Нэр дэвших хүндээ тааруулсан тойргийн хуваарилалт

Нэр дэвших хүндээ тааруулсан тойргийн хуваарилалт"Хэнтий аймаг эзэн Чингис хааны төрсөн нутаг учраас гурван мандаттай байж болно” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн пүрэв гариг буюу тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы хуралдааны үеэр ингэж маазрав. Энэхүү маазарсан ярианы цаана юу байсан бэ гэхээр Хэнтий аймагт адил тооны хүн амтай бусад аймгаас ялгаатайгаар илүү нэг мандат яагаад нэмж байгаа юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн бүр аргаа барсан байдалтай "Та нар нэртэйгээр нь Хэнтийд нэмж байгаа энэ тойрогт АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатар нэр дэвших юм” гээд наад хуульдаа оруулаад өгчихөөч хэмээн бухимдлаа илэрхийлнэ билээ. Жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөд тэнцүү буюу 14, 14 гэж хуваарилахаар хоёр нам тохиролцоод байгаа талаар "Улаанбаатарын сонин” өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ тохиролцоогоо МАН, АН хоёр УИХ-ын тогтоол болгон гаргаад ирлээ. Гэхдээ өөрсдийнхөө намын нэр дэвшигчдэд зориулж тойрог гаргацгааж авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Увс аймагт өрсөлдөхөд гайхах юмгүй боллоо. Увсад нэг тойрог нэмж, гурав болгосон бөгөөд тэгэхдээ тойрог байгуулахдаа АН-ыг дэмжих магадлалтай сумдыг нэгтгэж нэг тойрог болгосон гэдэг асуудал чуулганы танхимд хөндөгдлөө. Улайж үзээгүй Н.Алтанхуяг гишүүн "Би энэ хуваарилалтыг хийгээгүй, СЕХ хийсэн” хэмээн өөрийгөө хамгаалж байна. Чингисийн нутаг илүү тойрогтой болох ёстой гээд байгаагийн цаана УИХ дахь АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатараас гадна МАН-ын ашиг сонирхол ч явж байгааг дурдах нь зүйтэй биз ээ. Жагсаалт алга болсоноос болоод МАН-ын залуухан зүтгэлтэн У.Хүрэлсүх гэдэг хүн хаана өрсөлдөх вэ гэдэг тодорхойгүй болчихоод байсан нь Хэнтийн мандатын тоо нэмэгдсэнээр шийдэгдэв бололтой.

Ингэснээр нийтийн эрх ашгийг биш нэг намын нэр дэвшигчдийн ашиг сонирхолд нийцсэн хуваарилалтаар сонгууль явагдах нь. Харин энэ шог хуваарилалтыг сонгогчид хэрхэн хүлээж авах бол.
ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх