ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭ НЬ ХААЧИВ

ХАРИЛЦАН ШҮТЭЛЦЭЭ НЬ ХААЧИВЗурагзүй, дизайн, технологийн сургалтын өнөөгийн байдал

МУБИС-ийн багш Доктор (Sc.D) профессор Д.МӨНХБАЯР

"Шүтэн барилдахуй”, "Багцран цэгцрэхүй”, "Эвсэн зохирохуй” гэсэн дорнын гүн ухааны сэтгэлгээний нэр томьёо нь ойр хамааралтай хэрнээ ялгамжаатай хоёр зүйлийн тухай ойлголтын нэршил юм. Үзэгдлийн эв зохиц, харилцан хамаарлыг тэнгийн ачаа тэнцүүлэх мэт тааруулж, зөв зохист харилцааг олоход бидэнд тусална. Энэхүү нэр томьёо нь өрнөдийн гүн ухааны сэтгэлгээн дэх "эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль”, "үгүйсгэл үгүйсгэлийн хууль”, "диалектикийн хууль”зэрэгтэй адил ойлголт юм. Адил хэрнээ адил бус хоёр юмны нэгийг үгүйсгэж, нөгөөг нь оршоож ойлгох, эсвэл хооронд нь эрс зааглан тасархайтуулж үзэхийн аль аль нь буруу. Хэрэв ингэж нэгийг нь нөгөөгөөс эрс зааглан салгах юмуу нийлүүлж үзэхэд хүрвэл хоёр хэтэрхийлэл буюу туйлшрал болно. Манай боловсролын салбарт ийм асуудал алхам тутамд тулгарч зөв шийдэл, оновчтой хувилбарт хүрч чадахгүй маргалдсаар бүр сүүлдээ нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нэгтгэж өөр шинэ нэр зүүлгэж эрдэмтдийн олон жилийн суурь судалгааг үл хайхран өөрчлөлт шинэчлэл хийсээр байна.

Жишээ нь:

Боловсрол эрхэм үү, хүмүүжил эрхэм үү, сургалтанд шинжлэх ухааны онол хэрэгтэй юу, хэрэглээ чухал уу, сургалтын үйл ажиллагаанд багшийн үүрэг давамгайлах уу, сурагчийн оролцоо голлох уу, зураг зүйн шинжлэх ухааны суурь онол чухал уу, технологи чухал уу, эсвэл дизайн энэ хоёрыг төлөөлөх үү гэх мэтээр асуудлыг хоёр, гурван тийш нь холбируулан авч үздэгээс болоод багш төвтэй сургалт, шавь төвтэй сургалт, онолын хичээл, дадлага ажил, сургалт-хүмүүжил гэсэн тус тусдаа ойлголт үүсч, тэдгээрийн харилцан хамаарал, зохистой харьцааг олж чадахгүй будилсаар байна.

Судлаач эрдэмтэд, арга зүйчид, багш нар хийгээд сургалтын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулагч багийнхан, хянан батлагч нарын дунд ч мөн ялгаагүй ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа зураг зүй, технологи гэсэн хоёр хичээлийн аль нь голлох (чухал), өмнө нь үзэж байсан "Шугам зураг”, "Зураг зүй” хичээлийг хасах, эсвэл дизайн технологи нэрийн доор нэгтгэж, зурагзүйг судлагдахуун болгон, боловсруулах технологи, техник бүлэгтэй хольж нийлүүлэх нь зөв, буруу алин болохыг шийдэж ядан мэтгэлцсээр "бантан” болгож орхилоо.

Үүнийг нэг мөр шийдвэрлэн сургалтанд зөв бодлого, оновчтой шийдэл олох цаг нэгэнт тулав.

Зураг хөдөлмөр, урлал техникийн багш бэлтгэгдсэн өмнөх үеийн багш нар цөөрсөн хэдий ч тэд дүрслэх урлаг, зураг зүй, технологийн хичээлийг аль ч ангид бүрэн заадаг хөрвөх чадвартай багш нар байсныг одоо үгүйсгэж, дан мэргэжлээр бакалавр бэлтгэж эхэлсэн нь зөв үү, эсвэл бүх багш нараа гурван мэргэжлээр давтан бэлтгэх үү гэдэг асуудал өнөөдөр сургалт, судалгааны аль ч шатанд хариулт шаардаж байна.

Хэзээнээс нааш шугам зураг (зураг зүй) хөдөлмөр (технологи) гэсэн хоёр тусдаа хичээлийг ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд тусган зааж ирсэн, тийнхүү тус бүрт нь бие даалган зааж, үзэж судалж ирсэн нь сургалт хийгээд суралцагчдын аль ч талд хохиролтой болсон нь үгүй.

Зураг зүй, технологи нь өөр өөр судлагдахуунтай, нэг нь шинжлэх ухааны онолд суурилсан нөгөө нь үндэсний урлал, хэрэглээнд суурилсан хоёр өөр арга ухаан. Зураг зүй нь өөрийн гэсэн бүрэн стандарт хэлтэй, геометрт суурилсан байгуулах аргуудтай, зураг дүрслэлийг цаасан дээр буулгах дүрслэлийн (проекцийн) тусгай аргуудтай, үүгээр дамжуулж аливаа эдлэл юмсыг зохион бүтээхэд зориулсан загвар /эскиз/, ажлын зураг зурах үндсэн дүрэмтэйгээс гадна гортиг, шугам хэрэглэн гараар буюу компьютерээр дүрслэн зурах программтай, мэдээллийн технологитой хослон зураг зүйн загварчлалын түвшинд хүртэл хөгжсөн шинжлэх ухаан юм.

Өөрөөр хэлбэл аливаа эд юмсыг проекц дүрслэлийн аргаар судалдаг ухаан, технологи нь үндэсний урлал, дизайн, боловсруулах технологид суурилсан хэрэглээний эд зүйлсийг урлан бүтээх арга ухаан юм. Энэ нь орчин үед технологи гэхээсээ илүү дизайн урлагийн олон төрөлд хуваагдан урлагийн өндөр түвшинд хүрээд байна. Өнөөдөр бидний зааж байгаа технологи хичээл нь орчин, кабинет, хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл дутмаг, сурах бичиг хуулах төдийхнөөр хязгаарлагдсан, хуучирсан технологиор явж байгаа учраас сурагчдын сонирхол хэрэгцээ, хөгжлийг хангаж чадахгүйд хүрсэн байна.

Ямар нэгэн эдлэл юмс хийж бүтээхийн өмнө түүний хэлбэр дүрс, донж төрх, хэмжээ харьцаа, зориулалт зэргийг тооцон бодсон оюун дүгнэлтээ цаасан дээр буулгаж олон хувилбар эскиз хийсний үндсэн дээр хамгийн оновчтой хувилбар сонгон авч дараа нь түүнийгээ удирдлага болгон хийх материал, боловсруулах, технологио сонгон урлан бүтээх ажилдаа ордог. Өөрөөр хэлбэл зохион бүтээх- хэрэглэхгэсэн үйл ажиллагааны зарчимд суурилж энэ хоёр хичээл нэгдмэл байдалд ордог.

Зураг зүй- Технологи хоёрын адил талыг өгүүлбээс аль аль нь эдлэл юмсын эскиз ажлын зурагт суурилж хөгждөг, ялгаа нь проекц дүрслэлийн аргад нөгөө нь боловсруулах технологи буюу урлахуй ухаанд суурилдагт оршино.

Эндээс үзэхэд нэгийг нь үгүйсгэх аргагүй бөгөөд нэг зүйл мэт ойлгож бас болохгүй нэг нь зураг, нөгөө нь биет зүйл болж хэрэглээнд орох нэгдмэл цогц үйл явц болж харилцан шүтэлцэх учиртай. Энэ хоёр хичээл харилцан бие биеэ тэтгэн дэмжиж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэхээс бус нэг нь нөгөөгүйгээр хэзээ ч оршихгүй, зураг гаргалгүй бүтээл хийдэггүй шиг бүтээхээс ангид юм уу хэрэглээгүй зураг гэж байхгүй. Харин технологийн дэвшилд хүргэхэд үндэсний уламжлалт урлагаас гадна дизайны шийдэл онцгой нөлөөтэй болох нь дэлхийн улс орны хөгжлийн жишгээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл технологийн хичээлээр зөвхөн боловсруулах технологид суралцах төдий бус дизайн урлагийн мэдрэмж гоо зүйн боловсрол олгох, суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг хөгжүүлж, амьдрах ухаанд сургаж, ирээдүйг өөрсдөө цогцлоон бүтээх, техник, технологийн хөгжлийн араас дагах бус угтаж сөрөх арга ухаанаар өсвөр үеийг хөгжүүлэх нь багш төдийгүй боловсролын салбар, нийгмийн хүлээх үүрэг.

Иймээс олон улсын жишигт нийцүүлэн өмнө нь суурь бүрэн дунд боловсролын түвшинд бие даан хэрэгжиж байсан цогц стандарттай зураг зүйн хичээлийг суурь болон ахлах ангид заавал судлах хичээл болгон оруулж, харин технологийн хичээлийг "Дизайн технологи” нэртэй болгон агуулга, арга зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл зураг зүй, дизайн, технологийн сургалтын харилцан шүтэлцээг харгалзан үзэж зураг зүйн хичээлийг бие даалган 8-9-р ангид ядаж долоо хоногт нэг цаг заахаар оруулж, Дизайн-технологийн сургалтын агуулга, арга зүйг нэгтгэх боломжтой. Харамсалтай нь эдгээр зураг зүй, технологи хичээлийг нэгтгэх нь танин мэдэхүйн (судлагдахууны) болоод сэтгэлгээний (онолын) ихээхэн эндүүрэл төдийгүй зураг зүйн хичээлийг эрэгтэй эмэгтэй гэж хүйс ялган жижиг бүлгээр зориулалтын бус кабинет орчинд заах шаардлага үгүй тул практикийн хувьд ч алдаатай үзэл юм. Мэдээжээр хоёр өөр ухааны хичээл, хоорондоо маш нарийн шүтэн барилдлагатай, нэг мөртлөө хоёр, хоёр хэрнээ нэг болж багцарч цэгцэрсэн бат барилдлагат зүйлийг нэгтгэх тухай асуудал байж таарахгүй. Хэрэв нэгтгэвэл зураг зүй дизайныг бакалаврын түвшинд бүрэн судлаагүй төгссөн багш нар нөгөө л уламжлалт технологи хичээлээ заасан хэвээр байх болно.

Сургалтын цөм хөтөлбөрт дизайн, технологи нэртэй орсон энэ хичээлийн, зураг зүйн судлагдахуун дээр дизайны үндсийг нэмж оруулаад "Дизайн Зураг зүй” гэсэн бүлэг сэдэв болгон багцалж анги бүрт зөвхөн нэг улиралд багтаан судлахаар төлөвлөгөө боловсруулсан нөхөд яагаад ингэж 20 хувийг нь зураг зүй дизайн эзлэхээр болгож өөрчлөв? Одоо зураг зүй дизайныг суурь боловсролын түвшинд ихэнх багш заахгүй орхиж байна. Учир нь 6,7-р анги сурах бичиг 8,9-р ангийн шинэ сурах бичигт зураг зүйн суурь үндэс огт тусгагдаагүйтэй холбоотой.

Ийм асуудал үүсээд байгаа нь чухамдаа нэг талаас дизайны урлагт огт суралцаагүй зураг зүй, технологи гэсэн хос хичээлийн аль амар хялбарыг нь зааж, хүнд хэцүү хичээл гээд зураг зүйг зааж чадахгүй орхидог багш олширсонтой холбоотой, нөгөө талаас энэ хоёр хичээлийн агуулга, зорилго чиглэл нь нэг зүйл мэт бодогдохоор цөм хөтөлбөр боловсруулсанд хэргийн учир оршиж байна.

Үндэсгүй мод ургахгүйтэй адил зураг зүйн хичээлийг суурь боловсролоос хассан тохиолдолд ахлах ангид техникийн зураг зүй, график дизайн, техник зэрэг хичээлийг заавал сонгон судлах ямарч нөхцөл бүрдэхгүй болно. Харин зураг зүйг 6-9-р анги гэж олон ангид сунжруулж таслан заах хэрэггүй бөгөөд 8,9-р ангид долоо хоногт тус бүр нэг цаг заахаар тооцож агуулга, арга зүйг элементарчилж өгснөөр суралцагчдын проекц дүрслэлийн болон орон зайн мэдрэмж, төсөөлөл хөгжиж, улмаар шинийг сэдэж шийдэх, дүрслэлийн тодорхой аргаар өөрийн бодол санаагаа илэрхийлэх шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, чадвар төлөвших баттай суурь тавигдах болно.

Энэ суурь дээр дөрөөлж дизайны агуулгыг технологийн сургалтанд шингээн, Дизайн технологийн хичээлээр суралцагчдын урлаг, гоо зүйн боловсролын түвшинг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд чиглүүлэн өөртөө болон ахуй амьдралдаа хэрэглээ болохуйц эд юмсыг олж авсан мэдлэг, туршлагын хэмжээнд зохион бүтээх, бүтээлч сургалт болгон шинэчлэх, ийм сургалт явуулах шинэ орчин, шинэ хэрэглэгдэхүүн бий болгох цаг нэгэнт болсон байна. Үүнтэй уялдуулж зураг зүй дизайн технологийн сургалт явуулах багшийг ажлын байранд нь эсвэл нэгдсэн тусгай сургалтаар давтан бэлтгэж хичээл заах бэлтгэлийг урдчилан хангуулах шаардлагатай.

Үүний тулд:

·Зурагзүй, Дизайн, технологи гэсэн бие даасан хичээлүүд болгон өөрчилж, хичээл тус бүрийн нийлэмж, салгамж, зорилго, үүрэг, зориулалт хэрэглээг нь ялган салгаж, харилцан шүтэлцээг нь хангах шаардлагатай байна.

Нэг нь нөгөөгүйгээр үл орших тул харилцан шүтэлцээтэй байж нэг нь нөгөөгийн дутууг гүйцээж дундуурыг дүүргэнэ.

·Зурагзүй, Дизайн, технологи гэсэн тус тусдаа бие даасан хичээл болгон оруулснаар Монгол улсад бүтээн байгуулалт хийх, ирээдүйн боловсон хүчнийг чанартай бэлтгэх суурь тавигдах юм. Харин дизайныг бие даасан хичээл болгон оруулбал суралцагчдын урлаг, гоо зүйн боловсролын түвшин дээшилж өөрийгөө хөгжүүлэх бүтээлч сургалт болох нөхцөл бүрдэнэ. Орчин үед дизайны урлаг олон төрөл чиглэлээр эрчимтэй хөгжиж технологийг араасаа дагуулах болсон байна.

·ЕБС-ийн суурь боловсролын түвшинд дээрх үзэл санааг хэрэгжүүлбэл зураг зүйн сургалт, технологийн сургалт ч ялгаагүй устах тийшээ биш урагшлах тал руугаа явж, ахлах ангид эдгээр хичээлийг заавал сонгон судлах бодит нөхцөл бүрдэх болно. Зам тээвэр, уул уурхай, үйлдвэр, барилга дагасан хөгжил эрчимжиж байгаа өнөө үед өсвөрийн зохион бүтээгч инженерүүдийг ЕБС-ийн ахлах ангиас нь техникийн зураг зүй, дизайн, техник технологийн хэд хэдэн чиглэлээр сонгон гүнзгийрүүлэх сургалтанд хамруулж их дээд сургуульд элсэх бэлтгэл хангах шаардлага бий болсон байна.

Дүгнэж хэлэхэд зураг зүй, дизайн технологийн боловсролыг бакалаврын ба магистрын зэргийн түвшинд цогц байдлаар эзэмшсэн багш нар л нэг нь нөгөөгүйгээр үл орших эдгээр хичээлийг харилцан шүтэлцээнд нь ЕБС-д заах боломжтой юм.
ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх