Хотын дарга хуулийн төсөл боловсруулжээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд анх батлагдсан. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төслийг илүү чамбайруулж, иргэдийн санал хүсэлтийг тусган, амьдралд хэрэгжих сайн хууль болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. 

Уг хууль хэрэгжсэнээр Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төсөлд тусгаснаар юуны өмнө нийслэлийн удирдлагын хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож байна. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд дүүргүүдийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практик өөрчлөгдөх боломж бүрдэх юм байна.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх