Ерөнхий сайдын зангараг

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг өөрчлөх марафоныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зогсоолоо. Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүний хувьд энэ удаад Ч.Сайханбилэг зангарагтай шийдвэр гаргалаа. Товчхондоо бол, цагдаа, хүчний байгууллагууд сонгуулийн өмнө халаа сэлгээ гэж бужигнахгүй нь гэдэг чухал мэдээ. Эрх мэдэлтэй, эсвэл Их хурлын гишүүнтэй холбоотой асуудал яригдахаар л хууль хүчний байгууллагын удирдлагыг халж солих нь шударга жишиг биш гэдгийг Ерөнхий сайд үгээрээ биш үйлдлээрээ харуулсан нь бас чухал мэдээ байлаа. Үүгээрээ Ерөнхий сайд зангарагтай харагдаж байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой гэх асуудлыг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл идэвхжихтэй зэрэгцээд л ЦЕГ-ын даргыг өөрчлөх тухай яриа хөөрөө гарч эхэлсэн. УИХ-ын дарга З.Энхболдын намынхантайгаа уулзах үеэрээ хэлсэн ярианы бичлэг цацагдаж, араас нь залгаад ЦЕГ-ын даргын асуудлыг шалгах ажлын хэсэг УИХ-аас байгуулсан. Баянгол зочид буудалд цагдаагийнхан шалгалт хийсэн, Х.Баттулга гадаа нь баахан улс цуглуулж бужигнуулсаны маргааш тэрээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт илгээж, "Цагдаагийнхан миний амь насанд халдахыг завдлаа” хэмээн гомдол гаргаад удаагүй байтал Хууль зүйн сайд асуудлыг Засгийн газар руу оруулаад ирсэн билээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг эзгүй байхад буюу баруун аймагт ажиллаж байхад нь ЦЕГ-ын даргыг өөрчлөх асуудлыг оруулж иржээ. Ч.Сайханбилэгийн эзгүйд энэ асуудлыг оруулах нь цаанаасаа нарийн төлөвлөсөн тактик байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Х.Баттулгатай ихээхэн ойрхон байгаа эрх мэдэлтэй хүний захиалга байсан энэ ажиллагааг шахаанд орсон Ц.Оюунбаатар гүйцэлдүүлэх ёстой байсан аж. ЦЕГ-ын даргыг өөрчлөх асуудал Засгийн хуралдаанд орж ирэхэд танхимын гишүүд хоёр хуваагдаж, зарим нь дэмжсэн бол зарим нь Ерөнхий сайдыг эзгүйд шийдэхгүй гэдэг байр сууриа илэрхийлжээ. Ер нь яаж ч бодсон Ерөнхий сайдыг эзгүй байхад огцруулах асуудал яриад шийдээд байх нь танхимын зарчмаар ажилладаг Засгийн газрын гишүүдийн тухайд тун ч эвгүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзсэн нь олонхи болсон учраас хойшилжээ. Харин энэ дөрөвдүгээр сарын 25-нд болсон Засгийн газрын хуралдаанд Хууль зүйн сайд дахин ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлаа оруулжээ. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Хууль зүйн сайд хоёрын хооронд ширүүхэн яриа болж, эцэстээ Д.Дорлигжав гарч явснаар өндөрлөж, цагдаагийн дарга солигдохгүй, хууль сахиулагчид бужихгүй болж байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хэлсэнчлэн дөрвөн сайдаа татаж, Засгийн газрыг огцруулна гэдэг бол дараагийн асуудал. Л.Эрдэнэчимэгийн нэрлэсэн дөрвөн сайдын нэг нь ЦЕГ-ын даргыг огцруулах гэж оруулаад хаалга саваад гарсан Д.Дорлигжав. Тэгэхээр цагдаа хүчний байгууллагуудаа бужигнуулаагүй авч үлдсэнийхээ төлөө Ч.Сайханбилэгт Засгийн газраа огцруулах эрсдэл бас нүүрлэж буйг мартаж болохгүй биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх