ДАРААГИЙН САЙД ХЭН БЭ?



 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ыг зорьсон. Явахаасаа өмнө танхимынхаа нэг гишүүнийг огцруулж хариуцлага тооцохоор болсон тухай УИХ-ын даргад дуулгаж тогтоолын төсөл өргөн барьсан. Түүний өргөн барьсан энэ саналыг өчигдөр орой МАН-ын бүлэг хэлэлцээд өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд оруулсан бөгөөд хуралдаанд оролцсон 42 гишүүний 27 нь буюу 64,3 хувь нь дэмжсэнээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцрууллаа.

Нэгэнт асуудал шийдэгдсэн болохоор Ж.Батсуурь сайд өнөөдөртөө багтаад ажлаа өгч, түүний оронд Засгийн газрын танхимын аль нэг гишүүн түр орлож салбарынх нь асуудлыг хариуцах зохицуулалттай.

Гэхдээ түр орлонтой удаахгүй байлгүй дээ. Орных нь хүнийг ч хэдийнэ товлочихоо биз. Чухам хэнийг вэ гэдгийг Ерөнхий сайд Оросоос ирсэн хойно тодорхой болно хэмээж буй ч олны дунд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж, сайд "болгочихоод” байгаа юм.

Тэдний дунд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди гэсэн нэрс түлхүү дуулдаж байна. Ц.Цогзолмаа гишүүний хувьд МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлдэг гэдэг утгаараа сул гишүүн байх нь чамлалттай санагдаж байж болох ч "давхар дээлтэй” гэдэг ганц шалтгаанаар дэмжлэг авахгүй байх магадлалтай.

Харин экс гишүүн, Элчин сайд асан Т.Гандиг намынхан нь дэмжих магадлал өндөр байж болох юм. Өмнө нь парламентад хэдэнтээ суугаад авсан төдийгүй хоёр ч яам толгойлж үзсэн туршлага, чадвар аль аль нь түүнд бий. Тэгээд Элчин сайдын ажлаа хэл амгүйхэн өгч ирээд шинэ Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сэнтийд санаархаад амжсан ч МАК-ийн мөнгөний өмнө хүч мөхөстөж зөвлөх гэсэн жижигхэн сэтэртэй л үлдсэн. Намын даргатай нягт хамтарч ажиллаж буйнхаа хэргийг энэ удаа гаргаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын суудалд заларчих ч юм бил үү, хэн мэдлээ.

Дээрх хоёр хатагтайтай хамт БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг нэр ч мөн сайдын албан тушаал дээр яригдаж магадгүй гэсэн хардлага хэвлэлийнхний дунд байгаа ч дэмжлэг авахгүй л болов уу. Учир нь өнөөдөр үг хэлж санал бодлоо хэлсэн гишүүдийн дийлэнх нь Ж.Батсуурийг зайлуулсан гол хүн Б.Баярсайхан хэмээн ил шулуухан биш ч илэрхийлээд авна билээ.

Ил тод яригдаж байгаа нэрс ийм байна. Чухам хэн бэ гэдгийг Ерөнхий сайд Оросоос ирсэн хойно л тодорхой болох юм.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх