуурласан хэлбэрээр явуулах нь зөв гэж би үздэг.

Эх сурвалж: "Улаанбаатарын сонин”

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх