Э.Бат-Үүлтэй яриад эмнэлэг сувиллын газар шийдээд өгнө гэдэг Ч.Батсансар гэж хэн бэ?

Ц.ЭРДЭМ

Зайсан дахь "Богд Уул” сувиллын хашаанд Байгаль орчны яам хууль бусаар газрын зөвшөөрөл олгосоноос үүдэлтэйгээр эмнэлэг сувиллын үйл ажиллагаанд, улмаар эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөхүйц сөрөг нөхцөл байдал үүсээд байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгууль болж байгаатай зэрэгцээд төрийн албанд сонгуулийг ашиглан хуулийг гууль болгож байгаа улс олон болж байгаагийн нэг нь Богд уул сувиллын газартай холбоотой асуудал дээр илрэн гарч ирж байна. Чоно борооноор гэдэг шиг төрийн албаны хурган дарга нар сонгуулиар далимдуулан хууль бус юу ч хийж магадгүй байгааг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын үйлдэл харуулж байгааг "Богд Уул” сувиллын эмч ажилтнууд хэлж байна.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг асуудлыг судлаж, хуулийн дагуу шийднэ гэж эмнэлгийн ажилтнуудад хэлсэн байна. Гэтэл Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар ямар байр суурьтай байгааг түүний хэлсэн "Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй яриад танай асуудлыг шийдээд өгч болно” гэдэг үгнээс нь харж болно. Тусгай хамгаалалттай газар нутгийг хотын даргатай яриад шийдээд өгнө гэж яриад сууж байдаг яамны газрын дарга Ч.Батсансар гэж хэн бэ, яагаад ингэж хууль бус юм яриад суугаад байна вэ гээд олон асуулт гарна. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албыг хэдэн сайд дамжаад хашсаныг бодоход том татаастай нэгэн бололтой. Гэхдээ бас өөрөө яаж сугарч үлдэхээ мэддэг нэгэн гэдгийг нь "Тусгай хамгаалалттай газах нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Д.Шижирболд” гэсэн гарын үсэгтэй "Дэжид” ХХК-д явуулсан бичигнээс харж болно. Тэр бичигт "Танай ашиглаж байгаа газар бусад иргэн аж ахуйн нэгж байгууллагын ашиглалтын газартай маргаанай, шүүхийн шатанд явж байгаа тул маргаантай асуудал шийдэгдтэл дараах солбицлын дагуу орц, гарцын асуудлыг шийдвэрлэж байна уу” гэжээ. Шүүхийн маргаантай гэчихээд тэгээд араас нь орц гарцаа ингэж ашигла гэж өмнөх эхлэл нь төгсгөлөө үгүйсгэсэн ийм бичгийг үүрэг гүйцэтгэгчийн нэрээр явуулчихаад одоо болохоор үүнийгээ бариад өөрөө давхиад очиж байгааг харахаар Ч.Батсансар гэдэг хүнийг хэн бэ гэдгийг аяндаа тодорхойлох буй за. Могойг өөрөө очиж барихгүй ахлах мэргэжилтэн Д.Шижирболд гэдэг хүнээр бариулчихаж лав чадаж. Гэхдээ бас Ч.Батсансараар хэн могой бариулаад байна вэ гэдэг асуулт ч зүй ёсоор гарч таарна даа.

Сувиллын хашаанд газар олгосон нь хууль бус байна гэдгийг анхан шатнаас эхлээд Улсын дээд шүүх хүртэл бүх шатны шүүхээс гаргасан байтал шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй явж иржээ. Тэгчихээд өнгөрсөн хавар мэргэжилтэн Д.Шижирболдын нэрээр өгсөн бичигний араас УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос компаниудын асуудлыг шийд гээд байгаа тул компаниудад орц гарц гаргаж өгүүлнэ хэмээн эмнэлэг сувиллын хашаа руу хүч түрэн орох ажлыг хийх боломжийг гаргаж өгч байна гэж эмч ажилтнууд онцолж байна. Эмч, сувиллын ажилтнуудын хэлж байгаагаар бол БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар гэдэг хүн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн байдалтайгаар асуудалд хандаж ирсэн бөгөөд "Та нар яагаад газрын зөвшөөрлөө сунгуулаагүй юм” хэмээн буруутгаж, өнгөрсөн долоо хоногт мэргэжилтэн Шижирболдтой хамт очиж, "Компаниудад орж гарах орц гарч нээж өгнө” гэсэн байна. Тэдний орц гарц нээх гээд байгаа тэр хэсэг нь эмнэлэг сувиллын цэвэр бохир усны шугам хоолой худаг байгаа бөгөөд шууд газар ухаад эхлэх нь инженерийн байгууламжийг эвдэх аюул дагуулж байгаа аж. Эмнэлэг сувиллын инженерийн байгууламжийг сүйтгээд хаячихвал сүүлд нь хариуцлагыг нь ухсан улс нь хүлээх үү, хууль бусаар газар олгосон яам, сайд хүлээх үү, эсвэл компаниудад орц гарц нээж өгнө гэж давхисан Ч.Батсансар хүлээх үү гээд олон асуудал гарч ирж байгаа юм. Богд уул сувиллын эмч, ажилтнууд эөхцөл байдал ийм байгааг нэрийг нь барьж давхиж ирээд байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданд уулзаж хэлж танилцуулах гэхээр туслах нь "Манай дарга завгүй, надад ч олдохгүй байна” гэсэн хариулт өгөөд л сууж байна.

Сувиллын хашаанд Байгаль орчны сайд нар хэд хэдэн компани иргэнд олгосон байдаг бөгөөд "Милстар трэйвэл ХХК”, "Дэжид” ХХК, "Дун өргөө”, "Хар дун” гэх мэтчилэн компаниуд байгаа. Төрийн яам, төрийн албан хаагч гэдэг бол аливаа асуудлыг хуулийн хүрээнд л шийдэх ёстой. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд бүр тодруулбал, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар тэргүүлэн зөвхөн компаниудын эрх ашгийг хамгаалж, сувиллын хашаанд газар олгосон нь хууль бус байна гэдгийг анхан шатнаас эхлээд Улсын дээд шүүх хүртэл бүх шатны шүүхээс гаргасан байтал шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Төрийн албан хаагчид "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нарт Төрийн албан хаагчийн энэ тангараг хамаагүй гэж үү?. Төрийн албанд төрийн хуулийг хэрэгжүүлдэг хүн л ажиллах ёстойгоос хэн нэгний гараар могой бариулдаг эсвэл, хэн нэгний захиалгаар могой барьж авдаг нөхөд ажиллаж таарахгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс эхлээд Засгийн газар, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг гээд холбогдох эрх мэдэлтэн албан тушаалтнууд Ч.Батсансар өргөсөн тангаргаасаа өөрийг хийдэг нөхдийн үйлдлийг хянахгүй бол сонгууль дуусахад юу ч хийчихсэн байж мэдэх юм шүү!

ЭХ  СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх