Фото сурвалжлага: “Бөмбөгөр ногоон”-ы түүхийг тодруулсан бүтээлүүд уншигчдад хүрлээ

Т.САЙХАН

"Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр ном өнөөдрөөс  /05.22/  эхлэн уншигчдын гарт очиж байна.  Номын нээлт Монголын театрын   музейд боллоо.   Мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүхийг хүүрнэх,  алтан үеийн уран бүтээлч нөхдийнтухай ярих хүн хуруу дарам цөөн байдаг.   Тэдний нэг нь найруулагч Б.Мушгиа юм. Түүний амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн "Бөмбөгөр ногооны Мушгиа" номыг "Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Отгонбаяр эмхэтгэжээ.  Нээлтийн үеэр найруулагч Б.Мушгиа "Ном гэдэг хүний мөр, түүх юм. Энэ номыг бүтээж өгсөн уран бүтээлчиддээ баярлалаа. Мөн ном бүтээх шалгаан болж буй театрын урлагтаа талархаж сууна” гэж байв.  Б.Мушгиа найруулагч бол Монголын театрын урлагийн эгэл атлаа нэгэн содон өнгө төрх нь байв. Түүний ээдрээтэй, элдэвтэй амьдралыг сэтгүүлчийн зүгээс олон харан бүтээл болгон уншигчдад хүргэсэн нь цаг үеэ олсон үйл явдал байлаа.   Дараагийн бүтээл болох "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн гаргасан юм. Мөн Л.Номингэрэл, Т.Чимгээ зэрэг таван эмэгтэй хамтран ажиллаж, энэ номыг уншигчийн гарт хүргээд буй юм.    1931 онд байгуулагдсан Бөмбөгөр ногоон театраас манай алтан үеийнхэн төрөн гарсан байдаг.  Тэнд ажиллаж, Монголын урлагийн түүхийг босгосон уран бүтээлчдийг тухай номд өгүүлжээ.   Сэтгүүлч Н.Сарангэрэл  "Манай номын гол шигтгээ нь С.Туяагийн бичсэн театрын түүх юм.   Бөмбөгөр ногооны түүхийг өмнө нь ийм өнцгөөс гаргаж ирсэн судлаач уран бүтээлч бараг байсангүй.  Тэгэхээр тэр өнцөг нь юу байв гэдгийг манай бүтээлээс уншиж болно.  Тухайлбал тус театрт  ард нийтийг хамарсан хурал цуглаан болдог байж. Тэр байтугай шүүх хурал болж байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн байна.  Тэгэхээр жүжиг тоглохын зэрэг өөр ямар үйл явдлуудын гэрч болж байв гэдгийг бидний бүтээл уншаарай” гэж байв.   Ийнхүү хоёр бүтээлийн нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцож
залуу нас, их урлагийн түүхээс хуучлан театрын урлагийнхан хоёр шинэ бүтээлээ өлгийдөн авав.

 

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх