Дэлхийд 185 сая, Монголд 100 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Б.ЭНЭРЭЛ

Дэлхий даяар нийт 185 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо бий. Ялангуяа Азийн орнуудад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд нэлээд түгээмэл байдаг. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 2010 оны судалгаагаар 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй гэнэ.

Хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь ар гэрийн амьдрал, нийгмийн асуудалтай шууд холбоотой. Манай улсад сүүлийн жилүүдэд ядуурал нэмэгдэж үүнийг дагаад айл өрхийн амьдрал муудсан нь хөдөлмөр эрхлэх хүүхдийн тоог нэмж байна. Хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхлэх болсон нь тэдэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх, Хүүхдийн эрхийн тухай хууль, энэ төрлийн олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа явдал юм. Тухайлбал, гуйлга гуйх, зах дээр тэрэг түрэх, худалдаа наймаа хийх зэргээр хүнд хөдөлмөр эрхэлсээр байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдийн хөдөлмөрийн асуудалд онцгой анхаарал хандуулан, 2002 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 12-ныг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр" хэмээн онцолж дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон.

Манай улсын хувьд хэдийгээр хүүхдийн хөдөлмөрийг устгах талаар олон жил ярьж буй ч дорвитой ахиц гарахгүй байгаа. Тиймээс Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар Монголд анх удаа "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг угтсан аяныг орон даяар өрнүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг аяны нээлтийг энэ сарын 21-нд Монголын хүүхдийн ордонд хийж, Хөдөлмөрийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газар зэрэг хүүхдийн хөдөлмөртэй хамаатай бүхий л салбарынхан хүүхдийн эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагынхан, хөдөлмөр хийдэг хүүхдүүдийн төлөөлөл оролцсон.

Аяны нээлтийн үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд Монгол Улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгахыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлж буйг дуулгасан. Тэрбээр Хөдөлмөрийн сайдын хувьд тушаал гарган Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд үүнд өвлийн хүйтэнд хурдан морины уралдаанд унаач хүүхдүүдийг оролцуулах нь устгавал зохих тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэмээн оруулсан нь хууль эрх зүйн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг болж чадсан билээ. Энэ тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол болон Хятадыг хариуцсан товчооны дарга Тим де Мейр мөн талархан дурдаж байв.

Аяны нээлтэд оролцсон зочид ийнхүү ярилаа.

С.Чойноров: Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооход иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстой

/ХЭҮСМҮТ-ийн захирал/

-Монгол орны хөгжил дэвшлийн түлхүүр нь хүний, тэр тусмаа хүүхдийн хөгжил. Хүүхдийн хөгжил хамгийн чухал нөлөөтэй. Бид хүүхдүүддээ чанартай мэдлэг боловсрол олгож, амьдрах чадвар дадлыг суулгаж, орчин үеийн техник технологийн дэвшлийг гүйцэж харах оюуны хөгжлийг өгөх хэрэгтэй. Тийм ч учраас хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх нь чухал. Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооход иргэн бүр дуу хоолойгоо хүргэж хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулснаар хүүхдийн хөдөлмөр ялангуяа тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд ёс суртахуун, аюулгүй байдал, амь насанд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс "Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох” энэхүү аянд сургуулийн нийгмийн ажилтан, ажил олгогч, эцэг эх, хүн бүр тусгайлан анхаарах нь зүйтэй. Тухайлбал, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдээр хурдан морь унуулах, уул уурхай, барилгын салбарт хүүхэд ажиллуулахгүй байхыг анхааруулмаар байна.

Б.Жавзанхүү: Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа орхигдоод гурван жил боллоо

/Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал/

-Өсвөр үеийнхний дунд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүн олон. Барилга, уул уурхай, зам, хүнд хортой орчинд ажиллах нь түгээмэл болж байна. Энэ нь жилээс жилд өссөөр байгаа. Үндэсний статистикийн байгууллагаас тогтмол хугацаанд хийдэг байсан ажиллах хүчний судалгаа, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа орхигдоод гурван жил боллоо. Тэгэхээр албан ёсны тоон мэдээлэл хэлэх боломжгүй байна. Сүүлийн 3-4 жилийн дотор нийгмийн байдал нэлээдгүй өөрчлөгдлөө. Ялангуяа өрхийн амьжиргааны түвшин, орлогын байдал эрс буурсантай холбоотойгоор хүүхэд өөрөө орлого олохын тулд хөдөлмөр эрхэлж хичээл сургуулиасаа хөндийрөх тэр дундаа охид биеэ үнэлэх тохиолдол гарах боллоо. Хөдөлмөрийн сайдын баталсан тушаалаар ажлын байрны жагсаалтууд шинэчлэгдсэн. Өмнө нь хориглож байсан ажлын байрны жагсаалтыг шинэчилж нэмсэн байгаа. Хурдан морины уралдаан өвөл хавар болж байгаа тохиолдолд хүүхдийг оролцуулахыг хориглосон нь тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалсан явдал болсон. Монгол Улсын иргэн аюулгүй орчинд өсч хөгжих, боловсрох, хүмүүжих нийгмийн бусад үйлчилгээгээр бүрэн хангагдах ёстой. Энэ үйлчилгээг авч чадахгүй байгаа нь харамсмаар хэрэг. Эцэг эхчүүд гэр бүлийнхэн нь хүүхдээ тоохгүй, амьдрахын эрхээр ажиллаж байгаа хүүхдүүд ч бас байна. Тэгэхээр энэ байдлыг төр анхаарч насанд хүрээгүй хүмүүсийг хөдөлмөрөөс нь хөндийрүүлж сурах орчинд нь ойртуулах боломжийг яаралтай бүрдүүлж өгөх хэрэгтэй.

 

Дэлхийд 185 сая, Монголд 100 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

 

Д.Лхагвасүрэн: Сар бүр цалин авдаг учраас их хэрэг болдог

/59 дүгээр сургуулийн сурагч/

-Би 11 настай Аав, хоёр эгч, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Хичээлийнхээ хажуугаар морь унаж, туслах уяач хийдэг. Сард 300 000 төгрөгийн цалин авдаг. Мөн манай уяач миний хичээлийн хэрэгсэл болон хувцсыг бэлдэж өгдөг. Би хоёр жилийн гэрээтэйгээр ажиллаж байгаа. Морь унахад хүндрэлтэй зүйл байхгүй, өөрөө дуртай болохоор надад гоё байдаг. Мөн сар бүр цалин авдаг учраас их хэрэг болдог. Нэг галдаа зургаан унаач хүүхэдтэй, бид бүгд гэрээгээр ажилладаг.

А.Нарангарав: Мориноосоо унах үе зөндөө байсан ч бэртэж байгаагүй

/Хурдан морь унаач/

Би 12 настай. Хурдны морь унадаг. Долоон настайгаасаа эхлэн унасан. Морь унахад надад гоё байдаг. Манай уяач миний дуртай хүссэн юмыг авч өгдөг. Унадаг дугуй, хувцас, чихэр гэх мэт. Хааяа хүндрэлтэй асуудал гардаг. Том хүүхдүүд дээрэлхээд байдаг. Мориноосоо унах үе зөндөө байсан ч бэртэж байгаагүй.

С.Мандах: Арван настайгаасаа ажил хийж эхэлсэн

/”Наран туул” захад тэрэгчин/

-Би 16 настай. Ээж, өвөө, гурван дүүтэйгээ амьдардаг. Ээж дүү нарыг хардаг учраас ажил хийдэггүй. Би анх 10 настайгаасаа ажил хийж эхэлсэн. Одоо хичээлийнхээ хажуугаар "Нарантуул” зах дээр тэрэг түрдэг. Өглөө хичээлдээ явчихаад өдөр нь зах дээр ажилладаг. Өдөрт 4-5 цаг ажилладаг. Хүйтэн өдөр ажиллах л хүндрэлтэй. Өдөрт 20 000 төгрөгийн орлоготой. Миний олсон мөнгөөр л манайхан хоол хүнсээ залгуулдаг. Ээж ажилд орчихвол би тэрэг түрэхээ больж хичээлдээ анхаарна.

Х.Амарсанаа: Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг

/13 дугаар сургуулийн сурагч/

-Ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань сувилагч. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Гэр бүл, санхүүгийн байдлаас болоод хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олох асуудал зайлшгүй гардаг. Мөн өөрийнхөө амьдралыг авч явах чадварт эхнээсээ суралъя гэсэн бодолтой л ажил хийж байна. Хичээл завсардах хоцрох асуудал гардаггүй.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх