Өмгөөлөгч сөргөлдөөнд оролцох нь

Өмгөөлөгч сөргөлдөөнд оролцох нь

Хуульчдад зориулан зохион байгуулдаг сургалт, хичээлүүдэд өмгөөлөгч миний бие олон жил дараалан сууж их зүйл олж мэдсэн билээ. Энэ сургалтуудад голдуу их сургуулийн багш, шүүх, прокурор, хуулийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд хичээл заадаг ба практикт өмгөөлөл хийдэг өмгөөлөгчид хичээл заах нь ховор байдаг.

Иймд багш нартаа баярлахын ялдамд, дээрх багш нарын бага хөнддөг, мэргэжлийн болон ёс зүйн алдааг гаргахад голчлон хүргэдэг нэг асуудлыг өөрийн хэмжээнд дүгнэж, та бүхэнтэй санал бодлоо товч хуваалцахаар шийдсэн юм. Энэ бол өмгөөлөгч сөргөлдөөнд хэрхэн оролцох талаарх асуудал юм.

Сөргөлдөөн гэдгийг тодорхой асуудлыг шийдвэрлэх үед талуудын шийдвэр болон үйл ажиллагаанаас огцом үүсч байгаа ажил хэргийн болон хувийн ач холбогдол бүхий хэрэг явдал эсвэл мөргөлдөөн гэж үздэг.

Сөргөлдөөнийг Европын орнуудад "конфликт” гэж герман үгээр нэрлэж хэвшсэн ба манай өмгөөлөгчид уг үгээр нь зөв ойлгож хэрэглэдэг нь манай хуулийн тогтолцоотой холбоотойгоос гадна, Герман, Орост хуулийн сургууль төгсөгчид их байдагтай холбож үзэхээс аргагүй юм.

Өмгөөлөгчийн мэргэжлийн онцлог бол үргэлж сөргөлдөөнд оролцож байдагт оршдог. Хэрвээ сөргөлдөөнд өмгөөлөгч зүй зохистой оролцохгүй бол буруу байр суурь эзэлснээс бусдыг хохироох, мэргэжлийн болон ёс зүйн ноцтой алдаа гаргах, эцэст нь өөрөө стресст ороход хүрдэг билээ.

Сөргөлдөөнийг давж гарах ур чадвартай байх нь асуудал, маргааныг олон талаас харж шийдвэрлэх, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааг амжилттай явуулах гол нөхцлийн нэг юм.

Өнөөдөр шүүхэд төлөөлөх эрхээ шинээр авсан хуульчдын ихэнх нь урьд өмгөөлөгч хийж байгаагүй, практик мэдлэг дутмаг, эсвэл яллах сэтгэлгээ нь давамгайлснаас сөргөлдөөнд хэт нэг талыг барьж буруу хандлагаар хандаж байгаа нь илт ажиглагдаж байна. Иймд дараах дүрмүүдийг баримтлах нь зүйтэй болов уу.

Үүнд: Сөргөлдөөнд сэтгэл хөдлөлөө хянах, хэрэг маргаанд хэт гүнзгий хутгалдаж орохгүй байх, эсрэг талдаа эелдэг хандах тулгуур дүрмүүд юм.

1. Сэтгэл хөдлөлөө хянах нь сөргөлдөөнд өмгөөлөгчийн баримтлах гол дүрэм юм. Сөргөлдөөн үүссэн шалтаг, шалтгааныг олж тогтоох, зөрчил, маргааны үндэс, түүнийг хэрхэн шийдвэрлэх нь өмгөөлөгчийн чадвар, чармайлт, нямбай байдлаас гадна сэтгэл хөдлөлөө хянах чадвараас шууд хамаардаг. Туршлагатай өмгөөлөгчид чухал үед /мөрдөн байцаалт, шүүх хуралдаан гэх мэт/ өөрсдөө сэтгэл зүйн хувьд тогтвортой байж, үйлчлүүлэгчээ ч тайван байдалд байлгаж чаддаг. Хамгийн алдаатай шийдвэрийг эсрэг талын аливаа /хатгасан, гүтгэсэн, доромжилсон, басамжилсан гэх мэт/ үгэнд хэт ач холбогдол өгч эсэргүүцсэнээс маргааны гол зүйлийн эрэмбэ алдсан, эсрэг талын дарамтад орсон, эсвэл уурлаж, бухимдсан, өвчтэй байсан гэх мэт сэтгэл зүйн хувьд өөртөө тавих хяналтаа сулруулсан, алдсан үед гаргасан байдаг нь харамсалтай.

Учир нь хуулийн хүрээнд өмгөөлөл хийхэд саруул ухаантай байх нь амжилтын үндэс юм.

2. Хэрэгт гүн гүнзгий хутгалдаж оролцохгүй байх нь өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хуулийн хүрээнд тууштай хамгаалах хамгийн чухал зарчимтай нягт холбоотой юм. Өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчтэйгээ сайхан харилцаж, жаргал зовлонг нь хуваалцах нь хүний ёс, тэр тусмаа өмгөөлөгчийн үүрэг юм. Гэтэл зарим өмгөөлөгч хэрэг маргаандаа байнга санаа зовж байгаагаа ил тод мэдэгдэж явдаг нь хуулийн хүрээнд өмгөөлөл хийж чадахгүй байдалд оруулдаг.

3. Эелдэг байх нь тухайн өмгөөлөгчийн бусдыг хүндэтгэх, зөрчилдөөнөөс зайлсхийх дотоод хүсэл эрмэлзэл дээр тулгуурласан, гадны дарамт шахалтгүйгээр өөрийн санаачлагаар хийгддэг эерэг, нийцтэй үйлдэл, зан авир юм.

Эдгээр тулгуур дүрмүүдийг баримтлахдаа өмгөөллийн үйл ажиллагааны тактикаас хамаарч тухайн нөхцөлд тохируулж хэрэглэх нь зүйтэй болов уу.

Сөргөлдөөний сайн болон муу талууд

Сөргөлдөөн бол өмгөөлөгчийн ажиллах орчин, түүнчлэн асуудлыг шийдэх санаа зорилго үүсгэдэг, асуудлыг шийдвэрлэдэг хэрэгсэл, өөрөөр хэлбэл, асуудлыг шийдвэрлэх хөтөч болдог. Өмгөөлөгч сөргөлдөөний зүйлийг тогтоож, түүнийг эцэслэн шийдвэрлэж, тодорхой шийдвэрт хүрснээр үүргээ биелүүлдэг. Иймд сөргөлдөөнөөс айх хэрэггүй юм. Жишээ нь: Өмгөөлөгч Б, Э нар хоорондоо урьдын маргаанаас үүдэж харьцаа муутай. Өмгөөлөгч Б шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Э-гийн талаар зохисгүй үг хэлжээ. Шүүх хуралдааны дараа Б, Э нар уулзахад Б уучлал гуйж, Э уучилж харьцаагаа сайжруулсан байна. Энэ тохиолдолд сөргөлдөөн харьцааны асуудлыг ил гаргаж, асуудал шийдэгдсэн.

Харин сөргөлдөөн хяналтаас гарч талуудын маргааны гол зорилго болж угжирсан тохиолдолд засч залруулахад хүндрэлтэй байдал үүсдэг. Ийм хүндрэлтэй байдал үүсгэхгүйгээр сөргөлдөөнийг шийдвэрлэх хэрэгтэй. Жишээ нь: Өмгөөлөгч Б, Э нар хоорондоо урьдын маргаанаас үүдэж харьцаа муутай. Өмгөөлөгч Б шүүх хуралдаан дээр Өмгөөлөгч Э-гийн мэдлэгийн талаар зохисгүй үг хэлжээ. Шүүх хуралдааны дараа Б, Э нар уулзахад Б уучлал гуйсангүй, харин "гомдлоо гаргаарай, чиний мэдлэгийг шалгуулна” гэжээ. Э өмгөөлөгч Б өмгөөлөгчийн талаар Сахилгын хороонд гомдол гаргажээ. Энэ тохиолдолд сөргөлдөөн харьцааны асуудлыг ил гаргасан боловч, асуудал угжирч, сөргөлдөөн 2 талын гол зорилго нь болсон байна. Энэ байдлаас дүгнэвэл, сөргөлдөөн сайн, муу 2 талтай байна.

Өмгөөлөгч сөргөлдөөнд оролцох хэлбэрүүд

Сөргөлдөөн дотоод болон гадаад 2 хэлбэртэй байна. Өмгөөлөгч өөртэйгээ зөрчилдөх явдал байна. Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ болон мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь түүний хүн ёсны жудагтай зөрчилдөх нь дотоод сөргөлдөөн юм. Энэ нь эрүүгийн хэрэгт яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөх үед байж болох юм.

Харин гадаад сөргөлдөөний тухайд өмгөөлөгч дараах этгээдүүдтэй сөргөлдөөнд ордог: өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ, өмгөөлөгчид хоорондоо, өмгөөлөгч нь хэрэг, маргааныг шийдвэрлэж буй төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудтай.

1/ Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ сөргөлдөөнд орох тохиолдлууд ховор бус байдаг. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хуулийн хүрээнд тууштай хамгаалж үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан ч үйлчлүүлэгчтэй сөргөлдөөн үүсч болно.

Үүнд: үйлчлүүлэгчтэй хэрэг, маргааны талаар байр суурь таарахгүй зөрчилдөх, үйлчилгээний чанар, өмгөөллийн хөлс, урамшуулал гэсэн 3 үндсэн шалтгаантай байна.

1. Үйлчлүүлэгчтэй хэрэг, маргааны талаар байр суурь таарахгүй зөрчилдөх

Үйлчлүүлэгч хэрэг маргааныг шийдвэрлэх явцад хэргийн талаар буруу ойлгох, төөрөлдөх, өмгөөлөгчдөө итгэхгүй байх, эвлэрүүлэх гэсэн оролдлогыг эсрэг талд худалдагдсан гэж хардах зэрэг явдал нилээд гардаг болжээ.

Хуулийн сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй иргэд, хуульчид олширсон, иргэдийн эрх зүйн боловсрол ихээхэн дээшилсэн тул өмгөөлөгчтэй хэргийн талаар байр суурь зөрөх байдал ихэссэн. Тиймээс хуульчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, бусдаас нарийн мэргэшлээр илүү байх ёстой болж байна.

Зарим үйлчлүүлэгч хэдийгээр хууль зүйн боловсролгүй, мэдлэггүй боловч төрөлхийн хурц ухаан, ажилд хандах хандлага, ажил, амьдралын туршлагаараа өмгөөлөгчөөс давуу байх тохиолдол бий. Энэ тохиолдолд хууль зүйн гаргалгааг тайлбарлан өгч, өөрийнх нь байр суурийг баримталсан тохиолдолд үүсэх үр дагаврыг ойлгуулах шаардлага гардаг. Үр дагаврыг ойлгоод өөрийнхөө байр суурийг өөрчлөхгүй байгаа бол өмгөөлөгч дахин тайлбарлаж, байр сууриа нэгтгэх шаардлагатай.

Жишээ нь: Татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл үйлчлүүлэгч, актын үнийн дүн багатай хэсгийг зөвшөөрч төлөхөөр шийдсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс, хэдийгээр үнийн дүн багатай хэсгийг зөвшөөрч болох боловч, дараа дараагийн онуудад ижил төрлийн зөрчилд татварын улсын байцаагчийн акт жишгээр тавигдаж хохирно гэдгийг тайлбарлаж өгнө гэсэн үг юм.

2. Үйлчилгээний чанарын талаар

Өмгөөлөгч бол нэг талаар үйлчлүүлэгчийн төлөөлөгч, нөгөө талаар тусгай зөвшөөрлийн дагуу ажиллаж буй хуулийн ажилтан, нийгмийн өмнө онцгой хариуцлага хүлээсэн иргэн юм. Өмгөөлөгчийг онцгой хариуцлага, мэдлэг, ур чадвартай байхыг шаарддаг нь хүний хувь заяа, ажил үйлсийг шийдэхэд бусдаас илүү үүрэг хүлээж байгаад оршдог.

Үйлчлүүлэгчийн зүгээс өмгөөлөгчид холбогдуулан гаргадаг гомдлын ихэнх нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлтэй байдаг. Иймд өмгөөллийн гэрээнд хийх ажлаа маш тодорхой бичиж тохирох шаардлагатай ба тохирсон зүйлээ бүрэн гүйцэд хийх, үйлчлүүлэгчийн хууль бус хүсэлтийг хангахгүй хуулийн хүрээнд ажиллах нь маргаан гаргахгүй гол үндэс, шалгуур юм.

Өмгөөллийн үйлчилгээний чанарын талаар хуульчид их ярьж бичдэг, судлагдсан асуудал тул товч бичлээ.

3. Өмгөөллийн хөлс, урамшууллын талаар сөргөлдөөн үүсэх

Өмгөөллийн хөлсийг өмгөөллийн гэрээгээр тогтоохдоо дараах аргуудыг хэрэглэдэг. Үүнд:

- Хэрэг, маргаанд зарцуулах зардал, хөдөлмөр зарцуулалтын аргаар өмгөөллийн хөлсийг тооцоход цагаар, үе шатаар, хөлсийг бүхэлд нь тооцох гэх мэт хэлбэрүүдийг хэрэглэдэг.

Өмгөөлөгч хэргийн материал уншиж судлах, боловсруулж бичгийн хэлбэрт оруулах, гадуур явж хөөцөлдөх ажил, шат, шатны шүүх хуралдаанд оролцох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх зэрэг олон төрлийн ажиллагаанд зарцуулах цаг, хөдөлмөрийг үйлчлүүлэгчтэй тохирдог. Өмгөөлөгчийн хувьд энэ тохиолдолд хэрэг, маргаан хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамаарч тогтоосон хөлсөө авч ашиг хүртэх давуу талтай боловч, үйлчлүүлэгчийн талд шийдэгдсэн үед олон жилийн дадлага, ур чадвар, хөдөлмөр дутуу үнэлэгддэг.

Жишээ нь: А компани ээдрээтэй, маргаантай хэрэгт маргааны гол зүйлийн талаар хуулийн дүгнэлт гаргуулахаар Б, Э өмгөөлөгч нарт хандахад Б өмгөөлөгч 500 мянган төгрөгөөр, Э өмгөөлөгч 3 сая төгрөгөөр тохирч тус тусдаа дүгнэлт гаргажээ. Маргаан үйлчлүүлэгчийн талд шийдэгдсэн байна. Нийт өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг болжээ.

- Хэрэг маргаанд хамааралт буюу өөрөөр хэлбэл, гарсан үр дүнгийн тодорхой хувиар өмгөөллийн хөлсийг тооцоход эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийн үр дүнгийн хувиар, эсвэл бодит үр дүнгээр төлбөр тооцох зэрэг хэлбэрүүдийг хэрэглэдэг.

Жишээ нь: А компани ээдрээтэй, маргаантай /үнийн дүн 1 тэрбум төгрөгийн/ хэрэгт А өмгөөлөгчтэй өмгөөллийн гэрээ байгуулж хөлсийг үр дүнгийн 5 хувиар тохирчээ. Маргаан үйлчлүүлэгчийн талд шийдэгдсэн байна. Нийт өмгөөллийн хөлс 50 сая төгрөг болжээ.

Энэ тохиолдолд эрсдэл өндөртэй байдаг. Учир нь, шүүх хэргийг хэрхэн шийдэх нь өмгөөлөгчөөс хамааралгүй, цаг хугацаа их зарцуулагддаг, хэрэг маргаан эсрэг талд шийдэгдсэн тохиолдолд өмгөөлөгч хөлс авч чадахгүй хохирдог. Хэрэг маргаан үйлчлүүлэгчийн талд амжилттай шийдэгддсэн ч өмгөөллийн хөлс төлөхгүй байх тохиолдол гардаг. Энэ үед төлбөр нэхэмжлэх нь өмгөөлөгчийн нэр хүндэд хохиролтойгоос гадна ёс зүйн хувьд ч зохисгүй байдаг.

- Манай орны онцлогтой холбоотойгоор өмгөөллийн хөлсийг 3 дахь арга буюу бараа бүтээгдэхүүн өгөх буюу ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөх хүсэлтэй бизнес эрхлэгчид их байдаг. Зарим хуульчид энэ аргад шүүмжлэлтэй ханддаг боловч амьдралд, ялангуяа орон нутагт түгээмэл байдаг.

- Мөн өмгөөлөгчийн нэр хүнд, хэрэг маргааны ээдрээ төвөгтэй байдал зэрэг нэмэлт нөхцлүүдийг харгалзан зарим тохиолдолд өмгөөллийн хөлс, урамшууллыг нэмж тооцох нь бий.

- Алдартай хүн, томоохон компанийн хэрэг маргааныг өмгөөлснөөр нэр хүнд өсөх, удаан жил хамтран ажиллах боломжтой болох, дараа дараагийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд жишиг болох, уг хэрэг шийдвэрлэгдсэнээр Дээд шүүхийн тайлбар болохуйц байх, хамаатан садан, найз нөхдийн хүсэлт, гуйлт, хамгийн гол нь нийгэмд буянт үйлс болох зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зарим үед төлбөргүй ч үйлчилгээ үзүүлэх тохиолдол бий.

Үйлчлүүлэгчтэй өмгөөллийн хөлсний талаар маргаангүй байх нь чухал учраас нилээд дэлгэрэнгүй бичлээ.

2/ Өмгөөлөгчид хоорондоо сөргөлдөөнд орох

Өмгөөлөгчид хоорондоо сөргөлдөөнд орох 3 үндсэн шалтгаан байдаг.

1. Эсрэг талын өмгөөлөгчид үнэлэлт, дүгнэлт өгөх

Энэ нь "хяналтын гомдлыг мэргэжлийн бус бичсэн байна”, эсвэл "шүүх хуралдаанд нотлох баримтын талаар буруу дүгнэж хэллээ”, " хэтэрхий залуу өмгөөлөгч” гэх мэтээр эсрэг талын өмгөөлөгчийг олны өмнө буруутгасан, үнэлгээг нь бууруулсан үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Өмгөөлөгч нь өөр бусад өмгөөлөгчийг дүгнэх, үнэлэх нь ёс зүйгүй хэрэг юм.

2. Үйлчлүүлэгчийг нь булаах

Бусдын үйлчлүүлэгчийг өмгөөлөгчийнх нь зөвшөөрлийг авалгүй өөртөө шилжүүлж булааж авах нь өмгөөлөгчид байж болохгүй үйлдэл юм. Тухайн өмгөөлөгч бусдаас мэргэжлийн ур чадвар, мэдлэгээр илүү байлаа ч даруу төлөв байж бусдыг хүндэтгэж харьцах нь чухал.

3. Бүдүүлэг зан авир гаргах явдал нь сөргөлдөөн үүсэх нэг нөхцөл болдог.

Эдгээр шалтгааныг арилгах талаар маш их бичигдэж, судлагдсан тул товч бичлээ.

3/ Хэрэг, маргааныг шийдвэрлэж буй төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагатай сөргөлдөөнд орох

Төр давуу эрхтэй оролцдог захиргааны болон эрүүгийн эрх зүйд үүсэх сөргөлдөөн иргэний эрх зүйгээс онцлог ялгаатай юм. Төрийн тусгай албан хаагчид ба иргэд хоорондын харилцаанд өмгөөлөгч оролцохдоо голдуу төрийн дур зоргыг хязгаарлах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс иргэдэд үйлчлэх зорилготой оролцдог билээ. Өмгөөлөгчид ихэнх тохиолдолд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангах үүднээс зөрчилдөөнөөс зайлсхийх зарчмыг баримталдаг. Гэхдээ энэ нь өмгөөлөгч сөргөлдөөнд хэт сул тал байна гэсэн үг биш юм.

Жишээ нь: Татварын албаны төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үед эхнээс нь татварын байцаагчид давуу байдал олгохгүй байх нь чухал. Үүний тулд шалгалт эхэлмэгц байцаагчийн үнэмлэхийг шалгаж, хувилж авах, хажууд нь өөрийн ажилтныг байнга дагуулж явуулах, ярьсан зүйлийг байнга тэмдэглэж авах, диктофонд бичих, томилолтын үнэн зөв эсэхийг томилсон этгээдээс утасдаж лавлах гэх мэтийн таагүй байдал үүсгэх замаар дарамтыг эхнээс нь багасгах үйлдлүүдийг хийж болох юм.

Хэрэг, маргааныг шийдвэрлэж буй төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагатай сөргөлдөөнд орохгүй байх нь хуулийн дагуу харилцах, өөрийгөө хүндэтгэх, бусдыг хүндлэх, алдаа гаргасан бол алдаагаа хүлээн зөвшөөрөх зэргээс хамаардаг.

Хэрэв эдгээр эрх бүхий этгээдтэй сөргөлдөөн зайлшгүй үүссэн бол үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хангах, эцсийн дүндээ түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байхыг анхаарах шаардлагатай.

Сөргөлдөөнийг даван туулж өмгөөллийн үйл ажиллагаандаа амжилт гаргах нь хуульчдын зорилго юм.

 

Хуульч Т.БАЯРСАЙХАН

Эх сурвалж:

"Хуульч news” сэтгүүл 2015 он, №04

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх